ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Гантулга: Сургууль, цэцэрлэгийн зууханд шүүлтүүр суурилуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-18

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэр гаргасан. Харин нийслэл хотын хэмжээнд түүхий нүүрс түлж халаалтаа хангадаг төрийн болон хувийн олон байгууллага бий. Тэдгээр байгууллагууд хэрхэн халаалтаа шийдэх талаар НИТХ-ын төлөөлөгч,  Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гантулгаас тодрууллаа. 

-Түүхий нүүрсийг Улаан­баатар хотод нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан шүү дээ. Харин зуухаар халдаг сургууль, цэцэрлэг гэх мэт байгууллагууд өвлийн цагт дулаанаар хэрхэн хангах вэ?

-Түүхий нүүрсний хэрэглээг агаарын чанарыг сайжруулах зургаан дүүргийн бүсэд өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хориглосон. Үүнтэй холбоотойгоор  багагүй ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд БОАЖЯ-ны сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамж гарсан бай­даг. Журманд зуухтай хол­боо­той асуудал орсон байгаа. Эдгээр зургаан дүүрэгт 2700 гаруй бага дунд том, оврын зуухнууд үйл ажиллагаа явуулж байна. Зориулалт нь ерөөсөө  л төрийн байгууллагын халаалт дулааныг шийдэх, хувийн хэвшлийн аж,  ахуй нэгжийн үйлд­вэр, үйлчилгээний барил­­га, байгууламжийг ха­лаах үүрэгтэй. Мөн хувийн хэрэг­цээнд 5-40 квт амины орон сууц гэх мэтчилэн обьектыг халаадаг зуухнууд бий. Тэд бүгд Багануур, Налайх, Шивээ-Овоогийн түүхий нүүрсээр ажилладаг горимтой.  Мэдээж 62 дугаар тогтоолын хэрэгжилт, нийс­лэлийн иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс энэ асуудалд  зохицуулалт хийх шаардлага гарсан. Ингэхдээ 100 хүртэлх квт-ын бага, дунд оврын зууханд сайжруулсан түлш түлнэ. 100-700, 1.4 мвт хүртэлх зууханд түүхий нүүрс түлж болно. Харин түлэхдээ тусгай зөвшөөрөл авч, бүртгүүлсэн байх ёстой юм. Мөн  яндангаас гарч буй хар утаа болон агаарт гарч буй дэгдэмхий бодисуудад хяналт хийж байж, шүүлтүүр суурилуулах ажлыг зохион байгуулж байна. 

-Утаа гаргаж буй олон эх үүсвэр байгаа шүү дээ?

-Утаа гаргаж байгаа эх үүсвэр бүрт ажиллаж байгаа. Зөвхөн гэр, байшин халаадаг зууханд анхаарлаа хандуулвал  тодорхой үр дүнд хүрэхэд хол. Нийтийн тээвэрт ч хүрч ажиллана. Энэ хүрээнд зургаан дүүргийн 2700 гаруй зуухыг хүчин чадлаар нь ангилаад шүүлтүүр суурилуу­лаад эхэлсэн. Тэрнээс бол шууд үйл ажиллагаа явуулж байгаа зуухнуудыг богино хуга­цаанд зогсоох боломж байх­гүй,  түлш болон түүхий нүүрсээр ажил­лах нөхцлүүдийг зааж өгсөн. 

-Шүүлтүүр суурилуулах ажил  яг хэдэн хувьтай байгаа вэ?

-Одоогоор 60 хувьтай явж байна. Нийт 290 зуухны 160-д нь суурилуулсан. Энэ есдүгээр сардаа багтаад үлдсэн 130-ийг нь суурилахаар ажиллаж байгаа. Өнгөрсөн хавраас хойш 2700 гаруй зуухны бүртгэлийг дахиж хийлээ. Тусгай зөвшөөрлийн асуудлыг дахиж ярихаас гадна, бүртгэлд ороогүй, хамрагдаагүй байсан  зуухнуудад  байгаль орчны үнэлгээ хийсэн. 

-Тусгай зөвшөөрлийг хэрхэн авах вэ?

-Тусгай зөвшөөрөл авах нь нээлттэй. Тусгай зөвшөөрөл авахад байгаль орчны үнэлгээтэй байх, гарч буй утааны хэмжээ байх ёстой. Үүнийг үндэслээд 2019 ондоо 100-аас дээш квт 290 зууханд утаа шүүх шүүлтүүр суурилуулж ажиллана. Дараа жил ч үргэлжилнэ. Бид Улаанбаатар хотын агаарт хар утаа гаргаж буй яндангуудад технологийн шинэчлэл хийж ажиллах шаардлагатай гэж үзсэн. Энэ нь, шүүлтүүрээ суурилуулах, эсвэл цахилгаан эрчим хүч, хийгээр халдаг технологийн шинэчлэлийг хийж ажиллана гэсэн үг.  

-Технологийн тухай мэдээ­лэл өгөөч?

-Үндэсний хорооны хэм­жээнд энэ жил 20 сургууль, цэцэр­лэгт техно­логийн шинэч­­лэлийн хүрээнд дөрвөн цэцэр­лэгийг  хийн халаал­тад шил­жүүлсэн, 16 цэцэрлэгт нүүрсээр халдаг байсан бойлурыг цахилгаанаар халдаг вакум технологийг ашиглаж, усаа халаах технологийг нэвтрүүлэх юм. Жишээлбэл, 122 дугаар цэцэрлэгт гүний дулааныг туршиж үзлээ. Нэг ёсондоо, хуучны түүхий нүүрсний хэрэглээг багасгаж, шинэ технологийг турших  ажлууд хийгдээд  явна гэж ойлгох хэрэгтэй. Нэг талаас энэ нь эрчим хүч, үйлдвэрлэлийн шинэчлэлийг хийж байгаа юм. 

-Зөвшөөрөл  авсан бай­гуул­лагуудаас гарч буй утаа агаарын бохирдолд хэр их нөлөөлж байгааг судалсан уу?

-Түүхий нүүрсийг шатааснаар  түүнээс гарч буй дэгдэмхий бодисууд,  нүдэнд харагдахуйц хар утаа гаргадаг  байсан. Харин шүүлтүүр тавьснаар хар утаа гаргахаа больсон. Хуурай, усан, хуурай нойтон  хосолсон  гэсэн гурван төрлийн технологийн шүүтүүрийг суурилуулж бай­на. Монголд хамгийн сайн ажиллаж, агаарт гарч буй утааг шүүж буй энэ технологийг цаашид түлхүү нэвтрүүлэхийг зорьсон.

-Үнэхээр үр дүн гарч байгаа юу. Туршиж үзсэн үү?

-Үр дүн гарч байгаа. Туршилтууд хийгдэж, багсарсан хар утаа гардаг байсан бол яндангаас цагаан уур гарч байсан. Утаанд байгаа хорт бодисын бүтэц нь шүүлтүүр дотор шүүгдэж унаад, доошоо савандаа орж байна. Бид энэ шүүлтүүрээс 70-аас доошгүй хувийн үр дүн хүлээж байгаа. Тооцоо судалгаа нь ч гарчихсан, үүнийгээ барьж ажиллана. 

-Нэмж асуухад, сайж­руул­сан түлш авах “Сайн” карт яг хэзээ гарах вэ. Өнгөрсөн долоо хоногт гарна гэж мэдээлж байна. Иргэд ч хүлээлттэй байгаа?

-Сайжруулсан түлш үйлд­вэр­лэх,  нөөцлөх түгээх,  агуу­лах саравч барьж байгуулах 540 цэгийг ажиллуулж эхлэх, ажил ид өрнөж байгаа. Үндсэндээ 50 гаруй хувьтай байна. Бидний хувьд  хугацаа алдсан тал бий. Үүнд НЗДТГ, Тавантолгой түлш, Үндэсний хороо,  дүүргүүд гэх мэтчилэн бүтэц ажилладаг. Эдгээр олон байгууллагын уялдаа холбоог сайжруулах,   үндсэн чиглэл өгөх үүрэг манай Үндэсний хороонд бий. “Сайн” түлшний картны түгээлтийн ажил  эхэлсэн. Мэдээж үүнийг  НЗДТГ, дүүрэг, хороодоор дамжуулж тараах нь хамгийн зөв хувилбар. Хороондоо  иргэн бүр очиж бүртгүүлдэг, төрийн үйлчилгээ авах гэж хороо дүүрэгтээ очдог. Энэ бүтцээрээ 220 мянган айл өрх рүү картыг олгож ажиллах чиглэл өгсөн. 

-Тэгэхээр картууд тухайн дүүрэг,  хороондоо очсон гэсэн үг үү?

-Ажлын хэсэг гарч илүү эр­чимжүүлэхээр ажиллаж байна.