ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Оргилсайхан: төсөвлөсөн зам засварын ажил 100 хувь дууссан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-25

Нийслэлийн хэмжээнд энэ жил замын ажил нэлээдгүй хийгдлээ. Өнөөдрийн байдлаар нийт замын гүйцэтгэл ямар байгаа талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оргилсайханаас тодрууллаа.

-Өнөө жил нийслэлийн хэмжээнд баригдаж буй автозамын бүтээн байгуу­лалтын ажлын талаар мэдээлэл өгөөч?
-2019 онд БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалт, томоохон төслүүд хэрэгжиж байгаагаараа маш онцлогтой жил болж байгаа. Иргэд ч мэдээлэл ихтэй байгаа болов уу. Налайхын 20.9 км, Замын цагдаагийн газрын урд талын гүүрэн гарц, Баянзүрх, Сонсголонгийн гүүр, Яармагийн төсөл, Хайлааст Дарь-Эх чиглэлийн 1.4 км автозам, 57 метр урт гүүр гэх мэт бүтээн байгуулалт өрнөсөн. Энэ жил төсөвлөгдсөн зам засварын ажил 100 хувь дууссан. Зарим зам, гүүрэнд наймдугаар сард орсон усархаг борооны улмаас асуудал үүссэн учраас Засаг даргын захирамж дахин гарлаа. Тус захирамжийн дагуу зам засварын ажил хийгдээд явж байгаа. Томоохон бүтээн байгуулалтаас гадна хотын гол болон туслах гудамж, замуудад тэмдэг тэмдэглэгээ, нөхөөсийн ажил төлөв­лөгөө­ний дагуу  хийгдэж байна. 

-Замын цагдаагийн гүүрэн гарцыг өнгөрсөн долоо хо­ногт  нээлээ. Олон нийт бо­лоо­гүй байхад нь нээсэн гэж шүүмжилж байгаа шүү дээ?
-Нийслэл хотын түгжрэл их байгаа учир удирдлагуудаас өгсөн үүргийн дагуу эхний ээлжинд зорчих хэсгийн хөдөлгөөний нээсэн. Ингэхдээ  үндсэн гүүрний хөдөлгөөнийг нээлээ. Ашиглалтад орсон ч гэсэн зам барилгын ажил  үргэлжлээд явж байна. Ихэнхи ажлаа аравдугаар сардаа багтаах бөгөөд он дамнаж үлдсэн ажлаа хийх төлөвлөгөөтэй байгаа юм. 

-Сонсголонгийн шинэ гүүрийг дуусгаж ашиглалтад орууллаа. Тухайн замын ачаалал хэр буурсан бол?
-Сонсголонгийн гүүрийг бүрэн ашиглалтад оруулсан. Шинэ гүүрээ барьж дуусаад,  хуучин гүүрний засвар ажлыг өнгөрсөн долоо хоногт дуусгасан. Төмөр, бетон хос гүүрнүүд хоёулаа ашиглалтад  орсноор босоо тэнхлэгийн баруун хэсгийн ачаалал тэр хэсэгтээ 30 хувиар буурсан. Энэ ажлыг  хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. 

-Хайлааст Дарь-Эхийн зам хэзээ ашиглалтад орох вэ. Бага зэрэг удааширсан шүү дээ?
-2017 оноос тус чиглэлийн зам барилгын ажил хийгдэж эхэлсэн. Удааширсан гэсэн шүүмжлэлд өртөж байгаа. Учир нь 108 нэгж, талбарт газар чөлөөлөлт хийгдсэн автозам байгаа юм. Эдгээр нэгж, талбараас зөвшөөрөлтэй 98, зөвшөөрөлгүй 10 айлын газар чөлөөлөлтийг 100 хувь хийж дууслаа. Хамгийн сүүлийн айл гэхэд энэ оны наймдугаар сард газраа чөлөөлсөн байх жишээтэй. Зам барилгын ажилд зөвхөн зам тээврийн газар, төлөвлөж буй газраас гадна иргэдийн оролцоо маш чухал. Өөрөөр хэлбэл, зарим иргэд өөрсдийн эрх ашгийн төлөө бус нийтийн эрх ашгийн төлөөх шийдвэрийг ухамсарлаж хүлээж аваасай. 

-Одоогоор  хэчнээн хувийн гүйцэтгэлтэй байгаа вэ. Ашиглалтад ороход бараг бэлэн болсон байх?
-Гүйцэтгэл 96 хувьтай,  нээхэд бэлэн болчихсон. Тун удахгүй нээгдэнэ. Үүнд бас нэг асуудал бий. Тухайн бүсийн айлуудын  газар маш их намагтай. Энэ жил хур бороо их орсны улмаас хашаанд ус тогтох, хөрс зөөлөрч байгааг зам тавьж байгаатай холбосон. Ямар ч байсан тухайн айлуудыг хохиролгүй болгож, юунаас болж тухайн нөхцөл байдал үүсээд  буйг тодруулж байгаад замаа нээнэ.

-Замыг барьсан орчин нь намагтай гэлээ. Замын насжилт, чанарт нөлөөлөх нь хэр бол?
-Зам Геодизын зураглал, стандарт, зураг төсвийнхөө дагуу технологийг алдаг­дуу­лах­гүй байх хяналтыг Нийслэлийн автозамын газрын инженерүүд хянаж байна. Тэгэхээр зураг төсөв, стандартаасаа гажихгүй. Дээрээс нь ус зайлуулах шугам, хоолой хийгдсэн шүү дээ.

-Сэлбэ дэд төвийг барих хүрээнд хэд хэдэн замыг сэтлэх ажил хийгдэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Долоон буудал орчмын замыг сэтэлсэн. Ирэх амралтын өдрүүдэд Хайлаастын замыг сэтэлнэ гэсэн шүү дээ?
-Энэ мэдээллийг тухайн шийдвэр бүрэн эцэслэж гарсны дараа Автозамын хөгжлийн газрын вебсайт, пэйж хуудсаар Иргэдэд сонсгох хуулийн дагуу гурав хоногийн өмнө өгнө. 

-Дээр дурдсан замуудад санхүүжилтийн хувьд ямар нэгэн хүндрэл бий юу?
-Нийслэл хот өдрөөс өдөрт өргөжиж, төвлөрөлт их болсон. Дээрээс нь замын бүтээн байгуулалтын ажилд маш их шугам, сүлжээ усны хоолойг татаж байна. Мөн газар чөлөөлөлтийн асуудал хүнд байдаг.  Газар чөлөөлөлт хийгдэж байж зам барихаас өөр аргагүй шүү дээ. Нөгөө талаас хувь хүний өмчлөөд авчихсан  газрыг улс тодорхой хэмжээнд үнэлж байж газар чөлөөлөлт хийгдэнэ. Ийм учраас төсөв хөрөнгө ихээхэн шаардагдаж байж бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгааг иргэд  ойлгох хэрэгтэй. Замыг нь тухайн мөнгөн дүнд хувааж, төсвийг  гаргаад  байдаг. Энэ бол ташаа ойлголт. Жишээлбэл, Налайхын 20.9 км зам зургаан сая ам.доллар хүртэлх хөрөнгө оруулалттай хийгдэж буй ажил.  Гэхдээ үүнд 40 ширхэг ус зайлуулах хоолой,  дөрвөн нүхэн гарц, нэг “Хөлийн гол”-ын гүүр, явган хүний зам, дугуйн зам, бүтэн гэрэлтүүлэг, аюулгүй байдлыг  хангасан тусгаарлах зурвастай цогцоор нь барьж байгаа. Ямар ч байсан аравдугаар сардаа багтааж зорчих хэсгийн хөдөлгөөний нээнэ. Технологийн горимыг  алдагдуулахгүйн тулд ирэх жил дулааны улирал эхлэнгүүт үргэлжлүүлэн тоноглолын ажлыг хийх юм.