Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа талаар НМХГ-аас шалгажээ. Энэ талаар тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
-НМХГ-аас “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлдэг хэчнээн сургуульд хяналт, шалгалт хийсэн бэ?
-Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 125, хувийн хэвшлийн 111 сургуулийн 1-5 дугаар ангид 160 орчим мянган хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байна. 2020 оны есдүгээр сарын 1-нээс энэ хөтөлбөр “Үдийн хоол” хэлбэрээр хэрэгжинэ. Үүнтэй холбоотой сургуулиуд хэрхэн бэлдэж байгааг хянаж шалгалаа. Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулахад мэргэжлийн хяналтын байгууллагаас стандартын шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргаж, үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Гэтэл 28 сургууль дүгнэлт гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн.
-Цайны газаргүй хэчнээн сургууль байсан бэ?
-2018-2019 оны хичээлийн жилд хэд, хэдэн зөрчил илэрсэн. Нийслэл дэх төрийн өмчийн 125 сургуулийн 61 нь зориулалтын, 59 нь зориулалтын бус, тав нь огт цайны газаргүй сургуулиуд байлаа. Төрийн бус өмчийн 111 сургуулиас 42 нь зориулалтын, 62 нь зориулалтын бус, долоо нь огт цайны газаргүй үйл ажиллагаа эрхэлж байсан. Тухайлбал Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн цайны газрын үйл ажиллагааг түр зогсоосон.
-Нийслэлийн Боловсролын газраас сургуулиудын захирлын оролцоог хангаж, хамтарсан гурван газраас тендерээ шалгаруулдаг болсон. Цайны газрууд шаардлага хангахгүй байгаа нь захирал, удирдлагуудтай нь холбоотой шүү дээ. Тэдэнд ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-“Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад дотоод хяналтыг тавьж ажиллаагүй 84 дүгээр сургуулийн захирал С.Март болон 107 дугаар сургуулийн захирал Ш.Цэрэннадмид нарт захиргааны арга хэмжээ авах тухай саналыг нийслэлийн Боловсролын газарт хүргүүлсэн. Учир нь иргэдээс ирсэн мэдээллийн дагуу 84 дүгээр сургуульд хяналт шалгалтыг хийхэд зориулалтын бус саванд тараг хадгалж, савлан хүүхдүүдэд өгч байсан зөрчил илэрсэн юм. Тиймээс тухайн сургуулийн захирал өдөр тутмын хяналтыг аваагүй гэдэг үүднээс арга хэмжээ авах саналыг хүргүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн 107 дугаар сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой хоолны хордлого гарсан. Үүнтэй холбоотойгоор бас тухайн сургуулийн удирдлага хяналт тавьж ажиллаагүй байсан. Мөн “Ирээдүй нэгдүгээр ахлах, дунд сургууль”, “Ирээдүй хоёрдугаар дунд, нэгдүгээр дунд сургууль”, “Нэгдүгээр сургууль”, 107, 84 дүгээр сургууль зэрэг долоон сургуулийн “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах саналыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хүргүүлсэн.
-Хяналт шалгалтаар хоолны илчлэг тодорхойлох шинжилгээ авч, холбогдох лабораторид шинжилгээнд хамруулан, дүгнэлт гаргасан гэсэн шүү дээ. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Тухайн шинжилгээгээр бид хоолны илчлэгийг нь үзэхээс гадна аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг үзсэн. Насны онцлогоос хамаарч 6-9 настай хүүхэд ”Үдийн цай” хөтөлбөрөөр 340 ккал илчлэг, тэжээл авах ёстой байдаг. Энэ удаагийн 55 шинжилгээгээр “Үдийн цай” хөтөлбөр илчлэг нормдоо хүрээгүй гэсэн асуудал гараагүй.
-Засгийн газрын 496 дугаар тогтоол гарснаас хойш хүүхдийн байгууллагад хуванцар сав ашиглуулахгүй байх шийдвэр гарсан. Үүнд хяналт шалгалт хийж байгаа юу?
-Эхний нэг жил заавар зөвлөмжөө өгч, сургууль, цэцэрлэгийн хуванцар савны хэрэглээг багасгасан. Гэтэл сая хийсэн шалгалтаар Сүхбаатар дүүргийн хоёр, гурав, 16, дөрөвдүгээр сургуулиудад улсын төсвөөр цайны газрыг засварлаж, тоног төхөөрөмж болон аяга тавгаар хангасан байсан. Энэ хуванцар аяга таваг нь хүнсний зориулалтын тэмдэг тэмдэглэгээгүй 340 гаруй аяга таваг дөрвөн сургуульд хэрэглэж байсан. Нэгэнт Засгийн газрын тогтоол гарсан учраас нийлүүлэгч байгууллага, хөрөнгө оруулагч байгууллагуудад албан бичиг хүргүүлсэн. Ер нь хүүхдийн байгууллага никел аяга, таваг хэрэглэх шаардлагатай. Ирэх 2020 оноос Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэхээр сургуулиас сурагчдын аяга, тавгийг хангадаг болно.