ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Дашхүү: Зээл хүсэгчид татвар, нийгмийн даатгалын өрнөөс болж алддаг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-30

ЖДҮ-ийг дэмжих сангийн журамд зарим өөрчлөлт орсон аж. Энэ талаар болон бусад асуудлаар тус сангийн дэд захирал Д.Дашхүүгээс тодрууллаа. 

-Энэ жил хэчнээн төгрөг ЖДҮ-ийн дэмжих санд хуваарилсан бэ. Багц болгож хуваарилсан байсан?

-Энэ жил 47 тэрбум төгрөг улсын төсөвт хуваарилагдсан. Үүнд жижиг зээлийн багц буюу 20-100 саяын гурван тэрбум, 100-300 саяын 10 тэрбум, 21 аймагт 20.5 тэрбум,  банкнаас  100-300 саяын 10  тэрбум төгрөгийг тус тус хуваарилсан.  Дээр нь том зээлийн буюу банкаар дамжиж буй 13.5 тэрбум гээд үндсэндээ дөрвөн багц болж байгаа юм.

-Дээрх бүх төсвийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд хуваарилаад дууссан уу? 


-Орон нутгийн 20.5 тэрбум төгрөгт 386 төсөл зээл авахаар орон нутгийн дэд хороогоороо хэлэлцээд, шалгуураа хангачихсан. Үүнээс  өнөөдрийн байдлаар 129 төслийн 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан. Харин банкаар дамжсан 13.5 тэрбумаас 980 сая төгрөгийн нэг төслийн санхүүжилт гарсан байна. Бичил зээлийн гурван тэрбумын багцаас 48  аж ахуй нэгж зээл авахаар шалгарсан. Үүнээс 21  төслийн санхүүжилт гарчихсан байгаа. Яагаад зөшөөрсөн хэрнээ санхүүжилт нь гараагүй гэхээр, барьцаа хөрөнгө зээлийн гэрээ,  барьцааны гэрээнд иргэдтэй хамааралтай  тодорхой хэмжээний хугацаа шаардсан асуудал бий. 

-Зээлийн  багц үүсгэхийн  давуу талыг юу гэж харж байгаа вэ. Зарим талаараа санхүүжилт баригдмал байх шиг? 

-Зээлдэгч нарын хүчин чадал үйл ажиллагаанд нь хамааран жижиг зээлийн багцыг гаргаж ирсэн. Тухайлбал, 20 сая төгрөгийн зээл хүссэн эсвэл 300 саяын зээл хүсч буй иргэн, аж ахуйн нэгж нь тэрбумын зээл хүсэж буй хүмүүстэй харьцуулагдаж, өрсөлдөхөд хэцүү л дээ. Ихэнх нь ажлаа дөнгөж эхэлсэн, үйл ажиллагаа нь том компаниудтай харьцуулашгүй хэмжээнд байгаа гэдэг  шалтгаанаар жижиг зээлийн багц гаргаж ирчээ. Энэ нь хүртээмжийг нэмэгдүүлэх юм. Мөн жижиг зээлдэгчид, үйл ажиллагааны  цар хүрээ арай багатай хүмүүст нүдээ олсон зөв шийдвэр гэж харж байгаа. Яагаад гэвэл, гурван тэрбум төгрөгийг бид 48 хүний зээлийн хүсэлтийг хангах хэмжээнд  хуваарилсан. 13.5 тэрбум төгрөг хуваарилагдсан банкаар дамжих том зээлийн багц яах ч аргагүй томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж буй газруудад тохирсон зээл  байх ёстой. Тиймээс энэ багцыг гаргасан. Дунд хэмжээний 100-300 сая төгрөгийн зээл хүссэн хүмүүст зориулагдсан 10  тэрбум төгрөгийн урьдчилсан шатны судалгааг хийж байна. Газар дээр нь ч очиж үзэж байгаа. Хүмүүс өмнө нь шүүмжилдэг байсан. “Та нар халаасанд байдаг компанид зээл өглөө, тэр газар нь үйл ажиллагаа явуулдаггүй, ЖДҮХС-аас зээл авчихаад хадгаламж зээлийн хоршоонд хийсэн” гэх мэт. Энэ ажиллагааны нэг онцлог нь яг газар дээр  нь очоод үйл ажиллагаа явуулж байгаа эсэх, өргөтгөх хэсэг,  яг л үүндээ зарцуулах нь тодорхой гэсэн шалгуурыг  үзсэний эцэст үнэлнэ. Түүнийгээ шалгаруулж байгаа учир маш давуу тал болж буй хэлбэр юм.

-Зарим иргэд зээл хүсээд  авч чадахгүй байна гэдэг. Ер нь иргэд юунд алддаг вэ. Шаардлага нь хэт өндөр гэсэн асуудал яригддаг?

-Эрэлт мэдээж хязгааргүй. Эрэлт их байгааг  юугаар нотлох вэ гэхээр, 380 тэрбум төгрөгийн эрэлт,  зээлийнх нь хүссэн дүн 2752 төслийн дүнг үзэхээр тийм байна. Гэтэл бидэнд ирсэн мөнгө нь 47 тэрбум төгрөг байдаг. Улаанбаатар хотод үндсэндээ  26.5 тэрбум төгрөг үлдэж байгаа. Энэ мөнгөнд нийтдээ 1411 зээлийн  хүсэлт ирсэн. Нөгөө талаас төслийг сонгон шалгаруулахад шинэ журам гарсан. Шинэ журмаар эхний ээлжинд төслүүд материалаа иж бүрнээр нь бүрдүүлж ирэх ёстой. Иргэн 12,  аж ахуйн нэгж 14 төрлийн бичиг баримт бүрдүүлэх ёстой гэсэн үг. Мөн журмын 1.4 буюу иргэн тодорхой хэмжээний шаардлага, шалгууруудыг хангасан байх ёстой. Тухайлбал, Монгол банкны зээлийн санд өргүй байх, Засгийн газрын таван тусгай санд зээл хэтэрсэн өргүй байх, төрийн дээд албан  тушаал эрхэлдэг хүмүүстэй хамааралгүй байх, татвар, нийгмийн даатгалд өргүй байх шаардлагатай. Ингэснээр  зээлдэгч гэж хэлэгдсэн хүмүүсийнхээ санхүү болон  нийгмийн  хариуцлагыг өндөр болгох, татвараа үнэн зөв төлөхөд түлхэц болно шүү дээ.  12 төрлийн материал бүрдүүлж ирэх ёстой байтал түүнээс бага байвал бид түүнийг дэмжих ямар ч боломжгүй.

-Гэтэл  хүмүүс би ийм мундаг юм хийх гэж байхад ганцхан зүйлээр хасч байгаа нь шударга бус байна гэдэг шүү дээ? 

-Тийм зүйл байгаа. Гэхдээ бид  цаашид үйл ажиллагаандаа юу хийх хэрэгтэй вэ гэдэг сургамж гарч байна. Эхлээд очиж үздэг ч юм уу. Гэхдээ энэ журмыг  баталж өгч буй шийдвэр гаргах түвшний хүмүүс ярьж үүнийг хэрэгжүүлээрэй гэсний хүрээнд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэхээр иргэд юунаас болж алдаж байна вэ гэхээр, нийгмийн даатгалын өр, татварын өрнөөс болж алддаг. Тайлан тооцоо гарах хугацаа өөр байдаг гэх мэтчилэн асуудлууд бий. Мөн Хувь хүний нууцын тухай хууль, Компанийн нууцын тухай хуулиар таны хийж буй үйл ажиллагааны талаар өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр олон нийтэд мэдэгдэх асуудал гардаг  байсан.  Ил тод байхын тулд телевизээр цацаж нээлттэй явуулж байна. Тухайн хүн юу хийдгийг харуулахааас өөр аргагүй шүү дээ. Нөгөө талаас хүний нууцыг зөвшөөрөлгүй тараагаад байгаа юм шиг байсан. Ингэхдээ “Миний бизнесийн талаар болоод тухайн хүний ямар нэгэн мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн  хэрэгслээр нэвтрүүлэхэд татгалцах зүйлгүй” гэсэн мэдэгдэл авч байсан. Мэдэгдэл ирүүлээгүй шалтгаанаар хасагдсан хүмүүс мэр сэр байгаа. 

-Иргэд, аж ахуйн нэгж, байгуул­лагууд зээлийн эргэн төлөлтөд хэр хариуцлагатай хандаж байгаа вэ? 

-Эргэн төлөлтөд маш их анхаарал хандуулж ажиллаж байгаа. Сайдын тушаалаар ЖДҮ-ийн  дэмжих сан шинэ зохион байгуулалтад орж Хууль тусгай актив гэдэг хэлтэстэй болсон. Тэр нь эргэн төлөлт хийх, аливаа үүссэн маргаан, хууль шүүхийн асуудлаа хариуцсан тусгай хэлтэстэй болсон. Үүний үр дүн тодорхой хэмжээнд гарч байна. Эргэн төлөлт харьцангуй сайн.