ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Ням-Очир: Сурах бичгийг аравдугаар сард багтаан хэвлэж дуусгана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-01

2019-2020 оны хичээлийн жилд сурах бичгийг төлбөртэй ашиглуулах хүрээнд дунд ахлах ангийн 181 мянга гаруй хүүхдэд 2.6 сая сурах бичиг хэвлүүлэх тооцоо гаргасан. Гэтэл одоо болтол сурах бичиг хүрэлцээгүй гэдэг асуудал гарсаар байгаа юм. Тэгвэл сурах бичгийн хэвлэлтийн талаар  БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. 

-ЕБС-ийн зарим ангийн сурагчдад сурах бичиг хүрэлцээгүй байна. Хүлээлт үүсгээд буй энэ асуудал юу болж байна вэ? 

-Сурах бичигтэй холбоотой хэд  хэдэн асуудал үүссэн. Тухайлбал, өнгөрсөн жил сурах бичгийн зохиомол хомсдол маш их гарсан. Мөн сурах бичгийн нэгдсэн борлуулалтын үйлчилгээ байхгүй учраас аймгаасаа алслагдсан сум, багуудад хүрэхгүй байсан. Ийм хүндрэлүүд үүсэн учраас сурагчдын  сурах бичгийг  нэгдсэн зохион байгуулалтаар зохицуулалтад оруулах ёстой гэдэг шийдвэрийг өнгөрсөн хичээлийн жилд гаргасан байдаг. Үүнтэй холбоотойгоор 2019 оны нэгдүгээр улиралд Засгийн газраас “Сурах бичгийн талаар авах, зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргасан. Уг тогтоолд, донор байгууллагуудад хандаж боловсролын салбарт тулгамдаж буй энэ асуудлыг шийдье,  сурах бичгийг бүрэн хангах чиглэлээр судал гэдэг үүрэг өгсөн. Улмаар Азийн хөгжлийн банкны холбогдох удирдлагуудтай уулзлаа. Тухайн үедээ Азийн хөгжлийн банкны жилийн  төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан ч тус банкнаас эргэж судалъя гэдэг хариуг өгсөн. Судалсны эцэст “2010-2015 онд хэрэгжүүлж байсан түрээсийн тогтолцоог эргэн нэвтрүүлэхэд манайхаас дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэдэг хариуг өгсөн.  Одоо­гоор тендерийн бичиг баримт бүрдээд, холбогдох сурах бичгийг төлбөртэй ашиг­луулах сайдын журам гарсан байна. Улмаар БСШУС-ын сайдын тушаалаар худалдан авах ажиллагааг зарлаж Азийн хөгжлийн банкны холбогдох дүрмийн дагуу, бүх  зүйлээ нийцүүлээд явж байгаа. 

-Одоогоор сурах бичгийн хэвлэлт ямар шатанд явж байна вэ?

-Одоогоор  төлбөртэй ашиг­луу­лах чиглэлээр гур­ван тендер зарласан. Үүнээс “Жи-12” буюу зургаа, дол­дугаар ангийн сурах бичиг  хэвлэг­дээд, нийлүүлээд эхэлчихсэн. “Жи-14” буюу ахлах ангийн сурагчдын  сурах бичгийн зөвшөөрөл ирсэн. Тиймээс гэрээгээ байгуулаад  хэвлээд эхэллээ. Харин “Жи-13” буюу найм, есдүгээр ангийн сурагчдын сурах бичгийн зөвшөөрөл хүлээгдэж байгаа. 

-Яагаад удаашраад бай­гаа юм бол?

-Есдүгээр сардаа багтана гэсэн төлөвлөгөөтэй байсан л даа. Гэтэл тухайн банкны худалдан авах ажиллагааны дүрэм журманд бидний зохион байгуулсан худалдан авах ажиллагааг нийцүүлэх гэх мэтээр бүх  зүйл  хуулийн дагуу явах учраас бага зэрэг хугацаа шаардлаа. 

-Азийн хөгжлийн банк­наас санхүүжилт ороогүй гэдэг асуудал яригдсан шүү дээ?

-Азийн хөгжлийн банк дэмжээд санхүүжүүлэхээр бүх санамж бичигт гарын үсэг зурсан. Тэгэхээр төсөвт асуудал  гарахгүй байх. 

-Бага ангийн сурагчид сурах бичгээр бүрэн хангагдсан гэсэн үг үү?

-Тийм ээ. Бага ангийг сурах бичгээр 100 хувь хангасан. Дунд,  ахлах ангийн 40  хувь нь гар дээр байгаа. Саяхан л гэхэд зургаа, долдугаар анги хүрчихлээ. Одоо үлдсэн 60 хувь буюу  180 мянган хүүхдийн  сурах бичгийн асуудал яригдаж байгаа. 

-ЕБС-д эрүүл мэндийн хичээлийг орохгүй хэсэг зав­сарл­асан. Удалгүй сурагч­дын  хичээлийн хөтөл­бөрт байх ёстой юм гээд буцаагаад ордог бол­сон шүү дээ. Гэтэл  эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг байхгүй учир багш нар нь өөрсдөө хичээл заах материалаа бэлтгэж, тэдэнд ачаалал их байна гэдэг асуудал бас яригддаг?

-Эрүүл мэндийн хичээлийн сурах бичиг зохиогдоод,  бусад сурах бичигтэй хамт хэвлэгдэж гарахаар болсон. Бүх сурах бичгүүд аравдугаар сард  хэвлэгдээд гарах байх. Гэхдээ найм, есдүгээр ангийн зөвшөөрөл өнөө маргаашдаа ирчихвэл ямар ч асуудал байхгүй шүү дээ.

-Түрээсийн журмаар гэд­гийг тодорхой тайлбар­лаж өгөөч?

-Түрээсийнх гэхээр бага зэрэг ашгийн ойлголт болчихоод  байгаа юм. Төлбөртэй үйлчилгээ гэж байгаа. Хүүхэд сурах бичгээ номын сангаас багцаар нь авч ашиглачихаад, буцаагаад тушаахдаа ашигласан элэгдэл хорогдлын  төлбөрийг төлнө гэсэн үг. Тэр нь тухайн сурах бичгийн үнийн дүнгийн 20-40 хувиар тогтоох юм.