ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Энхтүвшин: Дорноговь аймгийн 1000 бүжигчин төв талбайд бүжиглэнэ

O.Admin
2019-10-04

Дорноговь аймгийг сурталчлах, соёл урлагийг түгээн дэлгэрүүлэх,  орон нутгийн уран бүтээлчдийг хөгжүүлэх,  таниулах зорилгоор “Дорноговийн соёлын өдрүүд 2019” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ талаар Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинээс тодрууллаа. 

-Соёлын  нэгдсэн арга хэмжээний талаар мэдээлэл өгөөч?

-Дорноговь аймаг анх 1979 онд орон нутгаа сурталчлах соёлын өдрүүдээ нийслэл хотод зохион байгуулж байсан юм. Өдгөө 40 жилийн дараа “Дорноговийн соёлын өдрүүд- 2019” арга хэмжээ аравдугаар сарын 12-15-ны өдрүүдэд болох гэж байна. Дорноговь аймгаа танилцуулахад соёл урлагийнхан, яруу найрагчид оролцохоос гадна орон нутгийнхаа хөгжил,  ирээдүй, бүтээн байгуулалт гэх мэт  бүхий л зүйлийг сурталчлах зорилготой. Соёлын  өдрүүдэд аймгийн 14 сумаас нийтдээ 1300 гаруй уран бүтээлч оролцоно. Манай аймгийн хувьд 2018, 2019 онд Монгол Улсын шилдэг аймаг болсныхоо хувьд энэхүү арга хэмжээг өргөн зохион  байгуулна гэж харж байгаа. Мөн Засгийн газраас улсын хэмжээнд өрнөж буй томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр  болсон нь давуу тал гэж үзэж байна.

- “Дорноговь соёлын өдрүүд 2019” арга хэмжээний хүрээнд ямар үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Манай аймаг соёл урлагийн салбарт амжилт бүтээлээр дүүрэн байлаа. 2018 оны Зүүн бүсийн урлагийн их наадмаар аугаа У.Шекспирийн  шилдэг бүтээлийн нэг “Лир Ван” эмгэнэлт жүжгээр тэргүүлсэн байдаг. Улмаар тус жүжгийг  Улсын драмын эрдмийн театрт нийслэлчүүддээ толилуулахаар бэлтгэж байгаа. Мөн Монгол Улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит Өсвөрийн бүжигчдийн улсын 15 дугаар наадмыг  хийх  юм.  Үүнд аймаг дүүргээс шалгарсан өсвөрийн гоцлол болон  хамтлаг бүжгийн төрөл,  насны ангиллаар  бүжигчид  оролцох бөгөөд бүжгийн төрөлд ахлах нас нэмэгдсэнээрээ онцлогтой. Мөн зохиогчийн  эрхийн дагуу дэглэсэн уран бүтээлийг тавилтаар нь үндсэн бүрэлдэхүүнээр оролцож байгаагаараа онцлог л доо. Үүнээс гадна Дорноговь аймгийн уран зураг, уран бүтээлчдийн баримал, Данзанравжаа хутагтын орон нутгийг судлах музейн үзмэрийг  дэлгэж үзэсгэлэн гаргана. Соёлын төв өргөөнд “Хувилгаан нутгийн аялгуу” хүндэтгэлийн концерт, “Хүч чадлын эрэлд” зохиомжит хүүхдийн жүжгийг Монголын хүүхдийн ордонд тоглохоор боллоо. Дорноговь аймгийн 1000 бүжигчин Сүхбаатарын талбайд бүжиглэнэ. Ер нь “Саран хөхөө” театрын уран бүтээлчид  бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байгаа юм. Үндсэндээ Дорноговь аймаг соёл урлагаараа юу чаддаг, юу хийдгээ нийслэлчүүддээ толилуулна. 

-Дорноговь аймаг Хамрын хийдээрээ алдартай шүү дээ. Соёлын өдрүүдэд Хамрын хийдтэй холбоотой арга хэмжээ төлөвлөсөн үү? 

-Хамрын хийдийн танилцуулга гэхээсээ илүү Данзанравжаа хутагтын музей үзмэрийг гаргана. Тэгэхээр тайлбарлагч нь Хамрын хийд, бусад үзмэрүүдээ иргэдэд тайлбарлаад явна гэсэн үг. 40 гаруй жилийн дараа Дорноговь аймгийн уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ уран сайхны арга хэмжээг зохион байгуулж байна. Хамгийн өндөр настай нь 72,  хамгийн залуу нь зургаан настай бүжигчид  байгаа. Ингэж олон хүн  оролцуулж байгаа нь дэд бүтэц нилээн сайн хөгжсөнийх байх. Энэ олон хүнийг суудлаар авчираад нэгдсэн зохион байгуулалтад оруулж байгаа юм. 

-Аймаг орон нутгаас ач холбогдол өгч оролцож байх шиг?

-Орон нутгийн зүгээс энэ олон хүнийг  зохион байгуулах,  төсөв санхүүжилтийн тодорхой хэсгийг гаргах, Соёлын төв өргөө, драмын театр гэх мэт заал  танхимыг бэлтгэж байгаа. Түүнчлэн оролцох уран бүтээлчдийн бэлтгэлийг хангуулах гэх мэт бүхий л  зүйлд  анхаарал хандуулж байгаа. Мөн аймгийн нутгийн зөвлөл,  Дорноговь аймагт төрж өссөн иргэд, аж ахуйн  нэгж байгууллагын удирдлагууд оролцож,  дэмжиж байгаа. Тиймээс нийслэлчүүд орон нутгийн уран бүтээлчдийн  тавьсан тоглолтуудыг  үзэж урам өгөөрэй гэж хүсье. 

-Үзвэр үйлчилгээ төлбөртэй юу? 

-Уран зургийн үзэсгэлэн,  хүүхдийн жүжгээс бусад нь тодорхой хэмжээний үнэ төлбөртэй. Яагаад гэвэл,  маш  олон хүний төсөв,  үйл ажиллагааны зардал гарч буй учраас  5000-15000 төгрөгийн хооронд байх болов уу .