ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Алтантулга: Өрхийн амьжиргаа нь 670 онооноос дээш бол хүүхдийн мөнгө олгохгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-09

Улсын  хэмжээнд 0-18 хүртэлх насны нэг сая 150 мянган хүүхэд бий. Үүнээс нийт хүүхдийн 85  хувь нь шалгуурын дагуу хүүхдийн 20 мянган төгрөг авдаг аж. Харин энэ оны зургадугаар сарын нэгнээс хүсэлт гаргасан хүүхэд бүрт мөнгийг нь олгоно гэсэн шийдвэр гарсан ч хүүхэд бүрт олгохгүй байгаа аж. Тэгвэл энэ талаар ХНХЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Алтантулгаас тодрууллаа.  

-Зургадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүсэлт гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгох шийдвэр гаргасан. Гэтэл хүсэлт гаргасан хүүхдэд минь 20000 төгрөг олгохгүй байна гэсэн гомдол гарч байна? 
-Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд нийгмийн хамгааллыг бууруулахгүй байх үүднээс хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 60 хувьд  нь олгож байлаа. Улмаар эдийн засгийн өсөлттэй уялдуулаад 60 хувийг 80 хувьд хүргэсэн байдаг. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгөх ёстой гэсэн зорилт бий. Тэгэхээр энэ зорилтын хэрэгжилтийг үе шаттайгаар ханга гэдэг үүргийг Засгийн газарт өгсөн. Үүний дагуу  2019 оны зургадугаар сараас хойш 85 хувь болгосон юм. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хүүхдийн мөнгийн сая орчим хүүхэд авч байгаа. УИХ-ын 40 дүгээр тогтоол гарсны дараа 21 аймаг, есөн дүүрэгт 20 мянган төгрөг авах шаардлагатай  хүүхдийн судалгааг Хөдөлмөр халамж үйлчилгээний газраар дамжуулж хийлээ. Иргэдэд ч болзол, шалгуур хангасан хүүхдүүд авна гэдэг мэдээллийг хүргүүлсэн. Энэ хүрээнд маш олон  иргэд хүсэлтээ өгсөн л дөө. Хүмүүсийн хүсэлтийг цуглуулаад үзэхэд нийлээд сая буюу нийт хүүхдийн 85 хувь байсан учраас хүсэлтийн дагуу өгч эхэлсэн байгаа.

-Хүсэлт гаргасан  хүүхэд  бүрт олгоно гэсэн шийдвэр гаргачихаад яагаад хязгаар тогтоож байгаа юм бол. Өөрийн гэсэн орон гэргүй, ээж аавтайгаа амьдардаг залуу гэр бүлийн хүүхэд хүсэлт гаргачихаад хасагдсан байна лээ. Шалгуурыг  тодорхой хэлж өгөөч? 
-Хүүхдийн мөнгө нь Халамжийн хуулийн заалт хэлбэрээр явж байгаа. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн 13.1.5 гэх заалт бий. Тэгэхээр өрхийн тогтоох судалгаа гаргасан. Айлууд 0-1000 оноотой байх бөгөөд оноо тэг рүү ойртох тусам амьжиргааны түвшин доогуур, оноо дээшлэх тусам амьжиргааны түвшин дээгүүр гэсэн үг.  670 онооноос доогуур оноотой айлын хүүхдүүд 20 мянган төгрөг авна гэж ойлгох хэрэгтэй.  Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаанд 600 мянга орчим өрх хамрагдсан. Тэдгээр айлуудаас бүгдээс нь ижилхэн 58 асуулт асуудаг.  Эдгээр асуултад хүн ам зүйн талаарх мэдээлэл багтана.

-Хүн ам зүйн мэдээлэл гэдэгт жишээлбэл юу орох вэ. Зурагт, угаалгын машинтай,  машингүйгээр нь хязгаарладаг гэж олон нийт бухимддаг?
-Тухайлбал,  өрхийн тэргүүлэгчийн боловсрол  ямар түвшинд байдаг, тухайн айлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа эсэхээс шалтгаалан амьжиргаанд нөлөөлдөг. Мөн ам бүлийн гишүүд, хөдөлмөр эрхэлдэг гишүүдийн тоо, Эрүүл мэнд, нийгмийн даатгал төлөлт, автотээврийн хэрэгсэл, байр,  үл хөдлөх хөрөнгө,  газар, хадгаламж зэрэг маш олон мэдээлэл багтана. Эдгээрийн нэг нь удаан эдэлгээтэй бараа буюу хөргөгч, зурагт гэх мэтчилэн зүйлүүд орж байгаа. Энэ нь цөөхөн байхаас гадна, Улаанбаатар хотын айл өрхүүдийн хөргөгч, зурагт оноонд бодогддоггүй. Иргэд үүнийг мэдэхгүйгээгээс болж буруугаар ойлгодог.

-Энэ асуулгыг анх хаанаас гаргаж байсан бэ? 
-Статистикийн хорооноос хоёр жил тутамд өрхийн мэдээллийн  судалгааг үндэслэн ядуурлын  хэмжээг зарладаг. Статистикийн хороо олон улсын аргачлалыг ашигладаг бөгөөд  судалгаанд ордог 360 асуулт бий. Тэдгээр асуултаас Монголын нөхцөлд  тохирсон, өрхийн амьжиргаанд нөлөө үзүүлж байгаа 100 асуултыг сонгон авч,  түүнээс 58 асуултыг сонгож авсан юм. Асуулгыг бид  зохиогоод гаргасан зүйл биш шүү дээ. 

-Засгийн газрын  хуралдааны шийдвэрээр хүүхдийн мөнгөнд зарим нэг өөрчлөлт орсон байсан. Иргэдийн дунд хүүхдийн мөнгө банкаар  дамжихгүй гэсэн ойлголт үүссэн. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-ХНХЯ-ны харъяа Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас хүүхдийн мөнгө авах шалгуур, нөхцөл хангасан хүүхдүүдийн жагсаалтыг Сангийн яам руу хүргүүлнэ. Улмаар Сангийн яамнаас мөнгийг нь Монголбанк руу хүргүүлж, тэндээсээ арилжааны 13 банк руу шилжүүлдэг байсан. Харин Засгийн газрын хуралдаанаар, шат дамжлагаа багасгаж шууд Төрийн сангаас арилжааны банк руу шилжүүлдэг болгосон. Харин  тухайн иргэн өөрийн хүссэн ямар ч арилжааны банкинд очоод хүүхдийнхээ дансыг нээлгэнэ. Журмаараа сар бүрийн 20-ны өдөр орно.  Хүүхдийн мөнгийг хүүхдийн хөгжил, ирээдүй, боловсрол, эрүүл мэндэд  оруулж байгаа хөрөнгө оруулалт  гэж хардаг. Олон улсын байгууллага, Дэлхийн банкны судалгаагаар хүүхдийн мөнгө халамжийн хөтөлбөрүүдээсээ ядуурлын түвшинг бууруулахад хамгийн үр нөлөөтэй хөтөлбөр гэдэг тайлан дүгнэлтүүд ч гарсан.