ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Амарсайхан: Айлуудад угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараана

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-10

Нийслэлийн хэмжээнд 200 орчим мянган гэр хорооллын айл өрх  бий. Тэгвэл тэдгээр айлуудад угаарын хий мэдрэгч төхөөрөмж  тараах шийдвэр гарчээ.Уг төхөөрөмжийг авахад нийт 6.6 тэрбум төгрөг зарцуулах аж. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханаас тодрууллаа.

-Засгийн газрын хурал­даанаар гэр хорооллын айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах асуудлыг оруулж, хэлэлцүүллээ. Ямар шийдвэр гарсан бэ?
-Угаарын хий суурилуулах, айл өрхүүдэд тарааж өгөх асуудлыг Зас­гийн газрын хуралдаанд оруул­ж шийдвэрлүүллээ. Ямар ч байсан сайжруулсан түлш­ний хэрэглээг жигд­рүү­лэх, хэвшүүлэх, олноороо амь нас эрүүл мэндээрээ хохирч байгааг зогсоох, бусад хорт хавдрын өвч­лө­лийг бууруулах үүднээс арван­нэг­дүгээр сарын 1-нээс өмнө айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч, бага оврын төхөө­рөмж суурилуулахаар  болсон. Энэ ажлыг бид дундаас нь зог­соохгүй, буруу зөрүү  ойл­гол­тыг төрүүлэхгүй, ир­гэ­дийг эрсдэлд оруулахгүй байх арга хэмжээг бүх  талаас нь авна. 

-Төсөв хөрөнгийг нь хаанаас гаргах вэ. Иргэдэд үнэгүй өгөх үү?
-200 гаруй мянган гэр хорооллын айл өрх Улаан­баатарт бий. Энэ айл өрхийн судалгааг дахин нарийв­чилж гаргана. Халаалт хэрэглэж байгаа, цахилгаанаар халааж буй олон айл өрх бий. Тиймээс энэ бүхнийг дахиад нягтална. Мөн аль төхөөрөмж нь илүү тохиромжтойг мэргэжлийн байгууллага судалж байж сонгоно. Хөрөнгийг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны эх үүсвэрээс гаргах байх.

-Хэчнээн төгрөгийн  өр­төг­тэй төхөөрөмж байгаа вэ? 
-Одоогоор яг тэдэн төгрөгийн үнэтэй төхөөрөмж авна гэж шийдээгүй байна. Монгол мөнгөөр 30, 40 мянгаас эхлээд 300, 400 мянган төгрөгийнх ч бий. Гэхдээ хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, үнэ өртөг хямд төхөөрөмжийг нийлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Айл өрхүүдэд нэг удаа үнэгүй суурилуулна.  Энэ дунд ямар нэгэн бизнес шахаа, хэн нэгний цавчаа орох ёсгүй,  шууд үйлдвэртэй нь харьцаад,  хямд үнээр олноор  авна. Бүхий л төрийн болон мэргэжлийн байгууллагуудыг энэ ажилд оролцуулж байж богино хугацаанд шийдэх юм. 

-Айлуудын ашиглаж байгаа зууханд нийслэлээс ямар арга хэмжээ авах вэ?
-Угаартсан,  эрсдэл бий болсон айлууд ихэнхи нь ханан пийшэн байна. Дундуураа завсартай, хавхлагаа түлхсэн, яндангаа хөөлөөгүй гэх мэт тохиолдол бий. Эсвэл шаталтаа багасгах зорилгоор хавхлаг буюу хаалтаа хаасан гэх мэтчилэн асуудал гарч байна. Тиймээс зуухаа засварлах, яндангаа өндөрлөх маягаар айл өрх бүрт нийслэлийн ажилтан албан хаагчид  зөвлөмж өгч ажиллаж байгаа. Үүнд  мэр­гэжлийн хяналт, ус сувгийн бай­гууллагаас эхсүүлээд олон мэргэжилтэн багтсан. Өнөөд­рийн  байдлаар нийт 200 гаруй мянган айл өрхийн 49 хувьд нь зөвлөмжөө өгч, урьдчилан сэргийлэх ажлаа хийж хийлээ. 

-Сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн  явагдаж байгаа юу?
-Үндэсний хэмжээний, хүн  амын эрүүл,  аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас янз янзын шалтгаан үүсэх байх. Тухайлбал, горим алдагдах, хөндлөнгийн нөлөө орохоос урьдчилан сэргийлж үйлдвэрийг онцгой обьект болгож хамгаалалтад авах ёстой гэдэг асуудал орууллаа. Одоогоор үйлдвэр зогсоогүй, хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ стандарт, дүрэм журмын хувьд аюулгүй ажиллах ёстой. 

-Цаашид яаж ажиллах ёстой вэ?
-Төрийн бодлогыг хэрэгжүү­лэхтэй холбоотой эрх үүргээ хэрэгжүүлж буй хүмүүсийг улам идэвхжүүлэх ажил хийгдэж байна.  Үнэхээр ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүст хариуцлага тооцох ёстой. Энэ асуудалд хамгийн сайн  ажиллах ёстой хүмүүс бол дүүргийн засаг дарга нар шүү дээ. Мягмар гарагт хуралдсан комиссын хуралд тэдэнд үүрэг даалгавар өгсөн. Зуны турш бид бүгд энэ ажлыг хийж явлаа. Дээд шатанд гарсан шийдвэрүүд  дунд, доод шатандаа хэрэгжиж байгаа эсэхийг бид давхар хянаж явахгүй бол ажил орхигдох, цалгардах асуудал гарч байна. Тиймээс дүүрэг, хорооны засаг дарга нар хэсгийн ахлагч нарт энэ ажилд идэвхи гаргаж ажиллахыг шаардах хэрэгтэй. 

-Түлшний хадгалах горим алдагдаж, хөлдсөн  байсан  гэсэн? 
-Сайжруулсан түлшний дундын 40 цэг, жижиглэнгийн олон цэг бий. Горим алдагдсан асуудал бас гарч байна. Үйлдвэрлээд нөөцөлчихсөн байсан түлш зун бороо их  орсны улмаас норсон асуудал байгаа. Үүнийг буцаагаад үйлдвэрлэлийн горимд  нь оруулж дахин гаргах ажил ч хийгдсэн. “Тавантолгой түлш” ХК-д хадгалалтын горим алдагдахгүй байх болон  бусад асуудлаар шаардлага тавина. 

-Зуух дэлбэрсэн асуудал бас гарлаа. Энэ түлшнээс болсон уу?
-Цагдаагийн байгууллагаас юунаас болж зуух дэлбэрсэн талаар шалгаж байна. Урьдчилсан таамгаар зуухаа халчихсан байхад нь ус хийснээс дэлбэрэлт явагдсан гэж гарсан.