ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Энхбаяр: Тогтвортой орлого бүрдээгүй байхад цалин, тэтгэвэр нэмэхээр тусгасан нь 2020 оны төсвийн маш том алдаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-14

Эдийн засагч Н.Энхбаярыг “Ярилцах танхим” буландаа урьж, 2020 оны төсвийн талаар ярилцлаа. 

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэдхэн өдрийн өмнө 2020 оны төсвийн төслийг олон нийтэд танилцууллаа. Ингэхдээ инфляцийг найман хувьд барина, эдийн засгийн өсөлт өндөр байна гэсэн өөдрөг төсөөлөл танилцуулжээ. Таны хувьд ийм байх боломжтой гэж харж байна уу? 

-Ярилцлагын эхэнд хэлэхэд энэ бол миний хувь эдийн засагчийн байр суурь гэдгийг онцолъё. Би төрийн ажлаа өгчихсөн байгаа. Монгол Улсын эдийн засаг эрсдэлтэй хэвээр байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт нь хэлбэлзэлтэй, бизнесийн цикл нь маш богино хугацаатай байдаг. Гэтэл АНУ, БНХАУ зэрэг өндөр хөгжилтэй улс орнуудын бизнесийн цикл 10-20 жил үргэлжилдэг шүү дээ. Үүнтэй харьцуулахад манай эдийн засаг уул уурхай, хөдөө аж ахуйн салбараас хамааралтай учраас огцом өсөх, унах магадлал өндөртэй. Эргээд санах юм бол 2016 оны гуравдугаар сард Монгол Улсын эдийн засаг хасах руу орж байлаа. Түүнээс  хойш тодорхой арга хэмжээ авсны үр дүнд  2016, 2017, 2018 онуудад тодорхой хэмжээгээр өссөн л дөө. Тэгэхээр нийт эдийн засгийн хэмжээ нь нэлээд томорчихсон байгаа гэсэн үг. Томорсон эдийн засаг цаашдаа тэр хурдаараа өсөөд байх боломжгүй. Энэ чигээр нь хадгалахын тулд дахиад нэмэлт хүчин зүйл хэрэгтэй болно. Одоогоор манайд шинээр нэмэгдэж байгаа гадаадын хөрөнгө оруулалт, их хэмжээний зээлийн эх үүсвэр байхгүй. Тэгэхээр 2020 оны эдийн засагт айхтар өндөр өсөлт гарч ирэхгүй л болов уу. Ирэх оныг өөдрөгөөр төсөөлж болно. Гэвч бодит байдалд тэр өсөлт гарахгүй учраас болгоомжлох асуудал маш их гэдгийг хэлье. 

-Гадаад талдаа ямар эрсдэл байна вэ. АНУ, Хятадын худалдааны дайн манай улсын эдийн засгийн өсөлтөд тийм ч их сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл манай улсын гол харилцагч БНХАУ-ын эдийн засаг удаашрах нь гэсэн дүгнэлтийг олон улсын шинжээчид гаргаж тавиад байна шүү дээ? 

-АНУ, Хятадын худалдааны маргаан бүтэн хоёр жил үргэлжиллээ. Энэ дайны нэг том сөрөг үр дагавар нь Хятадын эдийн засаг удааширч байна. Мөн АНУ-ын Төв банкнаас явуулж буй бодлого гээд олон хүчин зүйл нөлөөлнө. Дээр нь урд хөршийн экспортын бараа бүтээгдэхүүнд шинээр тариф тогтоохоор тэр дотор нь гангийн экспорт орчихно. Гангийн экспорт хязгаарлагдаад ирэхээр түүнд хэрэглэдэг коксжих нүүрсний хэрэглээ буурч ирнэ. Харин манай улсын экспортын 30 хувийг коксжих нүүрс бүрдүүлж байна шүү дээ. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар дэлхий дахин маш хүчтэй ярьж байгаа. Парис уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээр, сая НҮБ-ын чуулганаар ч эхний өдрөө уур амьсгалын өөрчлөлтийг ярилаа. Өөрөөр хэлбэл, улс орнууд нүүрсний хэрэглээг хязгаарлая, нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг шинээр барихгүй гэж шийдэлд хүрч эхэлсэн гэсэн үг. Ирэх жил уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын хэлэлцүүлэг Франц улсад болно. Энэ талаар тэргүүлдэг улс орнуудын нэг. Тэгэхээр өндөр хөгжилтэй улс орнуудын нүүрсний хэрэглээг хянах талаар маш хүчтэй, идэвхтэй арга хэмжээ авах нь тодорхой байгаа биз. Одоо бидний найдаж байгаа ганцхан зүйл нь коксжих нүүрс л байгаа шүү дээ. Гэтэл хэрэглээ нь ганцхан улсын ганц зах зээлээс хамаарч байна. Ер нь бидний тээх хүчин чадал дээд цэгтээ тулчихсан. Төмөр зам, автозам, хилийн боомтын хүчин чадал ханачихсан. Тэгэхээр ирэх онд юунд найдах вэ гэхээр гагцхүү үнийн өсөлтөд л найдаж болох нь ээ. 42 сая тонн нүүрс экспортлох боломж бараг л харагдахгүй байгаа юм. Магадгүй яриад байгаа хилийн боомтын хүчин чадлаа сайжруулаад дууссаны дараа л алхам, алхмаар сайжрах байх. Автозамаар тээвэрлэж байгаа өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж, төмөр замаар тээвэрлэдэг болчихвол томоохон өөрчлөлт гарч мэднэ. Төмөр замын тухай одоо яриад ч хэрэггүй байгааг та бүхэн мэдэж буй биз. Нэн тэргүүнд автозамынхаа нэвтрүүлэх чадварыг ярих шаардлага үүснэ. Энэ мэт асуудлаа шийдээгүй атлаа 5-10 сая тонны нүүрсний өсөлт ярих нь утгагүй л дээ. 

-Ирэх оны төсвийг бараг хоёр их наядаар нэмэгдүүлж оруулж ирсэн байна лээ. Мөн зарлага талдаа хэт өндөр байгаа. Энэ шалтгаанаа тайлбарлахдаа зэсийн үнэ өснө, нүүрс 42 сая тонныг экспортолно гэж тавьсан байна билээ? 

-Бидний бүрдүүлж чадаж байгаа нь 12 их наяд. Гэтэл зарцуулах төсвөө 13.8 их наяд гэж тавьсан байна билээ. Бүрдүүлж чадаж буй 12 их наядаас 10 их наяд нь татварын орлого. Хоёр их наяд нь нөөцийн төлбөр зэрэг татварын бус орлогоос бүрддэг. Тэгэхээр 2020 онд бидний бүрдүүлж чадах татварын орлого нь 10 их наяд л байх нь ээ. Хөнжлийн хязгаараа тэллээ гэхэд 12 их наяд л болох юм. Тэгэхээр төсвийн зарлагаа нэмэгдүүлэхдээ бодох зүйл их байсан. Төсвийн орлого дутсан үед хөрөнгө оруулалтыг царцааж болдог. Түр зуур санхүүжилтийг өгөхгүй байж байгаад дараа жил нь нөхөж өгөх гэдэг ч юм уу. Их олон жил ийм хохиролтой замаар урагшилсан л даа, бид. Урсгал зардал дотор цалин, тэтгэвэр их төвөгтэй. Төсвийн зарлагын бараг 30 хувийг эзэлдэг энэ зардал нь сууриараа өсөөд явдаг. Үүнийг буцааж буулгаж болдоггүй. УИХ-аас цалин, тэтгэврийг тэдэн хувиар нэмнэ ээ гэж хэлчихээд оны эцэст бид болилоо, нэмж чадахгүй гэж хэлж болдоггүй юм. Дутсан ч гэсэн цалин, тэтгэврээ нэмсэн чигээр л өгдөг. Өмнөх жилүүдэд ч энэ зарчмаар явж ирсэн. Гэтэл эргээд ийм хийсвэр амлалт төсвийн зардлыг сууриар нь тэлдэг байхгүй юу. Бидний гаргадаг гол алдаа л тэнд яваад байгаа юм. Төсвийн тогтвортой орлого бүрдээгүй байхад зарлага талдаа цалин, тэтгэвэр гэсэн тогтвортой зарлага нэмж байгаа нь 2020 оны төсвийн маш том алдаа. Хурал зөвлөгөөн, сургалт, олон улсын тэмцээнүүдийг хойшлуулж болох ч цалин, тэтгэвэр нэмнэ гэсэн амлалт нь төсвийн алдагдлыг нэмэх гол шалтгаан болоод байгаа юм шүү дээ. 

-Та хөрөнгө оруулалтыг царцаах байдлаар олон жил хохирсон гэж хэлж байна. Гэтэл ирэх оны төсөвт сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг бүр 40 орчим хувиар тооцсон. Харамсалтай нь ийм байж чадахгүй нь, тийм үү? 

-Тийм байхын тулд хичээх шаардлага үүснэ. Ер нь миний хувьд боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын асуудалд тун шүүмжлэлтэй ханддаг хүн. Энд салбарт тооцоо, судалгаа дутагддаг. Нэг төсвийг 76 хуваахдаа ямар ч судалгаагүй ханддаг байдлаас болж, төсвөө үр ашиггүй, үр дүнгүй их зарцуулж байна шүү дээ. Суманд сургууль, цэцэрлэг барих ёстой л гэдгээс биш тэнд 650 хүүхдийн сургууль уу, эсвэл 250 хүүхдийн сургууль барих уу. Хүн амын өсөлт нь хэд юм, шилжилт хөдөлгөөн их байна уу, нэмэгдэх үү гэдгийг огтхон ч тооцолдоггүй. Энэ мэт байдлаас болж 650 хүүхдийн сургуульд 100 гаруйхан хүүхэд сурч буй тохиолдол ч байна шүү дээ. Гэтэл эрэлт, нийлүүлэлтийг нь тэнцүүлээд 250 хүүхдийн сургууль барьчихвал цаана нь дахиад ч хоёр цэцэрлэг барих мөнгийг хэмнэх боломж гарч байгаа биз. Төр энэ талаар илүү анхаарах ёстой гэж боддог юм. 

-Гаалийн шинэчлэл, татварын реформ, хилийн боомтуудаа шинэчилснээр төсвийн зарлагаа нөхөж чадна гэж байна билээ. Энэ боломжтой юу. Танд санал болгох шийдэл, санаа юу байна? 

-2019 оны төсвийг өргөн барихад л хамт орж ирсэн байсан шүү дээ. Нэг жилийн хугацаанд хийж чадаагүй байна. Гаалийн шинэчлэлээ яагаад хийж чадаагүйг гайхаж л байгаа. Одоо хүйтний улирал эхэлчихлээ. Тэгэхээр энэ ажлууд нь 2020 оны хавар л эхлэх нь гэсэн үг биз. Хавар хийгдэж, ажлаа дууслаа гэхэд ирэх оны намар үр дүн үзэж магадгүй. Шинэчлэх ажлаа бүрэн дуусгана гэвэл 2021 оноос үр дүн нь гарч эхэлнэ. Шинэчлэх нь зөв. Гагцхүү үр дүнг нь бид 100 хувь үзэж чадахгүй гэдгийг л хэлье. 

-Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дууслаа гэхэд манай улсын эдийн засагт асар том эрсдэл, шок тулгарах нь тодорхой. Гэтэл Ч.Хүрэлбаатар сайд гадна болон дотооддоо ямар нэг бонд босгохгүйгээр өр төлбөрөө бүрэн барагдуулна гэсэн. Тийм боломж байх юм уу?

-Сангийн сайдын хэлсэн нь бол 2020 оны тухайд шүү дээ. Өөрөөр хэлбэл, ирэх онд шинээр бонд гаргахгүй байх нь зөв. Үүнтэй санал нэгдэнэ. Шинээр бонд авна гэдэг өөрөө л нэмнэ гэсэн үг. Дотоодын эх үүсвэр хангалттай байгаа нөхцөлд түүгээрээ төсвийн зарлагаа санхүүжүүлээд, зээлийн төлбөрөө хийгээд явж болно. Гол өр төлбөр 2021 оноос хойш гурван жил үргэлжилж байгаа. Тэр хугацаанд гадаад өрөө яаж төлөх вэ гэхээр УИХ-аас баталсан “Өрийн стратегийн дунд хугацааны хөтөлбөр”-ийн дагуу л явахаас өөр аргагүй. Тэнд өр төлөх олон аргыг зааж өгсөн шүү дээ. Зөвхөн Монголбанкны валютын нөөц, эсвэл Төрийн сангаас авч 100 хувь төлнө гэсэн үг биш. Бондын хугацааг өөрчлөх, бүтцийн өөрчлөлт хийх гэх мэтээр олон аргаар төлөхөөс өөр аргагүй. ОУВС-гийн хөтөлбөр нь эдийн засгийг тогтворжуулахад маш их тус дэм боллоо. Хэрвээ энэ хөтөлбөр байгаагүй бол төсвийн зарлагын алдагдал, сахилга батаа ингэж сайжруулж чадахгүй байлаа. Харин ирэх онд тус хөтөлбөр зогсоход төсвийн сахилга батаа яг энэ хэвээр нь  хадгалж чадах уу гэдэг л асуудал юм. Бид дотооддоо сахилга батаа хангаж чадах тогтолцоо бүрдэж чадаагүй бол дахиад төсвийн зарлагаа тэлж, 2021 оноос төлөх гадаад өрөнд маш том эрсдэл бий болно. Үүнд л болгоомжлох ёстой юм.