Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хэрхэн олгодог талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн П.Эрдэнээс тодрууллаа.
-Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ямар шаардлага хангасан эхчүүд авах боломжтой вэ?
-Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн зургаан сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох хуулийн зохицуулалттай юм. Мөн дээрх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах боломжтой. 2018 онд тэтгэмжийн даатгалын сангаас 61.5 мянган даатгуулагч эхэд 79.9 тэрбум төгрөгийн тэтгэмж олгосон. Харин 2019 оны есдүгээр сарын байдлаар тэтгэмжийн даатгалын сангаас 47.8 мянган даатгуулагч эхэд 67.6 тэрбум төгрөгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгосон байна.
-Тэтгэмжээ хувийн дансандаа авдаг болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Тэтгэмжийн даатгалын сангаас олгодог жирэмсний болон амаржсаны тэтгэмж нь 100 хувь нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас гардаг зардал. Тийм учраас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгохдоо ажил олгогчийн дансаар шилжүүлэн олгодог байсныг даатгуулагч өөрөө хүсвэл ажил олгогчийн дансаар дамжуулалгүйгээр шууд өөрийн дансанд авах боломжийг бүрдүүлсэн. Ингэхдээ даатгуулагч нь байгууллагадаа хүсэлт гаргаснаар өөрийн дансандаа тэтгэмжийн мөнгөө шилжүүлэн авах бүрэн боломжтой юм.
-Үндсэн ажилтан биш хэрнээ нийгмийн даатгал төлөх тохиолдолд яах вэ?
-Нийгмийн даатгалд иргэд албан журмын болон сайн дурын гэсэн хоёр хэлбэрээр даатгуулдаг. Албан журмын даатгалд хөдөлмөрийн гэрээгээр болон хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн заавал хамрагддаг. Тэгэхээр аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа иргэн үндсэн болон үндсэн бус ажилтнаас үл хамааран цалин хөлс авч байгаа тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг хууль тогтоомжид заасны дагуу заавал төлнө.
-2020 оноос хэрэгжих хуулийн заалтуудад ямар чухал зүйл заалтууд багтсан бол?
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3 Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтөй байсан хоёр удаагийн төрөлт хамаарагдана гэснийг Хүүхдээ асрах чөлөөтөй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх тохиолдол бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор болсон. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 Сайн дурын даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас албан журмаар даатгуулсан эхтэй адил 100 хувиар тооцон олгохоор хуульчилсан бөгөөд Улсын их хурлаас мөрдөх хугацааг нь 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан байгаа.
-Хүүхдээ харах гурван жилийн хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн тохиолдолд яах вэ?
-Албан журмын даатгуулагчийн хувьд хүүхдээ асрах чөлөөтөй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн тохиолдолд урьд нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодуулж авсан дундаж цалингаас өөрөөр хэлбэл 12 сарын хөдөлмөрийн хөлснөөс тэтгэмжээ бодуулж авна. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтөй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.
-Даатгуулагч эхчүүд ямах бичиг баримт бүрдүүлж, хаана хандан тэтгэмжээ авах боломжтой вэ?
-Албан журмын даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсанд байгууллагын ажил олгогчоороо бичилт хийлгэн баталгаажуулж, нэхэмжлэхийн хамт санхүүгийн ажилтнаараа дамжуулан харьяа нийгмийн даатгалын хэлтэст ирүүлнэ. Сайн дурын даатгуулагч бол эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэмж хариуцсан байцаагчид өгч шимтгэл төлсөн хугацаагаа тодорхойлуулан бичүүлж, нийгмийн даатгалын байгууллагын магадлагч эмчээр хянуулж тэтгэмжээ бодуулж авна.