-Үе тэнгийн сэтгүүлч найзууддаа энэхүү ил захидлыг бичлээ-
Фэйсбүүк хуудсанд сэтгүүлзүйн дунд үеийн төлөөлөл болох нэгэн сэтгүүлч “Би”-гээр өвчилвөл хандаа хага даруулах эрхлэгчтэй, дээд үеийнхнээсээ эмээдэг. “Онжавуудтайгаа” хааяахан огшчихдог, он цагийн аясад улиран одож буй миний сэтгүүлзүй” хэмээн тунчиг санааширсан өнгө аястай пост бичжээ. Тэрхүү пост дор яг ийм бодолтой яваагаа ахмад, дунд үеийн олон сэтгүүлч бичсэнийг хараад ямар их ичсэн гэж бодно оо. Хамгийн аймаар нь тэд биднийг дүгнэхдээ “хүн чанаргүй, нэрд л гарч байвал биесээ алж идэхээс ч сийхгүй. Ах захгүй, цөөвөр чоно мэт” хэмээн дүгнэв. Уншихад ч аймшигтай тодорхойлолт. Уйлмаар санагдтал зүрх рүү шивсэн эдгээр үгс чин үнэндээ манай үеийн сэтгүүлчдийн бодит дүр төрх гэж хэлчихвэл буруудахгүй байх аа. Энэ салбарт анхлан хөл тавьж байхдаа хэчнээн сайхан зүйл мөрөөдөж явснаа бодохоор заримдаа өөрөөсөө ч ичмээр болдгийг нуух юун. “Сэтгүүлзүйг аварна, энэ салбарт өөрчлөлт хийнэ, яг манай үеийнхэн үүнийг хийж чадна. Ах эгч нарынхаа алдааг давтахгүй юм шүү” гээд л асар гэгээн мөрөөдөлтэй алхаж орж ирсэнсэн. Гэвч бодит байдлаа харцгаая. Монголын сэтгүүлзүйн залуу үе өнөөдөр арсалдаж, алалдаж, нэр хүндийн төлөө ёстой л цөөвөр чоно мэт хэмлэлдэж байх юм.
Тэд биднээс ичиж байна, бас гутарсандаа пост бичиж сууна. “Цөөвөр чононууд” хэмээн дүгнэжээ. Та нар ичиж байна уу, би лавтай ичиж байна. Ичсэндээ уйлмаар болж сууна. Сэтгүүлзүйн салбараа өөрчилнө гэсэн манай үеийн залуус яг одоо сэтгүүлзүйгээ аврах бус булшилж байх аж. Олгой хагаравч тогоон дотроо хэмээн муудалцсан ч, маргасан ч асуудлаа дотроо ярьдаг байсан сэтгүүлзүйн зөрчил, сэтгүүлчдийн маргаан савнаасаа хэдийнэ хальж, салбарынхаа нэр хүндийг шавартай нь хутгаж дууслаа. Энэ эрүүл сэтгүүлзүй биш ээ, найзууд аа. Энэ бидний мөрөөдөж байсан сэтгүүлзүй ч бас биш. Улстөрчдөөс болж хэмлэлддэг, уралцдаг, түүнийгээ нийтийн сүлжээгээр зарладаг, мэргэжлийн сэтгүүлзүйн үүднээс хэлсэн, ярьсан шүүмжлэлийг доромжлол, эсвэл өс санасан хов гэж ойлгодог увайгүй зарим найзуудаасаа ичиж байна. Бичлэг хийгээд л түүнийгээ нэгнийхээ нэр хүндийг унагахын төлөө ашиглаад л. Нэгнээс нөгөөд дамжуулаад л. Нэгийгээ гөлөг, нохойгоор нь доромжилдог, нийтийн сүлжээнд хоёр хуваагдан хэрэлддэг, гэр бүл үнэ цэнтэй бүхэн рүүгээ дайрдаг, давшилдаг, би л тодорч харагдаж байвал бусад нь новш гэсэн цөөхөн хэдийн маань зодоон манай үеийг ингэж харагдуулж байгаа юм. Бид дараагийн үедээ ямар сэтгүүлзүйг үлдээж байна вэ. Манай салбарын ахмад үеийнхэн зөрчилтэй, “зодоон”-той байсан ч ах захаа мэддэг, ахмад үеэ хүндэлдэг, мэргэжлийн сэтгүүлзүйн нэр хүндийг энэ хүртэл чирээд ирсэн хүмүүс. Харин бид үүнийг булшилж байна. Нийгмийн дунд нэр хүнд маань яаж унасныг харцгаая. Сэтгүүлзүйн салбарын мундагуудын нэг болох Ш.Даваадорж нийтлэлч саяхан нэгэн сонинд ярилцлага өгөхдөө “Сэтгүүл зүй, сэтгүүлчийн нэр хүнд туйлдаа хүртэл уначихаад байна. Асар их мөнгө олно гэсэн зорилгоор сэтгүүлч болсон нөхөд олон байгаагаас биш мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож, дурласан нь цөөхөн харагдах юм.
Төрийн ордонд байдаг сэтгүүлчдийг 50 мянгынхан гэж нэрлэх болоод удсан гэнэ. Үүнийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй. Дордоно, дордоно гэхэд арай ч дээ. Сэтгүүлч мэргэжил тэгтлээ доошоо орсон байна” хэмээн ярьсан байна билээ. Зарим маань үүнийг доромжлол, гүтгэлэг гэж хүлээж авах байх. Гэвч парламент дотор ийм яриа явдаг, тийм хандлага гаргадаг болсныг бүгд л харж байгаа шүү дээ. Улстөрчдийн хандлагаас ч ажиглаж л байгаа. Тэгсэн ч мэдээгүй юм шиг аашилцгааж, тэдний бах тавыг хангасаар явна. Даанч дээ, найзууд аа. Дордлоо, дордлоо гэхэд хэдүүлээ “50 мянгынхан” гэж нэрлэгдэх хүртлээ доошоо орцгоох юм уу. Ийм байхад салбарын тэргүүн нь хүртэл “та нар худалдагдсан” гэж доромжлохгүй яах юм бэ. Шантаажны сэтгүүлзүй гэх тодорхойлолт яг одоо биднийг дагалдаж байна. Сэтгүүлчид мэдээлэл өгөх гэж бус шантааж хийлгэх гэж, эсвэл бусдаас албан тушаалыг нь авахын тулд ашигладаг боллоо. Албан тушаалтнууд айсандаа сэтгүүлчдийн амыг таглах нь зөв гэж ярьдаг болсон байна. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог” гэгчээр хэсэг бүлгийн зөрчил, зодоон нийт салбарыг муухай харагдуулж байгааг ойлгодог болов уу. Эрүүл сэтгүүлзүйн төлөө шүүмжлэл өрнүүлэхээр атаархсандаа ингэлээ, надтай арсалдлаа гэж дүгнэдэг юм билээ. Ахмад, дунд үеийнхээ сэтгүүлчид руу улайран дайрч, дээр нь дэвсэлж энэ салбарт од болж байна, манай үеийнхэн. Дор бүрнээ том дарга нар. Манай үеийн хэдэн залуус нэгдэж нийлчихээд “Гишүүнийхээ пиарыг бидэнд даатгачих. Та зөвхөн өмнөх ажлаа л хий. Бид 50 сая төгрөгөөр танай даргыг тултал нь рекламдаад өгнө” хэмээгээд зад загнуулаад хөөгдсөн тухай сонсчихоод ямар шившигтэй байдалд орсон гэж бодно оо. “Чи арай тэнд нь байгаа юм биш биз. Би байхгүй гэж итгэж байгаа шүү” хэмээн ярихад нь зүгээр л газар ухаад орчихмоор санагдаж билээ. Ингэж амьдрахгүй ээ, хэдүүлээ.
Ингэж бичихээр өөрөө тийм мундаг юм уу хэмээн зарим нэг маань уурлаж мэднэ шүү. Уурлах ч байх. Гэвч би ёсзүйгээ, хэм хэмжээгээ мэддэг юм. Өдөр тутмын том сонины мундагуудаас цаг тутам суралцаж, арван жил энэ том тогоонд буцалж буйн хувьд ах захаа мэддэг, ажил амьдралаа ялгадаг, мэргэжлийн сэтгүүлзүйн унтарч буй цучлыг сэргээхийн төлөө ажилладаг гэдгээ хаана ч бардам хэлнэ. Мэргэжлийн сэтгүүлзүй, шантаажны сэтгүүлзүй хоёр ямар зөрүүтэй байдгийг харуулахын тулд өдөр тутмын сониндоо маргааш ч ажилласаар л байх болно. Мундагуудаас суралцаж яваагийн хувьд хаана, хэзээ ч мэргэжлийн шүүмжээ ярьсаар л байх болно. Харин тэрийг минь хов жив, эсвэл атаархал хэмээн хүлээж авуузай. Сэтгүүлч хүний үзэгний үзүүрт бусдын амьдрал байдгийг энэ насандаа, ирэх өдрүүдэд ч мартахгүй явахыг хичээдэг. Миний адил олон зуун сэтгүүлч бий. Тэднийгээ хаана ч, хэзээ ч өмөөрнө. Харин хэсэг бүлгийн ийм увайгүй зүйлсээс болж, “цөөвөр чононууд” хэмээн доромжуулахыг ч бас хүсэхгүй байна. Мэргэжилдээ хайртай, дуртай, сэтгүүлчийн үнэ хүндийг өндөрт өргөж яваа өөрийнхөө үеийн залуусаар ямагт бахархах болно. Шантаажны сэтгүүлзүйн дэндүү тод дүрүүд дунд гээгдэж байгаа мундагуудаараа ямагт бахархах болно оо. Одоо дуугарах цаг нь болсоон, залуус аа. Салбараа аварцгаая. “Дотоожтойгоо суугаад сайт хийдэг” хэмээн доромжлуулах хүртлээ бидний нэр хүнд унажээ. “50 мянгынхан” гэж нэрлэгдэх хүртлээ шалаар хөглөрлөө. Ёроолдоо хүртэл унахыг нь харж сууцгаах юм уу. Ахмад, дунд үеийн сэтгүүлчиддээ адлуулж, санааширсан пост хийтэл нь зодолдох юм уу. Зөрчлөө одоо больчих, зодооноо тогоон дотроо л хийцгээе. Гадагшаа хэчнээн муухай харагдаж байгаадаа дүгнэлт хийж, сэтгүүлзүйг булшилж буйдаа дүгнэлт хийхсэн, хэдүүлээ. Хамтдаа “мөрөөдөж” байсан тэр сэтгүүлзүйгээ босгохын төлөө хичээе.