ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Тлейхан: 160 гаруй мянган өрх шөнийн тарифын хөнгөлөлт эдэлнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-31

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийг шөнийн цагаар хэрэглэсэн цахилгаанд тарифын хөнгөлөлт үзүүлэх талаарх Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоол гаргасан билээ.  Энэ дагуу гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг  арваннэгдүгээр сарын 1-ээс эхлэн дараа жилийн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хөнгөлдөг. Тарифын хөнгөлөлтийн талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейханаас тодрууллаа.

-Энэ жил шөнийн цахил­гааны тарифын хөнгө­лөл­тийг  хэчнээн айл  өрх эдлэх вэ? 
-Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийн эдлэх айл, өрхийн тоо жилээс жилд нэмэгдэж байна.  2017 онд 101 мянга орчим өрхөд 6.8 тэрбум, 2018 онд 109 мянга гаруй өрхөд 9.4 тэрбум төгрөгийг хөнгөлөлтийн эдлүүлсэн. Харин 2019 онд 116 мянга гаруй өрх 19.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх бол 2020 онд 116 мянга гаруй өрх 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ. Энэ хөрөнгийг улсын төсвөөс олгож байгаа бөгөөд Засгийн газрын тогтоолыг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ улам өссөөр байна. Жилд дунджаар 60-80 орчим мВт-аар нэмэгдэж байна. Ингээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд агаа­рын бохирдлыг буу­руу­лах зорилгоор гэр хороол­лын айлын шөнийн цагт хэрэг­лэсэн цахилгаан тарифын хөн­гө­лөл­төд 35.7 тэрбум төгрөг зарцуулсан. 

-Аймгийн төвд амьдардаг гэр хорооллын оршин сууг­чид хэдэн хувийн хөн­гөлөлт эдэлж байгаа вэ?
-Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдийн 21.00-06.00 цагийн хооронд ашиг­ласан цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлнө. Харин аймгийн төвүүд болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын тарифыг 50 хувь хөнгөлж байгаа. Эдгээр айл өрхүүдийн хөнгөлөлт тооцох сарын хэрэглээний дээд хязгаар хол­богд­сон цахилгааны хүч­дэлийн түвшнээс шалтгаалан өөр, өөр байгаа бөгөөд 220В бол 700кВт.цаг, 380 В бол 1,500 кВт.цаг байх юм. Үүнээс дээш гарсан хэрэглээг тухайн хэрэг­лэгч 50 хувийн хөнгө­лөлт­тэй тарифаар тооцож төлнө.

-Айлуудад бүсчлэл зааж байгаа юу?
-Эхний жилд бүсээр ангил­даг байсан. Одоо гал түлдэг л бол хөнгөлөлтөд хамрагдах шийдвэр гарсан. Ингэснээр аймгийн төвүүдтэй нийлээд 160 мянган өрх хамрагдах юм. 

-Цахилгааны үнэ огцом өссөн талаар иргэд гомдоллох болсон. Та үүнд тайлбар өгөхгүй юу?
-ЭХЗХ-ноос хоёр төрлийн хөнгөлөлт үзүүлж байгаа. Нэг нь, шөнийн тарифын хөнгөлөлт, хоёрт, орон сууц, гэр хорооллын иргэн буюу нийт хэрэглэгчдэд зориулсан хөнгөлөлт. Нийт хэрэглэгчид буюу 650 мянган өрх хөнгөлөлт эдэлж байгаа. Энэхүү хөнгөлөлтөөр айлын 150 кВт эрчим хүчийг 134 төгрөг, 150 кВт-аас дээш хэрэглэсэн цахилгаанд 154 төгрөгөөр тооцдог. Гэтэл цахилгааны өөрийн өртөг нь 179 төгрөг болж байгаа юм. Үндсэндээ хэрэглэгчид ахуйн хэрэглээний эрчим хүчээ 22 хувиар бага үнээр авч байна гэсэн үг. Судалгаагаар нэг өрх сард 220 кВат цахилгаан хэрэглэдэг. Ингэж тооцвол нэг өрх сард 9300 төгрөгийн, жилд 115 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг. Улсын хэмжээнд 62 тэрбумын хөнгөлөлтийг иргэд эдэлдэг. Гэхдээ энэ нь шөнийн тарифаас тусдаа хөнгөлөлт шүү дээ.

-Тэгэхээр  алдагдалтай ажилладаг гэсэн үг үү? 
-Манай салбар алдагдалтай ажиллаж байгаа нь үнэн. Эрчим хүчний салбар өн­гөр­сөн жил 29 тэрбум төг­рөгийн алдагдалтай ажилласан тооцоо бий. Энэ жил мөн ал­дагдалтай ажиллах төлөвтэй байна. Гэхдээ тарифын хөнгөлөлтийн алдагдлыг аль болох бага гаргахаар тооцоолсон бөгөөд хамгийн гол нь хэмнэлтийг бий болгож байгаа. Эрчим хүч хэмнэлтийн хууль гарсантай холбоотойгоор эрчим хүч нэлээд хэмнэх байх гэж бид харж байна. Хэмнэлтээс гарсан ашгийг иргэдэд тарифын хөнгөлөлт болгон өгч байна гэж ойлгох ёстой. 

-Цахилгаан станцууд 116 мянган өрхийн шөнийн цахил­гаан ачааллыг дий­лэх хэмжээний хүчин ча­дал үнэхээр байгаа юу?
-Ачааллыг дийлж байгаа. Шөнө 60 мВт ачаалал авч байгаа нь боломжийн тоо.

-Хотын захын айлууд халаагуур хэрэглэх гэхээр эрчим хүч нь хүрэхгүй байх нь бий. Энэ байдлыг яаж залруулах вэ?
-Алслагдсан гэр хорооллын айлуудад эрчим хүчний уналттай очиж байгаа. Энэ нь техникийн асуудал. Хамгийн гол нь тухайн трансформаторт хүчин чадлын хэмжээ байдаг. Гэтэл иргэд түүнээс давсан хэрэглээг холбосноор хүчдэл унадаг. Улсын төсвийн хөрөнгөөр эсвэл орон нутгийн хөрөнгөөр тухайн өрхүүдийн шугам сүлжээг өргөтгөж, чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчийг 220 кВт-д барих арга хэмжээ авах нь зүйтэй.

-Төлбөрийн үлдэгдэлтэй өрхөд хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн асуудал гарсан. Энэ талөөр тодорхой мэдээлэл өгөөч? 
-Хэрэглэсэн эрчим хүч­ний төлбөрөө төлөх нь ир­гэ­ний үүрэг. Нөгөө талаас цахил­гаан хэрэглэсэн төлбөрөө тө­лөө­гүй гээд хөнгөлөлт өгөхгүй,  ха­лаа­гуур ажиллуулах боломж олгохгүй гэсэн үг биш шүү дээ.