ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Сүх-Эрдэнэ: Эрчим хүчний салбарт инженерүүдийг бэлтгэхэд анхаарах нь чухал

O.Admin
2019-11-04

Монгол улсын  Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” болох гэж байна. Энэ талаар НАМЗХ-ны Аж үйлд­вэр эрчим хүчний хорооны гишүүн, УБЦТС ТӨХК-ийн Баян­гол хэрэглэгчдэд үйлчлэх тө­вийн дарга Б.Сүх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Төр мэдлэгтэй залуусаа дэм­жиж, үндэсний хэмжээнд үгийг нь сонсохоор Төрийн ор­донд чуулган зохион бай­гуу­лахаар болжээ. Мөн өнгөрсөн хуга­цаанд үндэсний хэмжээний чуул­га­ны урьтал болгож, салбар бү­рээр чууллаа. Тухайлбал, эр­чим хүчний салбарын залуус юу ярьж, ямар санаа оноо дэвшүүлэв?

-“Залуу инженерүүдийн үн­дэс­ний чуулган-2019” чуулга­ныг арваннэгдүгээр сарын 05-ны өдөр /маргааш/ зохион байгуулах ажлыг НАМЗХ-ны Аж үйлдвэр, эрчим хүчний хорооноос санаачлан зохион байгуулж байгаа. Энэ ажлыг угтсан салбар хэлэлцүүлэг болж, ажил нэлээд идэвхтэй өрнөлөө. Тухайлбал, Эрчим хүчний залуу инженерүүдийн салбар хэлэлцүүлэг аравдугаар сарын 29-ны өдөр “ТЭЦ-З”-т болж өнгөрлөө. Залуу инженерүүдийн дунд ийм төрлийн хэлэлцүүлэг өмнө нь болж байгаагүй учир залуусын дунд хүлээлт байсан гэдэг нь харагдсан. Хэлэлцүүлэгт 350 гаруй залуу оролцлоо.    

-Залуусын  зүгээс ямар санал санаачилга гаргаж байна вэ. Төр олон жил залуу үеээ, тэр дун­даа ин­женерүүдээ сонсоогүй.  Сал­бар бүрт инженерүүдийн дуу хоо­лой үгүйлэгдэж байна шүү дээ? 

-Энэ арга хэмжээ нь Ерөнхий сайдын ивээл дор болж байгааг онцлон хэлье. Улмаар,  Засгийн газарт залуусын саналыг нэгтгэн хүргэж байгаа гэдгээрээ илүү ач холбогдолтой. Залуус ч өөрсдөө ихээхэн ач холбогдол өгч байсан. Тэд XXI зуунд өөрсдийгөө боловс­руулах,  шинэ техник технологийг нэвтрүүлэх хэрэгтэйг хэлж байна. Мөн эрчим хүчний салбарт ухаалаг тоног төхөөрөмж нэвтэрч байгаа учир бид бэлэн байх шаард­лагатай гэдгийг онцолж, энэ орчныг бүрдүүлж өгөөч хэмээн хүсч байна. 

-Эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд залуу боловсон хүчнээр эгнээгээ нэгтгэж, энэ чиглэлээр сурах хүсэлтэй залуусын тоог нэмж байна уу гэж харагддаг. Та салбарт нь ажиллаж байгаа хүний олж харсан л байх? 

-Инженерийн сэтгэлгээтэй, ин­женер болох хүсэлтэй залуу­сыг бодлогын хэмжээнд нэмэх шаардлага байгааг хүлээн зөвшөөрнө. Инженерээр элсэж буй залуус нийт элсэгчдийн 15 хувийг эзэлдэг гэсэн тоо бий. Тэгэхээр энэ тоог нэмж, хамгийн багадаа л 30 хувьд хүргэх шаардлага ч бас байгаа. Манай улс цаашдын хөгжлөө эрчим хүчгүйгээр төсөөлөх аргагүй. Суурь дэд бүтэц болох  эрчим хүчний салбарт инженер залуусыг бэлтгэхэд анхаарах нь чухал. Мөн энэ чиглэлийн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэн төгсгөж байгаа сургуулийн сургалтын орчныг сайжруулах шаардлагатай. Түүнээс гадна дадлага хийх явцад сургалтын орчин, баазаар сайн хангах шаардлагатай ч залуус хэлдэг. Тэд “Биднийг дадлага хийж байхад гар хөлийн үзүүрт зарахаас бус, зааж сургах талаар дутмаг байдаг” гэдэг. Тэгэхээр оюутнуудын дадлагын хугацаа заримдаа үр дүнгүй өнгөрдөг гэсэн үг л дээ. 

-Өнөөгийн залуусын мэргэжил сонгох байдал, тэдний хөдөлмөр эрхлэх орон зай хэр хангалттай байдаг гэж боддог вэ? 

-Нэг талаас их дээд сургуулиуд сурах орчныг сайн бүрдүүлээд, оюутан өөрөө суралцах хугацаандаа үндсэн мэдлэгээ өндөр түвшинд олж авч чадвал дараа нь ямар ч байгууллагад орсон бэлтгэгдсэн байх шаардлагатай. Тэгэхээр оюутнууд өөрсдийгөө хөгжүүлэхэд нэн тэргүүнд  анхаарах хэрэгтэй юм.  

-Улс төрийн талаас нь харвал НАМЗХ нь  залууст чиглэсэн ямар ажлуудыг хийж байна вэ. Энэхүү үндэсний хэмжээний чуулганаар залуу үед чиглэсэн олон ажлын гарц нээгдлээ гэж дүгнэж болох уу? 

-Тийм л дээ. Нэг талаас том чуулган зохион байгуулж байгаа нь залуус дуу хоолойгоо чөлөөтэй илэрхийлэх боломж  олгож байгаа хэрэг. Мөн залуус юу илэрхийлж, юу хүсэж байна, цаашид  яах вэ гэдэг саналыг сонсоно. Ингэснээр ирээдүйд ажиллах боломж бололцоо ямар байгааг харахыг зорьсон. Мөн манай салбарын хэлэлцүүлгийн үеэр залуус өдөр тутмын ажилд нухлагдаж, мэдээ мэдээллээс хоцорч байна гэдгийг онцолж байсан.  Тэгэхээр энэ арга хэмжээг зохион байгуулснаар залуус мэдээлэлд ойртох, бие биенээсээ суралцах орчныг бүрдүүлж өгөх давуу талтай гэж харлаа. Намын дэргэдэх НАМЗХ нь залуу үед чиглэсэн олон ажил зохион байгуулдаг. Түүний үргэлжлэл гэж хэлж болно. 

-Зөвхөн эрчим хүч гэхгүй салбар бүрт залуусын ажлын үнэ цэнэ, үнэлэмжийг нэмэг­дүүлэх талаар Монголын төр хэрхэн ажиллавал зохих вэ. Хувь хүний хувьд байр сууриа илэрхийлээч? 

-Залуу хүн хаана ажиллаж байгаагаас үл шалтгаалахгүйгээр нийгэмдээ үүрэг хариуцлагатай байх, түүнийгээ ухамсарласан,  ажил хийж байгаа бол түүнийхээ төлөө сэтгэлээ зориулах ёстой л гэж боддог. Ингэсэн цагт байр сууриа та хэн нэгний дэмжлэггүйгээр өөрөө бий болгоож чадна. Тийм боломж залуус бидэнд үргэлж нээлттэй байдаг. Төр засаг бэлдэж өгөх ёстой, ажлын байр бэлэн байх ёстой гэдэг бэлэнчлэх сэтгэлгээг устгах хэрэгтэй юм. Өөрөө өөрсдийнхөө үнэлэмжийг бий болгох хэрэгтэй шүү гэж хэлье. 

-Тухайлбал, эрчим хүчний салбарт залуусын ажиллах орч­ныг бий болгохын төлөө зорьж явна гэж ойлгож болох уу? 

-Бэлтгэх  гэхээс илүү залуусыг сонсож, салбартаа ямар мэдлэг туршлагатай, хаана чадвараа дээшлүүлсэн гэдгийг салбар хэлэл­цүүл­гээр ярилцаж, ойр­туулж чадлаа. Ингэснээр ямар салбарт хэн юу ярьж байна вэ, эрчим хүчний системд юуг анхаарах шаардлагатай, хэн бодлогын хэмжээний зүйл ярьж, өөрөө  зөв төлөвшсөн бэ гэдгийг мэдлээ. Тэднийг нээж өгч байгаа нь чуулганы гол зорилго байсан.  

-Монголд эрчим хүчний салбарын чиглэлээр гадаадад өндөр боловсрол эзэмшсэн боловсон хүчин хэр их байна вэ. Тэд ирж дуу хоолойгоо гаргав уу? 

-Тун чамлалтай санагдсан. Салбарын хэлэлцүүлэг өрнөж, залуус олон ирж байлаа. Гэхдээ гадаа­дад мэргэжлээрээ суралцаж, эсвэл мэргэжил дээшлүүлсэн залуу­чууд маш бага байсан. Тиймээс гадагшаа туршлага солил­цох, гадаадад мэргэжил, мэдлэгээ дээшлүүлэх талаар анхаарах шаардлага байгаа гэдэг нь харагдсан. Мягмар гарагт болох үндэсний чуулганы нэг том агуулга, зорилго ч энэ чиглэлд байх болов уу гэж харж байна.