ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Э.Тэмүүлэн: Дамбадаржаалин хийдийн ойр орчмыг амралт зугаалгын бүс болгохоор төлөвлөсөн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-07

Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газраас  өчигдөр мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ бусад хотуудын стандартаас 5-6 дахин бага байдаг аж. Тэгвэл төлөвлөлтийн  дагуу  2030-2040 оны хооронд энэ хэмжээг нэмж буй. Энэ талаар болон бусад асуудлаар Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн архитектор Э.Тэмүүлэнгээс тодрууллаа.

-Нийслэл хотын нийтийн эзэмшил газрыг засаж тохижуулахад ямар  шат дараатай ажилладаг вэ. Санал авчихаад ажил хэрэгж­дэггүй гэдэг асууд­лыг иргэд тавьдаг?
-Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламж, тохи­жил­тийг  ИТХ-ын тог­тоо­лоор баталсан. Нийтийн эдэл­бэр газрыг тохижуулах жур­мын дагуу үйл ажил­ла­гаа­гаа явуулдаг юм. Ний­тийн эдэлбэр газрыг тохи­жуу­лахын тулд хороо, дүүргийн төлөөлөгч тухайн орчиндоо  ямар тохижилт хийлгэх хүсэл­тэй байгаа талаарх  иргэн болон,  аж ахуйн нэгжийн мэдээлэл авна.  Улмаар хүсэлтийг байршилд нь судалж  ирэх жилийн төсөвт суулгаж өгдөг. Суусан төс­вийн дагуу манайхаас тохижил­тын даалгаврыг гар­га­на. Ингэхдээ тухайн газарт шаардлагатай бүтээн бай­гуу­лалт, тоглоомын тал­бай зэрэг хэрэгтэй зүйлийг даал­гавар­таа тусгасны үнд­сэнд гаргадаг юм. Зураг төсөл батлагдсаны дагуу гүйцэтгэлийн ажлаа хийж эхлэх журамтай. Нийс­лэлийн хэмжээнд есөн төрлийн тохижилт хийдэг. Үүнд  цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж,  хүүх­дийн тоглоомын  талбай, спортын талбай,  унадаг дугуйн зогсоол гэх мэтчилэн тохижилтын төрлүүд бий. 

-Нийслэлийн нэг ир­гэнд ногдох ногоон бай­гуу­ламжийн хэмжээг бага гэж үздэг. Цаашид энэ талаар ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-2018 онд батлагдсан Улаан­­баатар хотын цэцэр­лэг­жүү­лэл­тийн мастер тө­лөв­­лө­гөө­ний судалгаанд ний­тийн эдэлбэр талбайд нэг хүнд ногдох ногоон бай­гууламжийн хэмжээг дурдсан байдаг. Ингэхдээ  2.3 метр квадрат байна гэж заасан. Энэ тоо нь дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад тун бага үзүүлэлт байсан. Тиймээс Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газ­раас гаргасан судалгаагаар 2030-2040 он хүртэл  нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг  96 метр квадратад хүргэхээр тусгасан. Мөн суурьшлын нутаг дэвс­гэ­рийн 60 орчим хувийг эзэлж буй гэр хорооллын хэт төвлөрлийг сааруулан, цэцэр­­лэгт хүрээлэн бай­гуу­лах зэргээр ногоон бай­гуу­лам­жийн хэмжээг нэмэхээр төлөвлөлөө. 

-Одоо хийж буй томоохон ажлуудын талаар мэдээлэл өгөөч? 
-Энэ жил нийслэлд 150-200 орчим байршилд хүүхдийн тоглоомын талбайн ажил хийсэн. Орон сууцны тог­лоомын талбай нь том тохижилтын талбайг бодоход бичил ажил учраас 1-2 сарын дотор хийдэг юм.  Харин тохижилт, ногоон бай­гуу­ламж авто зог­соолыг нэмэхэд   2030 оны хөгжлийн чиг хандлагаа барьж ажилладаг. Ямар ч тохижилтын ажил 3-5 жилдээ үргэлж шинэчлэгдэж байдаг учраас төлөвлөлтийн даалгавар нь ч гурван жилийн хугацаатай байдаг. Өнгөрсөн онд төлөвлөлтөөр 20 километрийг тохижуулах даалгавар гарсан. Мөн 340 гаруй га талбайд томоохон цэцэрлэгт хүрээлэн хийхээр төлөвлөсөн.  Харин 2019 онд 66 га цэцэрлэгт хүрээлэнг  нэмж байгуулах төлөвлөгөө гаргасан юм.  Одоогийн байд­лаар Баянзүрх дүүргийн гурав болон дөрөвдүгээр хороо­ны нутагт байрлах Хил хам­гаа­лах ерөнхий газрын баруун талд томоохон хэм­жээ­ний спорт талбай хэрэг­жил­тийнхээ үе шатанд явж байна. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар барил­га­жаа­гүй удсан газрыг  чөлөөлж, дахин тохижуулах зураг төслийн ажил үргэлжилж байгаа.

-Тухайлбал ямар тохи­жилтын ажил байгаа вэ? 
-Тухайлбал, Хуучнаар Ялалт кино театрын хойно Дипломат 95 орон сууцын урд бичил цэцэрлэгт хүрээлэн болон “Резинка” төвийн урд томоохон хэмжээний талбайд тохижилтын ажлын зураг хийгдэж байна. Ингээд 2020 онд хэрэгжүүлж эхлэх юм.  Нийслэлийн хэмжээнд одоо­гоор Үндэсний цэцэрлэгт хүрээ­лэн­тэй дүйцэхүйц, томоохон хэмжээний долоон цэцэрлэгт хүрээлэн хөгж­лийн чиг хандлагаар бат­лагд­сан байдаг.  Үүнд  “Агро парк”, “Тахилт”-д байдаг цэцэр­лэгт хүрээлэн болон “Дамба­даржаалан” хийдийн зүүн талд байдаг цэцэрлэгт хүрээ­лэн байна. Эдгээрийн зураг төслийг хийчихсэн байгаа учраас цаашид үе шаттайгаар хэрэгжинэ. Бид  тухайн тохижилтын орчинд шаардлага тавихдаа эхний ээлжинд инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг анхаардаг. Ялангуяа дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурваст мод, бут тарихдаа үндэс,   төрлөөс хамаарч тарьдаг. Мөн өндөр хүчдэлийн цахилгаан шугамын доор бага насны хүүхдийн тоглоомын талбай бариулахгүй байх гэх мэт зүйлүүдэд шаардлага тавьж байна. Мөн Улаанбаатар хотын хойд хэсэгт буюу Дамбадаржаалин хийдийн ойр орчмыг амралт зугаалгын бүс болгохоор төлөвлөсөн. 

-Ажил гүйцэтгэх явцад тулгамдсан асуудал их гардаг байх?
-Бид зураг төслийн дагуу хийсэн эсэхийг шалгаж үзэхэд гүйцэтгэлийн шатанд зөрчил дутагдал их гарна. Тухайлбал, Бидний баталсан зургийн дагуу явган хүний зам зэргийг хийгээгүйн улмаас тэнд халтиргаа, гулгаа үүсэх гэх мэт асуудал гарна. Үүнд хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар нийслэлийн харьяа бай­гуул­лага хяналт тавьж холбогдох зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч байгаа.