ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Ням-Очир: БНХАУ-д сурах бичиг хэвлүүлсэн компанийг хар жагсаалтад оруулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-11

БНХАУ-аас “Очир пресс” ХХК-д хэвлэв гэсэн бичигтэй их хэмжээний сурах бичиг нэвтрүүлэх гэж байгаад баригдсан хэрэг болон сурах бичигтэй холбоотой бусад асуудлын талаар БСШУС-ын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа.

-Энэ жилээс эхлэн сураг­чид сурах бичгээ сур­гуулийн номын сан­гаасаа түрээслэх журмаар хэрэг­лэдэг байхаар шийд­вэрлэсэн. Гэвч хоёрдугаар улирлын хичээл эхэлчихээд байхад сурагчид сурах бичгээ хүлээсээр байна. Сурах бичгүүдийг хэзээ бүрэн тарааж дуусах вэ. Яагаад ингэж удааширсан юм бол?

-Есдүгээр сарын 1 гэхэд 460 мянган хүүхдийн сурах бичиг сурагчдын гар дээр оччихсон байсан. Энэ бол бага ангийг 100 хувь, 6-9 дүгээр ангийн 40 хувийг хангах хэмжээний сурах бичиг. Түрээслэх буюу төлбөртэй ашиглах үйл­чилгээнд 6-12 дугаар ан­гийн сурагчдын 60 хувь буюу 160 мянган хүүхдийг хам­руулах юм. Түрээслэх сурах бичиг оройтсон шалт­гаан нь тендер орой­тож зарласантай хол­боо­той. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны 2019 оны төлөвлөгөөнд эдгээр сурах бичгийг хэвлэх зардал суугаагүй байсан. 2018 онд 6-9 дүгээр ангийн сурах бичигт зохиомол хомсдол бий болсон юм. Сурах бичгийн үнэ хямд байсантай холбоотой бөөнөөр нь худалдаж аваад үнийг нь нэмж борлуулдаг бизнес бий болсон гэсэн үг. Үүнээс үүдэн сурах бичгийн худалдаа мэргэжлийн байгууллагын хяналтаас алдагдаад байлаа. Мөн хөдөө орон нутгийн алслагдсан бүсүүдэд сурах бичиг нийлүүлэх сүлжээ  боловсронгуй болоогүй учраас тэнд сурах бичиг очих боломжгүй. Энэ мэт асуудал байсан учраас сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан 100 хувь олгодог байхаар Засгийн газраас шийдвэрлэсэн. 6-12 дугаар ангийн гурван сая орчим сурах бичиг хэвлэх шаардлага үүссэн гэсэн үг. Үүнийг нэг дор хэвлэх хүчин чадалтай хэвлэлийн компани байхгүй. Гэтэл Засгийн газрын тогтоолоор хэв­лэлтийг дотоодын үйлд­вэр­лэлээ дэмжих үүд­нээс заавал дотооддоо хэв­лэх ёстой гэж заасан бай­даг. Ингээд дотоодын үйлд­вэрүүдийн хүчин чадалд тааруулахын тулд сурах бичгүүдийг багцалсан юм. Засгийн газрын шийдвэр гарсны дараа журмыг батлах, Азийн хөгжлийн банкны төлөвлөгөөнд тусгуулах, багцлах гэх мэт шат дамжлага явсаар байгаад эхний тендер долдугаар сард зарлагдаж, наймдугаар сарын 5-ны өдөр эхний тендер нээгдэж, Азийн хөгжлийн банк руу явуулсан. Дараагийнх нь наймдугаар сарын 17-нд явсан. Азийн хөгжлийн банк өөрийн худалдан авах ажиллагааны журамд нийцүүлж бүгдийг нь нэг бүрчлэн хянасан. Ингээд есдүгээр сарын 25-нд эхний гэрээ байгуулах эрх ирсэн юм. Дараагийн гэрээ байгуулах эрх нь аравдугаар сарын 25-нд ирсэн. Ингээд тендерт шалгарсан компаниуддаа мэдэгдэж хэвлэх ажил эхэлжээ. Бүх зүйл хууль дүрмийн дагуу явсаар ийм хугацаа шаардагдсан гэсэн үг. Одоо бол бүх сурах бичиг хэвлэгдэж дууссан, өнөөдөр гэхэд бүх сурах бичиг сурагчдын гарт очно. 

-Түрээсийн мөнгөө төл­чихсөн сурагч өөр газарт шилжин суурьших бол сурах бичгээ аваад явж болох уу. Үүнийг хэрхэн зохицуулах юм бэ?

-Аймаг дотроо бол сурах бичиг­тэйгээ шилжиж болно. Харин аймаг хооронд боловс­ролын салбарын мэдээллийн системд бүртгэл мэдээлэл нь орсон байгаа учраас шилжиж очсон сургууль нь шууд сурах бичиг олгодог байдлаар зохицуулалт хийж байна. 

-Ерөнхий боловсролын сургуульд “Цөм хөтөлбөр” хэрэгжүүлж, ээлж дараа­лан сурах бичгээ шинэ­чилсэн. Гэтэл хэдэн зуун саяар тоологдох хөрөн­гөөр хэвлэгдсэн эдгээр сурах бичгүүд шинээрээ шахам хогийн цэгийг дүүр­гэж байна. Үүнд яам ямар бодлого баримталж, хэр­хэн хяналт тавьж байгаа юм бэ?

-Бага анги болон 6-12 дугаар ангийн сурагчдын 40 хувийг сурах бичгээр үнэ төлбөргүй хангаж байгааг сая хэллээ. Эдгээр сурах бичгүүд тухайн сур­гуулийн өмчид үл хөдлөх хөрөн­гөөр бүртгэгддэг. Тий­мээс эдгээр сурах бич­гүү­­дийг актлахын тулд Өмчийн харилцааны газраас зөвшөө­рөл авч байж акталдаг. Нэгэнт зөвшөөрлийг нь аваад актлагдсан сурах бичгийг юунд зарцуулах нь тухайн сургуулийн мэдлийн асуудал. Тухайн орон нутаг, мэргэжлийн байгууллагын зөвлөгөө зааврын дагуу л явна. Ашиглах боломжгүй болсон сурах бичгийг хувьд устгахаас өөр арга байхгүй. Сургалтын хөтөлбөрийн ойр ойрхон шинэчилснээс сурах бичгийг мөн өөрчлөх шаардлага үүсч үүнийг дагаад маш их сөрөг талууд бий болж байсан. Тиймээс энэ гажуудлыг засахын тулд Засгийн газраас сургалтын хөтөлбөрийг шинэчлэхгүйгэр зөвхөн доторх алдаатай зүйлсийг сайжруулаад явна гэж шийдвэрлэсэн. Цаашид сургалтын хөлбөрийг багадаа 10 жилийн давтамжтайгаар өөрчилдөг байхаар тогтсон. 

-Сурах бичиг хэвлэх тендер авчихаад БНХАУ-д хэвлүүлэн хилээр оруулж ирэх гэж байгаа баригдсан асуудал юу болсон бэ. “Очир пресс” ХХК-д ямар хариуцлага тооцох вэ?

-Гэрээгээ зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан энэ компанид мэдээж хариуцлага тооцно. Хар жагсаалтад оруулна. 

-Тендерт шалгарсан ком­паниудад тавих хяналт сул байгаагаас л ийм асуудал үүсч байгаа байх. Хяналтыг хэрхэн тавьдаг юм бэ?

-Үгүй. Бид бол бүх явцын хяналтыг тавьж байсан. Энэ компани манайхтай гэрээ байгуулахдаа сурах бичгийг дотооддоо үйлдвэрлэнэ. Хэрэв гуравдагч этгээд орж ирвэл яамнаас заавал зөвшөөрөл авна гэж гэрээ байгуулсан. Гэтэл үүнийгээ зөрчсөн байгаа. 

-Сурах бичгийг хэвлэх компаниудыг шалга­руу­лах­даа ямар шаардлагыг тавьдаг юм бэ?

-Хүчин чадал, хүний нөөц гэх мэт бүхий л шаардлагыг тавьдаг.