ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Батболд: “Фэйсбүүк” компаниас хууль бус үйл ажиллагаа явуулсан 23 группыг хаасан

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-13

Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Т.Батболдоос цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-Монгол Улс хэчнээн мянган интернет хэрэг­лэгч­тэй вэ. Судалгаагаар Ази тивдээ дээгүүрт бичигд­дэг гэсэн?
-Одоогийн байдлаар 2.2 сая фэйсбүүк, 44 мянган твиттер, 100 мянга орчим инстаграмм хэрэглэгчтэй гэсэн судалгаа бий.  

-Танайхаас “Ногоон су­ваг” буюу шууд харилцах цахим сувгийг нээсэн бай­гаа шүү дээ. Энэ талаар мэдээ­лэл өгөхгүй юу?
-Манайхаас “Фэйсбүүк” ком­панийн хамтын ажиллагааны үр дүнд хууль бус контен­тын талаарх гомдол хүсэл­тийг түргэн шуурхай шийд­вэр­лэх, зохицуулалтыг хэрэг­жүү­лэхэд шаардлагатай “Ногоон суваг” буюу шууд харилцах цахим сувгийг анх удаа албан ёсоор нээсэн.
 Өөрөөр хэлбэл, хууль  бус контент, хуурамч хэрэглэгчийг устгах процессыг хурдасгаж өгдөг суваг гэж ойлгож болно. Холбогдох эрх бүхий байгууллага  контент нь хууль бус байна гэсэн дүгнэлт гарвал ногоон сувгаараа дамжуулж, фэйсбүүк рүү илгээж, асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг. Тухайлбал, хүчирхийлэл болон гэмт хэргийн шинж чанартай, Олон нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц, амиа хорлолт ба өөрийгөө золиослох, хүүхдийн бэлгийн мөлжлөг, садар самуун, дээрэл­хэх, дарамтлах, хувийн мэдээллийн нууцлал, үзэн ядах үг хэллэг, спам, худал мэдээлэл, оюуны өмч, хуурамч  бараа бүтээгдэхүүн зэрэг асуудал хамаарч байгаа.  

-Иргэдийн гомдлыг хэр хугацаанд шийдвэрлэх боломжтой вэ?
-Тохиолдол тус бүрээс хамаараад өөр,  өөр хугацаа шаардлагатай болдог. Илт хуурамч хаягийг хаалгах хүсэлт ирэх өдөрт нь багтаад хаах боломжтой. Харин текстийг уншиж, ойлгох шаардлагатай учраас монгол хэлтэй хүмүү­сээр анализ хийлгэх хэрэг­тэй болдог. Үүнд 2-3 өдөр шаарддаг.  Фэйсбүүк компанийн зүгээс монгол хэлтэй хүмүүсийг ажилд авах бодлого барьж байна.

-Интернет орчинд улс­төр­чидтэй холбоотой бага­гүй санал, шүүмжлэл явдаг. Үүнийг “Ногоон суваг”-аар зохицуулах уу?  
-Үгүй. Фэйсбүүк компанийн “Community standards”-ийн дагуу “public figure” буюу улс төрийн албан тушаалтан, тэдгээртэй холбоотой шүүм­жилсэн, гүтгэсэн, дором­жилсон агуулгатай аливаа төрлийн мэдээ, мэдээлэлтэй холбоотой гомдлыг “Ногоон суваг”-аар хүлээж авахгүй. Учир нь үзэл бодлоо илэрхийлэх олон улсын хэм хэмжээний дагуу олон нийт нь улс төрийн албан тушаалтны талаар хэлэлцэх, шүүмжлэх, мэдээлэл солилцох бүрэн эрхтэй юм.  Харин “гүтгэсэн” асуудлаар хууль хяналтын байгууллагаар асуудлаа шийдүүлэх боломжтой.

-Одоогоор хэчнээн аккаунт устгасан бэ?
-Энэхүү ажил эхлээд удаагүй. Энэ оны зургадугаар сараас эхлээд өнгөрөгч аравдугаар сараас албан ёсоор “Ногоон суваг”-ийг   нээсэн. Энэ хугацаанд нийтдээ 17 хүсэлтийг илгээсэн байгаа. Түүнээс гурав нь татгалзсан хариу авсан. Бусад нь устгагдсан. Оюуны өмчийн зөрчилтэй 85 контентыг фэйсбүүкээс устгууллаа. Хууль бус үйл ажиллагаа явуулсан 23 фэйсбүүк  группыг хаалгасан.

-Иргэд хуурамч хаягийг репорт хийлгэж, Фэйсбүүк компанид илгээдэг. Энэ үйл явц хэвээрээ юу?
-Хэрэглэгчдийн рефорт хийх, мэдээлэх функц хэвээрээ. Харин “Ногоон суваг”-ийг нэмэлт шугам гэж хэлж болох бөгөөд яаралтай шийдвэрлэх шаардлагатай хүсэлтийг хүлээн авах зорилготой.

-Иргэдийн зүгээс интер­нет орчныг хязгаарлах асуудлыг хөндөж байна. Энэ хэр боломжтой хувил­бар вэ?
-Интернет чөлөөтэй байх ёстой. Түүнээс гадна маш олон давуу талтай. Харин үүнийгээ дагаад  сөрөг зүйлс  бий. Энэ асуудалд төр засгаас хяналт тавихаас илүүтэй олон нийтийг зөв мэдээ мэдээллээр хангах шаардлагатай юм. Олон нийтийн зүгээс хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж байна гэсэн гомдлыг их хэлдэг. Тиймээс эцэг эхчүүд бага насны хүүхдээ  цахим орчинд хэрхэн аюулгүй оролцуулах уу,  хэрхэн хамгаалах вэ гэдгээ мэддэг байх ёстой. Манайхаас Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд холбогдох газруудтай хамтран  сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулаад явж байна. Мөн хүүхдийг хамгаалах чиглэлээр 30 орчим постер бэлдэж байна. Энэ ажил удахгүй бэлэн болж, олон нийтийн хүртээл болно.