ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Миня: Шахмал түлшний явуулын цэг байгуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-15

 “Сайн” карт, шахмал түлшний борлуулалтын цэгийн талаар  “Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалт,  маркетингийн хэлтсийн дарга Д.Минягаас тодрууллаа. 

-Иргэд  “Сайн” картаа бүрэн хэрэглэж хэвшсэн үү?
-“Сайн” карт хороодоор дамжиж иргэдийн 90 орчим хувьд нь хүрсэн. Харин иргэд картаа амьдралдаа хэвшүүлэх шаардлагатай байна. Учир дутагдалтай зүйл олон бий. Борлуулалтын цэгт очоод  картаа мартсан, гээсэн, гэмтээсэн гэдэг асуудлыг ярьж картгүй авах гэхэд борлуулагч  өгсөнгүй гэдэг асуудал гардаг. Цаг хугацааны асуудал ч гэлээ хэвшүүлэх нэн шаардлагатай.

-“Сайн” карт ямар үүрэгтэй вэ. Хэдий хэмжээний шах­мал түлш хэрэглэх хязгаар тогтоосон бэ? 
-Төлбөрийн хэрэгсэл биш, хяналтын карт шүү дээ. Иргэдийн дунд ташаа ойлголт байгаа. Хүйтний улиралд буюу таван сарын хугацаанд гурав орчим тонн шахмал түлшийг авах боломжтой гэдэг утгаар нь ийм хэмжээ тогтоосон. Тэгэхээр хэрэглэгчдэд долоо хоногтоо зургаан шуудай буюу 150 кг сайжруулсан шахмал түлшний хязгаар  тавьсан. Ингэхдээ иргэдийг өөрт хамгийн боломжтой хувилбараар төлбөр тооцоогоо хий гэж байгаа юм. Бэлэн мөнгөтэй хүмүүс нь бэлэн мөнгөө,  банкны карттай нь посс машинд  уншуулаад төлбөрөө төлөх боломжтой.  Гэхдээ  картаа заавал уншуулна. Нэг ёсондоо мэдээлэл  дамжуулж байгаа гэсэн үг. Жишээлбэл, хэн хэчнээн хэмжээний түлш авч байгаа вэ гэдэг хэрэглээг нь хянадаг. Магадгүй ирэх жил бодлогын түвшинд өөр ямар алхам хэрэгжүүлэх вэ гэдгээ ч судалж байгаа хэрэг. Шахмал түлш төлдөггүй хүмүүсийг ч бас харж байгаа. Магадгүй шахмал түлш төлөхгүй байгаа айл халаалтын ямар нэгэн шийдэл гаргасан  байж болно. Эсвэл бүр өөр зүйл түлдэг ч байж болно. Энэ нь мониторонгийн нэг хэрэгсэл гэж ойлгож болно. 

-Гурван тонноос илүү өгөх боломж бий юу. Тухайлбал нам даралтын зуухтай айлд их хэмжээгээр орж байгааг иргэд хэлж байна лээ?
-Гурван тонноос дээш хэмжээгээр өгөх боломжийг олгоно. Учир нь, айл бүр харилцан адилгүй, амьдрах орчин, хэрэглэж буй зуух бүр өөр шүү дээ. Жишээлбэл, нам даралтын зуухтай айл хэрэглээ өндөр байхад, монгол гэрт амьдардаг өрх гурван тонн түлшийг бараг хоёр жилийн турш түлэх боломжтой. Тиймээс үүнд уян хатан хандах зохицуулалт хийнэ. Энэ ажил шинэ ажил учир явцын дунд шийдэх асуудал олон бий. Гэхдээ ес эхлэхээс өмнө жигдрүүлнэ. 

-Хэрэглэхгүй байгаа айлын картыг өөр нэг айл ашиглах боломж бий юу?  
-Бидний зүгээс заавал “ингэ,  тэг” гэж хэлэхгүй.  Айл өр­хийн хоорондын асуудал. Гэх­дээ ту­хайн айл өөрийнхөө хэрэг­цээг нэн түрүүнд хангах ёстой юм. 

-Нийслэл хотод түр оршин сууж буй иргэдэд карт өгөхгүй байна гэж мэдээлсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Манай компанийн зүгээс хороодод түр оршин суугчдыг бүртгээд манайхаас картаа ав гэдэг мэдээлэл өгсөн. Түр оршин суугчид  энэ жил нийслэлд өвөлжиж, яндангийн тоо нэмэх учир манай зорилтот хэрэглэгч мөн. 

-Борлуулалтын цэг одоо хангалттай болсон уу?
-Борлуулалтын цэгийн тоог бага багаар нэмж байгаа. Цаашид явуу­лын борлуулалтын цэг бай­гуу­лахаар төлөвлөж байгаа. Нийслэлийн уулар­хаг газар, үерийн далан хавьцаад оршин суудаг айлууд ор­чим борлуулалтын цэг байдаггүй. Тий­мээс эдгээр газруудад явуулын бор­луулалтын цэг байгуулна. Одоогоор бэлтгэл ажлаа хангаад явж байна. 

-Түлшээс гарсан үнсийг ир­гэдээс худалдан авч,  блок­ны үйлдвэрт нийлүүлнэ гэж ярьж байсан. Энэ ажил  ямар шатандаа явж байна вэ?
-Мэргэжлийн хүмүүс судал­гаа хийгээд ажиллаж байгаа байх. Шинжлэх ухааны үндэс­лэлтэй төсөл хэрэгжих байгаа. Үнсийг блок болон зам засварт ашигладаг олон улсын туршлага байдаг. Зөвхөн улс гэхгүйгээр, олон нийтийн санаачилга маш чухал. Бүх зүйлийг улсаас хардаг цаг үе өнгөрсөн. 

-Түлшний нөөц хэр байгаа бол?
-Түлшний нөөц 130 орчим мянган тонн байгаа. Боломжийн хэмжээ гэсэн үг л дээ. Дөрвөн үйлдвэрт 12 шугам байрлуулах байснаас өнөөдрийн байдлаар наймыг нь бүрэн суурилуулсан. Хоёр нь суурилагдаж зүгш­рүү­лэл­тийн ажил явж байна. Энэ нь нийслэлийн түлшний хэрэгцээг өвлийн турш хангах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.