ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Оюунчимэг: 10 эмгэг тутмын тав нь сэтгэцийн эмгэг байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-11-18

Сэтгэцийн эрүүл мэндийн талаар СЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, АШУ-ны докторант, тэргүүлэх зэргийн эмч Н.Оюунчимэгээс тодрууллаа.

-СЭМҮТ 90 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна. Энэ хугацаанд танай байгууллага ямар амжилтаар ойгоо угтаж байна вэ?

-СЭМҮТ 1929 онд байгуулагдсан түүхтэй. Зөвхөн манай төв гэлтгүй хөдөө орон нутаг,  нийслэлийн дүүргүүдэд ажилладаг бүх сэтгэцийн эмч, мэргэжилтнүүдээ урьсан. СЭМҮТ үндсэн мэргэжлийн буюу хөдөө орон нутаг, анхан шатлалын тусламж үйлчилгээний мэргэжил аргазүйгээр хангадаг томоохон төв эмнэлгийн нэг. Тиймээс сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэх, эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлэхэд манлайлдаг. Мөн оношилгоо эмчилгээний 29 стандартыг боловсрууллаа. Эдгээрээс 2019 онд 11 шинэ стандартыг шинэчиллээ. Ингэхдээ мансуурлын шинжилгээ, оношилгоог  шинэчилж боловсруулсан юм. Тэдгээрийг дүүрэг болон хөдөө орон нутгийн эмч нарт гарын авлага болгон тараасан. Мөн 40 гаруй шинэ технологийг нэвтрүүлсэн бөгөөд тавыг  нь нутагшуулж зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан.  

-Сэтгэцийн эрүүл мэндийн  шинэ төрлийн эмийг нэвтрүүлсэн гэж байсан? 

-2016 оноос хойш бид  эмчилгээндээ огцом эргэлт хийсэн гэхэд болно. Өмнө  нь уламжлалт солиорол, сэтгэл гутралын эсрэг эмийг хэрэглэхэд тухайн хүнд гаж нөлөө нь гарч, шүлс нь гоожсон, хөдөлгөөн нь удааширсан  шинж эмдэг илэрдэг байсан. Хэдийгээр тухайн хүний солиорол, сэтгэл гутралын шинж тэмдэг нь арилсан ч гэсэн эмийх нь гаж нөлөө үлдчихдэг. Юм хийх сонирхолгүй, хөшингө байдалтай, хэн ч харсан  эм хэрэглэсэн байна гэж мэдэгдэхээр байдаг. Харин 2016 оноос эхлэн хоёрдогч үеийн эмийг  нэвтрүүлсэн юм. Энэ нь гаж нөлөө, сөрөг үр дагавар багатай, мөртлөө эмчилгээний үр дүн өндөртэй. Эхний ээлжинд  1-2 төрлийн эм хэрэглэдэг байсан бол одоо 30 гаруй сэтгэцийн эмгэг эмчилдэг шинэ эм хэрэглэж байна. Цаашдын гол зорилго нь эдгээр шинэ эмүүдийг дүүрэг болон хөдөө орон нутагт, тэр байтугай сум, багт нэвтрүүлэхийг зорьж байна. СЭМҮТ буюу гурав дахь шатлалын эмнэлэгт хэвтэхдээ эмээ хэрэглэдэг, гарахаараа дүүрэг, сумандаа  эмийн эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэх боломжгүй болчихдог. Эм гаж нөлөөтэй байх нь маш муу. Наад зах нь хөдөлмөрийн чадварт нөлөөлж байдаг. Булчин нь хөшчихсөн хүн ажил хийх хэцүү байдаг учир хэвийн ажил амьдралаа авч явахад  бэрхшээлтэй. Харин шинэ эмийг хэрэглэснээр тухайн хүний сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөгдөж солиорол нь илэрсэн ч  эмгэгээ дарчихаад бусад үедээ хэвийн ажил хөдөлмөрөө эрхлээд , амьдралаа аваад явах боломжтой. 

-Улсын хэмжээнд сэтгэцийн эрүүл мэнд хариуцсан боловсон хүчин хэр хүрэлцээтэй  байдаг вэ?

-Үндэсний хэмжээнд СЭМҮТ-д ажилдаг 727 эмч мэргэжилтэн бий.  Тэдгээрийн 139 нь сэтгэцийн эмч мэргэжилтэн. Үүнээс 84 нь төвдөө ажилдаг.  Мөн  сэтгэцийн мэргэжлийн сувилагчийг  манай төв бэлтгэдэг бөгөөд нийт 237 орчим хүн  бий. Бусад нь мэргэшсэн ажилтанууд байдаг. 2016 оноос хойш сэтгэцийн эмчээр ажиллах хүний тоо эрс нэмэгдсэн. Энэ нь яаж мэдэгдэж байна вэ гэхээр, манайх сургалт, мэргэжил,  аргазүйгээр хангадаг төрөлжсөн нарийн мэргэжлийг олгодог. Энд элсэж буй резиндент эмч нарын тоо 2016 онд 12 байсан бол энэ жил 20 орчим болсон. 

-Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр шинэ төрлийн сэтгэцийн эмгэг нэмэгдээд байна уу гэж харж байна. Жишээлбэл, хүүхэд, залуус өдөр шөнөгүй гар утас үзэж байна шүү дээ?

-Нийт сэтгэцийн өвчлөл дотроо гэмтэл, цус харвалтын дараах байд­лаас үүсэх сэтгэцийн эмгэг баг­гаж байна. Үүний дараа стрессээс шалт­гаалах эмгэг, хүүхдийн  сэтгэ­цийн эмгэг нэлээд нэмэгдэх хандлагатай байгаа юм. Архинд донтох эмгэг их байсан бол  сүүлийн үед мансууруулах  бодисын шалтгаант өвчлөлийн тоо ихсэж байна. Архинд донтох эмгэгтэй хүмүүс шартах хам шинжтэй байсан бол архины шалтгаан нь солиорлын хам шинжтэй болсон.Улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний дийлэнхийг  архины шалтгаант солиорол эзэлж байгаа юм. Харин хүүхэд өсвөр үеийн бүтцийг аваад үзэхэд  яах аргагүй цахим тоглоомд донтох эмгэг  ихэсч байна. Тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхний дунд архаг ядаргаа,  сульдаа нэмэгдэх болсон. 

-Хүүхдийн архаг ядаргаа, сульдаа ямар шинж тэмдгээр илэрдэг вэ? 

-Хүүхдийн архаг ядаргаа нь ядрах, сульдах, эрч хүчгүй болох, анхаарал төвлөрөлт муу, ой тогтоолт муудах, идэвхи чармайлтгүйгээс болж хүүхдийн сурлага муудах, ууртай уцаартай,  бухимдуу  болдог.  Гэхдээ эмчилгээ хийлгэсэн тохиолдолд  үр дүн өндөр байдаг бөгөөд сурагчдын улирлын амралтын үеэр орны тоо ихэсдэг болсон.

-Улсын хэмжээнд СЭМҮТ-ийн хяналтад байдаг хурц эмгэгтэй хэчнээн хүн бүртгэлтэй байдаг юм бэ?

-Хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг 10 эмгэгийн тав нь сэтгэцийн эмгэг байдаг. Сэтгэцийн эмгэгийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон 22 мянга гаруй  хүн үндэсний хэмжээнд байдаг. Үүнээс нийслэлд 12 мянга орчим нь амьдардаг. Манай төвийн польклиникийн идэвхтэй хяналтад 3000 орчим хүн бий. 3000 хүнд оюуны хомсдлын эмгэг ороогүй, ерөнхийдөө хурц солиоролтой, нийгэм болон орчиндоо аюултай үйлдэл хийж болзошгүй,  эмчийн  хяналтад байх ёстой хүмүүс л дээ. Эдгээр хүмүүст үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг. Сэтгэцийн эмгэг өөрөө эдгэхэд хэцуү  өвчний тоонд ордог юм. 

-Тэдгээр хүмүүс эдгэх, эмчийн хяналтаас гарах тохиолдол бага байх нь? 

-Бага байдаг. Яагаад гэхээр, хэн ч энэ өвчнөөр өвдөж болно. Өвчилсөн хүн бүрийг хяналтдаа авч харьяа орон нутаг, дүүргийн эмчид мэдэгдэнэ. Улмаар урьдчилан сэргийлэх эмийг таван жилийн тушр уулгаад шинж тэмдэг илрээгүй бол тэр хүнийг дахилт өгөөгүй гэж үзнэ. Харамсалтай нь ойр ойрхон  дахилт өгөөд байдаг учир  тэдгээр хүмүүсийнхээ эмчилгээг маш сайн үргэлжлүүлэх,  шинэ эмээрээ эмчлэх нь чухал. 

-Гэр бүл салалт ихсэх боллоо. Үүний цаад шалтгаан нь хардалтаас үүдэлтэй сэтгэцийн  эмгэг байдаг гэж сэтгэл судлаачид ярьдаг. Энэ чиглэлээр ханддаг хүн байдаг уу?

-Хардах нь энгийн сэтгэл зүйн  хям­ралаас эхлээд хардалтын дэмий­рэл, солиорлын шинж хүр­тэлх өөрчлөлтүүд байдаг. Гэхдээ харьцан­гуй бага хувийг эзэлдэг.  Яг хардалтаас болж гэр бүл салж байгаа, үгүйг сайн мэдэхгүй байна. Ерөнхийдөө манай төвд сэтгэлзүйн  зөвлөгөө өгдөг баг ажилладаг. Ганцаарчилсан болон бүлгийн сэтгэл засалд явах бүрэн боломжтой.