ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ж.Ганзориг: Иргэн, аж ахуйн нэгжийн 1000 гаруй автомашиныг нүүлгэн шилжүүлсэн

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-05

НМХГ, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон бусад байгууллагаас нийслэлийн нутаг дэвсгэрт ил задгай автомашины худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид  шалгалт хийжээ. Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригоос тодрууллаа.

-Шалгалтын талаар дэл­гэ­рэнгүй мэдээлэл өгөөч?
-Өнгөрсөн наймдугаар сарын 20-22-ны өдрүүдэд төвийн зургаан дүүрэгт зөвшөөрөлгүй ил задгай автомашин борлуулж буй 62  аж ахуйн нэгжид шалгалт хийлээ. Газрын тухай хуулийн дагуу газар чөлөөлөх,  гурав хоногийн албан шаардлага хүргүүлсэн. Мөн тухайн сарын 27-ны өдөр дахин шалгалт явуулахад 62 аж ахуйн нэгжээс 16 нь зөрчлөө арилгасан  байсан. Зөрчлөө арилгаагүй 45 иргэн, аж ахуйн нэгжид дахин хяналт шалгалт хийж, өөрийн өмчилсөн газраа зориулалтын бус буюу хашааны зориулалттай газарт зөвшөөрөлгүй автомашин борлуулж байсан Баянзүрх дүүргийн 31 иргэн, 15  аж ахуйн нэгжийн  газрыг хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад албан бичгээр  илгээсэн. 

-Илгээсэн саналд ямар нэгэн хариу ирж, арга хэмжээ авсан уу?
-Нийслэлийн Засаг даргын шийд­вэрээр өнөөдрийн байд­лаар хоёр иргэн,  гурван аж ахуйн нэгжийн газрыг цуцалж бусад  нь шалгалтын шийд­вэрлэх шатанд явж байна. Мөн өмчилсөн 30 газар Монгол Улсын Газрын тухай хууль болон бусад хууль тог­тоом­жийн дагуу шүүхээр шийд­вэрлүүлэхээр саналд тусгасан. 

-Зөвшөөрөлгүй газар, ил задгай автомашин худалдаалсан  иргэн, аж ахуйн нэгжид ямар арга хэмжээ авах вэ? 
-Цаашид  газар өмчлөх  эрх нь хүчингүй болсон  иргэн,  аж ахуйн нэгжид  газар албадан чөлөөлөх ажиллагааг хийнэ.  Мөн гүйцэтгэлийн хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын байгууллагаас энэ долоо хоногт дахин явуулна. Тиймээс шалгалтын өдрүүдэд зөрчлөө арилгаж, нэгэнт  иргэдийн хурлын тогтоолоор “Олон улсын худалдаа логистикийн төв”-д үйл ажиллагаагаа эрхлэх тухай заачихсан учраас заавал хууль бусаар,  хотын хүн амын төвлөрөлд саад болох шаардлагагүй гэдгийг онцолж хэлье. Бид  дахин шалгалтаа чангатгаж,  дараа дараагийн хүндрүүлсэн шатны нөхцлүүдийг авч  хэрэгжүүлнэ. Ямар нэгэн эрсдлээс иргэд, аж ахуйн  нэгжүүд урьдчилан сэргийлж, хууль дүрэм, тогтоолыг  хүн­дэтгэхийг анхааруулж байна. 

-Газраа зориулалтын бусаар ашигласан байгуул­лага, иргэдийг мэдээлж болох уу?
-Чингэлтэй дүүрэгт “Баян­богд хайрхан”, Баянзүрх дүү­рэгт “МЧГА” ХХК, иргэн Ч.Ган­сувд, Д.Соёлмаа, Р.Төмөр­­чөдөр нарын газар эзэм­ших эрхийг  гэрээ болон зориу­лал­тын дагуу ашиг­лаагүй, удаа дараа тавьсан шаард­лагыг бие­лүү­лээ­гүй гэдэг үндэслэлээр хүчингүй болго­сон. Ажлын хэсгээс газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж, Газрын тухай хуулийн заалтын дагуу заасан хугацаанд газар чөлөөлөөгүй бол албадан чөлөөлөх арга хэмжээг авч ажиллана. 

-Авто захуудыг хаавал машины үнэ нэмэгддэг. Төвлөрсөн цогцолбор төвд  бичиг баримтын бүртгэл хийдэггүй гэдэг асуудал үүсдэг, иргэд ч энэ талаар гомдоллодог?   
-Хуучин  нэршлээр буюу Авто худалдааны цог­цол­борыг анх 2014 онд НИТХ-ын 11 дүгээр тогтоолоор  Сонгино­хайрхан дүүрэгт 20 гаруй тэрбум төгрөг хөрөнгө оруу­лалтаар байгуулсан. 2016 оноос үйл ажиллагаагаа тогт­мол явуулж байгаа бөгөөд нийдтээ 6375 зог­соол­­той. Одоогийн байд­лаар 3600 орчим машин бэ­лэн байгаа. Тэгэхээр эд­­гээр захуудыг хаагаад цог­­цол­борт байрлуулах хүчин чадал хангалттай бий. Мөн автомашины бүх дугаар олголт, нэг цэгийн үйлчилгээ бүрэн ажил­ладаг. Өөрөөр хэлбэл, Авто­тээврийн үндэсний төвийн автомашинтай холбоотой бүх үйлчилгээг үзүүлнэ. Мөн банк болон,  банк бус байгууллага, дугаар олгох зэрэг бүх үйлчилгээ хийгддэг. Нэг автомашины түрээсийн үнэ зах зээлийн ханштай ижил бөгөөд  нэг машин  өдрийн 2000 төгрөг байдаг.

-Улсын  хэмжээнд  зөв­шөөрөлтэй хэчнээн зах үйл ажиллагаа явуулдаг вэ?
-Манай улсад автомашины хоёр зах зөвшөөрөлтэй. Нэг нь хуучнаар Авто худалдааны цогцолбор буюу одоогийн “Олон улсын худалдаа логистикийн төв”, нөгөө нь  “Да хүрээ” зах.  “Да хүрээ”  захын зогсоолын хэмжээ маш бага бөгөөд  хамгийн  ихдээ  500 орчим машин багтдаг. Тэгэхээр бусад аж ахуйн нэгжүүд хууль бусаар газар ашиглаж байгаа гэсэн үг юм.