“Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-аас 2018 оны аравдугаар сард Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан билээ. Жил гаруй хугацаанд шүүхээр хэлэлцсэний эцэст шүүх нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан юм. Ингэснээр Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн захирамж хүчингүй болсон. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг давж заалдахгүй учраас дээрх шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжинэ. Энэ талаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Хэвлэл олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Ж.Амаржаргалаас тодрууллаа.
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй холбоотой шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл өгөөч?
-“Дархан монгол ногоон нэгдэл” ТББ нь нийтийн өмчийг хамгаалах зорилгоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гаргасан 2015 оны дөрвөн захирамж илт хууль бус болохыг тогтоолгохоор хандсан. Улмаар нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Дархан монгол ногоон нэгдэл” ТББ-аас Ерөнхий сайдын захирамжууд илт хууль бус болохыг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Уг захирамж нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн заалтаар Засгийн газрын хамтын зарчмаар буюу танхимын зарчмаар хэрэгжүүлэх бүрэн эрхтэй холбоотой. Ингэхдээ УИХ-ын өмнө хамтын хариуцлага хүлээх тухай асуудал нь бусад гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол тухайн асуудлыг эрхэлсэн гишүүнд урьдчилан мэдэгдэх ёстой гэж үзсэн. Мөн санал солилцох шаардлагатай холбоотой бүх дээрх хуулийн заалтуудад нийцүүлээгүй гэж дүгнэлээ.
-Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Улмаар дөрвөн захирамжийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэлд заасан нийтийн өмчийн эрх буюу хууль ёсны ашиг сонирхол нь шууд сэргээгдэхгүй. Харин төрийн гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллагын хүрээнд Ерөнхий сайдаас дахин илт хууль бус захирамж гаргахгүй байх, дараагийн шийдвэр гаргах ажиллагаандаа нийтийн өмчийг хамгаалан нийтийн эрх ашиг, сонирхолд нийцүүлэн шийдвэр үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх ёстой. Энэ мэтчилэн улс орны ирээдүйн хөгжлийн хувь нэмэр оруулах зүй ёсны буюу хууль ёсны нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ дурдаж шүүх хуралдааны явцад тайлбарлан маргаж байна гэж үзсэн. Тийм учраас шүүхээс энэхүү хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах нь үндэслэлтэй гэж үзжээ.
-Нэхэмжлэгчийн талд буюу “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын талд шийдвэр гарахаар бусад чухал асуудалд нөлөөлөх үү?
-Шүүхээс тогтоочихсон учир эдгээр захирамжийн эрх зүйн хэм хэмжээнээс үүссэн бусад харилцаанд нөлөөлөхгүй. Ялангуяа “Оюутолгойн санхүүжилтийн төлөвлөгөө” гэж нэрлэгдэх Хөрөнгө оруулалтын гэрээний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй юм билээ.
-Маргаан үүсвэл яах вэ?
-Хэрвээ энэ асуудлаар маргаан үүсэх юм бол гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ. Захиргааны шүүхээр шийдвэрлэсэн энэ маргаан нөлөөлөхгүй. Учир нь маргаан бүхий захирамжийн үр дагавраас үүдсэн эрх зүйн бусад харилцаа нь тус тусдаа байдаг. Улмаар өөр төрлийн харилцаа, бусад төрлийн эрх зүйн актад хамаардаг учраас Оюутолгой төслийн далд уурхай бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй, түүнд нөлөөлөхгүй гэдгийг шүүхийн шийдвэрээр баталгаажуулсан. Оюутолгойн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн шаардлагадаа дурдаагүй байсан. Харин хариуцагч энэ талаар маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргааны асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүйг үндэслэн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөний бүх оролцогчийг гуравдагч этгээдээр татах үндэслэлгүй гэж үзсэн. Шүүхийн шийдвэр Захиргааны хэргийн веб сайтад албан ёсоор байршуулсан байгаа.