Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулгаас тодрууллаа.
-Сайжруулсан шахмал түлш борлуулж буй иргэдийн цалинг олгохгүй байна гэдэг асуудлыг хөндөх боллоо. Үүнд та тайлбар өгөөч?
-Сайжруулсан түлш борлуулах 400 гаруй цэг төвийн зургаан дүүрэгт ажиллаж байна. Зарим цэгүүд нь долдугаар сараас туршилтаар ажиллаж эхэлсэн. Урамшуулал олгох бүтцийг үндэсний хорооноос гаргаж сайжруулсан түлшний үнийг тогтоосон юм. Мөн борлуулалтаас олох хувь хэмжээг ч тогтоосон. Үүний дагуу ажилд оролцож буй хүмүүс урамшууллаа тухай бүрт аваад явж байгаа. Гэхдээ нэг сарын хоцрогдолтойгоор орж байгаа. Нэг сарын хоцрогдол гэдэг нь тухайн сар борлуулсан нүүрснийхээ тайлан тооцоог “Таван толгой түлш” ХХК, Нийслэлийн холбогдох байгууллагуудтай тайлан тооцоогоо нийлүүлсний үндсэнд урамшлууллыг тухайн сарын эцсээр олгож байгаа гэсэн үг. Өөр ямар нэгэн зөрчилтэй зүйл байхгүй.
-Юунаас болж хоцорч байгаа юм бол?
-Жишээлбэл, таван тонн сайжруулсан түлшийг компаниас нь гэрээ хийгээд авлаа гэхэд тодорхой шалгуурууд бий. Найдвартай борлуулж, гэрээний үүргээ биелүүлэх ёстой, борлуулалт хийсний дараа орж ирсэн мөнгийг нийслэлээр дамжуулан “Тавантолгой түлш” компанийн дансанд бүрэн хүлээлгэж өгсөн байх гэх мэтчилэн хоёр талын үүрэг хариуцлага бий. Үүний дагуу гэрээгээ биелүүлсэн иргэдэд тухайн борлуулсан түлшний урамшлууллыг тонн тутамд нь олгодог. Тухайн сард борлуулсан хэмжээгээр нь эргээд урамшууллын орлого дансанд нь гэрээний дагуу орж байгаа юм. Түүнээс биш олон сараар борлуулагч нарын урамшууллыг хоцроосон асуудал байхгүй.
-Шахмал түлш савлаж буй шуудай нарийсаж хэмжээ нь 1-2 кг-аар багассан гэдэг гомдол бидэнд ирсэн?
-Шуудайны хэмжээ хэвийн байгаа. Шуудайг ес болон аравдугаар сард тухайн улирлын нөөцөөр нь захиалж авдаг. Тэгэхээр шуудайны хэлбэр, хэмжээ том жижиг болно гэсэн ойлголт байхгүй. Стандартаараа ирсэн. Үйлдвэр улсын өмчит компани учир хэмжээ багасгах, ихэсгэх батлагдсан хэмжээг зөрчих ямар ч боломж байхгүй.
-Улаанбаатар хотын агаар өнгөрсөн жилүүдийнх шиг биш ч гэсэн утаатай байгаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-9-11 дүгээр сар хүртэл сайжруулсан түлшийг айлуудын 60-80 хувь нь түлж байсан. Хэрэглэхдээ ч арай бага хэмжээгээр хэрэглэсэн. Харин 12-1 дүгээр сард шөнөдөө дунджаар 25 хэмийн хүйтнээс дээш болоход иргэд сайжруулсан түлшийг 100 хувь түлж байна. Ингэхдээ өглөө, орой түүхийн нүүрс шиг их хэмжээгээр түлж эхэллээ. Тэгэхээр энэ хэмжээгээр агаарт гарч буй бохирдол ихэсч байгаа. Сайжруулсан түлшийг түлээд 100 хувь утаагүй болно гэж хэн ч яриагүй шүү дээ. Эхний ээлжинд 40-50 хувиар агаарын чанарыг сайжруулъя, дараагийн жилүүдэд энэ хэмжээгээ нэмж бататгана гэсэн төлөвлөгөөтэй явж байна.
-Тэгэхээр юунаас болж утаа гарч байна гэсэн үг вэ?
-Нэгдэх нь миний дээрх хэлсэн шалтгаан. Хоёрдугаарт, арванхоёрдугаар сар болон ирэх оны 1-2 сард Евро Азийг хамардаг их даралтын орчин гэж бий. Тэр нь төв ази, тэр дундаа Монголд төв нь байдаг бөгөөд гуравны нэг нь манай орны нутаг дэвсгэрт төвлөрдөг. Энэ их даралтын орчин бий болсноор бусад улиралд байдаг хөнгөн салхи 1-3 метр секунт болж багасдаг. Нэг ёсондоо даралтын орчинд салхины урсгал эрс багасдаг юм. Дараагийн нэг хүчин зүйл нь инверсийн давхарга үүсдэг. Энэ нь нарнаас гарч байгаа халуун энерги газрын гадаргууд ойгоод, босоо чиглэлээр дээшээ ууршдаг. Уурших явцад 100 метр тутамд 06 градусаар агаар хөрдөг гэх мэтчилэн нөлөөллүүд бий. Дээшээ гарч буй халуун, хүйтэн агаарын заагт ийм давхарга үүссэн нь аль аль түвшиндээ агаарыг барьчихсан гэсэн үг. Энэ үүсэн орчинд утаа, угаар гарахад аль нэг тийшээ нүүхгүй, хөдлөхгүй эндээ л байна. Үндэсний хороонд ч үүнийг өмнө ярьж, тооцоолж байсан.
-Сайжруулсан түлшийг зургаан шуудайнаас дээш хэмжээгээр өгөхгүй байгаа. Долоо хоногт энэ хэмжээ нь хүрэлцэхгүй байна гэсэн асуудал ч гарсан. Үүнийг нэмэх болож бий юу. Цаашид ес эхэлж хүйтрэхэд бүр хүрэлцэхгүй байх вий?
-Хүрэлцэхгүй ойлголт байхгүй. Тухайн айлын хэрэглээ ямар байхаас шалтгаална. Тухайлбал, гурван хүнтэй гэр бүлд энэ хэмжээ их. Харин 7-8 ам бүлтэй буюу гэртээ байнга хүнтэй айл өдөр шөнийн турш дулаан байхын тулд үргэлжлүүлэн түлж байна. Магадгүй зарим айл 25-28 хэмд дулаахан байгаад сурчихсан, эсвэл 19-21 хэмийн дулаанд амьдраад сурчихсан байж болно. Тиймээс хэрэглээнээс хамаараад харилцан адилгүй.
-Одоогоор сайжруулсан шахмал түлшний нөөц хэр хэмжээнд байгаа вэ?
-Энэ өвөл ямар нэгэн доголдол гаргахгүй. “Тавантолгой түлш” ХХК доголдол гаргахгүйн тулд бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Нөөцөө тасалдуулахгүй ажиллах ч иргэд заавал тонн, тонноор нь авах шаардлага байхгүй байх.
-Угаарын хийд хордож амь нас, эрүүл мэндээрээ хохирсон цөөнгүй тохиолдол гарсан. Угаарын дуудлага багассан гээд мэдрэгч төхөөрөмж суурилуулах ажил удааширсан уу. Уг нь арваннэгдүгээр сард гэр хорооллын айл өрхүүдэд төхөөрөмж суурилуулна гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн?
-Нийслэлийн Засаг даргын тамгын газар арваннэгдүгээр сараас өмнө угаар мэдрэгчийн худалдан авалтыг зохион байгуулж, айл өрхүүдэд суурилуулах үүрэг авсан. Түүний дагуу ажиллаад явж байна. Хугацаа хоцорч яваа нь үнэн. Бидний зүгээс нийслэлд шаардлагаа хүргүүлсэн. Ингэснээр арванхоёрдугаар сардаа багтаад айлуудад тарааж эхэлнэ гэж мэдээлсэн. Үйлдвэрлэгчээс төхөөрөмжөө худалдаж авна. Цаад үйлдвэрлэгч нь олон мянган төхөөрөмж үйлдвэрлэхэд хугацаа шаардахаас гадна тээвэрлэлт гэх мэт удаашрах асуудал олон байгаа юм билээ. Үйлдвэрлэлт хийгдээд эхэлсэн. Орж ирсэн хэмжээгээр нь иргэдэд тарааж эхлэх байх. Ингэснээр иргэдийнхээ эрүүл мэндийг угаарын хийнээс хамгаалах боломж бүрдэх юм.