ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Цэнгэлбаяр: Өдөрт 110-140 гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага ирдэг

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-11

Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг “Ойлгоё хүндэлье” аяныг хэрэгжүүлж буй. ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяраас тодрууллаа.

-Цагдаагийн байгуул­ла­гаас “Ойлгоё хүндэлье” аяныг зохион байгуулах болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 
-Цагдаагийн байгууллагаас  Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл,  НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Жендерийн үндэсний хороо, Хүчирхийллийн үндэсний төв  гэх мэт олон байгууллагатай хамтарч гэр бүлийн хүчир­хийллээс урьдчилан сэр­гийлэх чиглэлээр “Ойлгоё хүндэлье”  арга хэмжээг арваннэгдүгээр сарын15-ний өдрөөс энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна. Гол шалтгаан нь  нэгдүгээрт, 2019 оны эхний 11 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн  гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй гарсан.  Хоёрдугаарт, ста­тис­тик судалгаагаар гэр бүлийн хүчирхийлэл ахуйн хү­рээнд үйлдэгдэж байгааг тог­тоосон юм. Энэ нь гэр бүлийн гишүүд, ялангуяа эхнэр, нөхрийн хоорондын харилцаа,  үл ялиг зүйлээс болж маргалдсанаар аман хүчирхийллийг нударгаараа шийдэж, бие махбодийн хүчирхийлэл болсоор байна. Энэ мэтчилэн маш олон асуудал нийгэмд үүссэн. Мөн  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх тохиолдол 54 хувьтай бай­на. Тэгэхээр хэрэглээ болон харилцаа, хандлагаа өөрч­лөхгүй бол гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байна гэж үзсэн учраас энэхүү аяныг санаачилсан. 

-Энэ хугацаанд хэр үр дүнтэй байв?
-Үр дүн нь хоёр талтай. Нэгдүгээрт,  гэмт хэрэг, зөрчил өсөхийг үгүйсгэхгүй. Учир нь энэ үеэр иргэдийн мэдээлэх үүрэг нэмэгддэг. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил цоожтой хаалганы цаана үйлдэгддэг бөгөөд  гэр бүлийн үнэ цэн, хувь хүний нууцлалтай холбоотой байдгаараа онцлог. Хохирогч тэсэхээ болиод цагдаад гомдол гаргах, эсвэл ойр дотны ах дүү, хамаатан садан, найз нөхөд, хөрш нь цагдаад мэдэгдэхээс нааш  энэ төрлийн  гэмт хэрэг илэрдэггүй. Хамгийн гол нь нэг ч гэсэн гэр бүл аз жаргалтай болж, нэг ч гэсэн айл буруу үйлдлээсээ татгалзаасай гэдэг зорилгоор энэхүү аян өрнөж байгаа юм.

-Хүчирхийлэлд  өртөж буй хохирогчид нь хэн байна. Хүүхэд багачууд хүчирхийлэлд их өртөх болсон талаарх мэдээлэл нийгэмд их гардаг?
-Цагдаагийн байгууллагын статистик судалгааг сар бүр хийдэг. Ингэхдээ 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 30010 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийллийн  гэмт хэрэг 970 орчим нь байна. Үүнээс 90.8 хувь нь эмэгтэйчүүд, 6.8 хувь нь хүүхэд байгаа бол 2.2 хувь нь эрчүүд эзэлсэн.  Харин улсын  хэмжээнд  эхний 11 сарын байдлаар нэг сая 963 мянган зөрчил бүртгэгдсэнээс 8229 буюу 0.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдэж, 5537 хүнд баривчлах шийтгэл оноосон. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буй зөрчлийн нэг онцлог бий. Тэр нь Зөрчлийн тухай хуулийн 5.4 дэх заалтад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол 7-30 хоногийн баривчилгаанд явдаг. Торгох, эрх хасах гэх мэтчилэн ямар нэгэн сонгох шийтгэл байдаггүй,  зөвхөн баривчилдаг учраас хүнд шийтгэл байдаг. 

-Сүүлийн үед бага насны хүүхэд хойд эцэгтээ зодуулсан,  гэртээ харих хүсэлгүй байгаа талаарх мэдээлэл нийгэмд гарах болсон.  Мөн төрсөн эцэгтээ удаа дараа хүчир­хий­лүүл­сэн охин цагдаа­гийн  байгууллагад  хандсан байсан. Энэ асуудалд ямар арга хэмжээ авсан бэ?
-Бодит кейсийг бид ярих боломжгүй. Учир нь прокурорын зөвшөөрөлгүй хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байдаг. 

-Өмнө нь маш олон  хүчирхийллийн  гэмт хэрэг цоожтой хаалганы цаана өнгөрдөг байсан.  Харин  сүүлийн жилүүдэд энэ мэтчилэн хэргийг  нуулгүй, мэдээлдэг болсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн?
-Улаанбаатар хотын  хэм­жээнд өдөрт 110-140 гэр бүлийн хүчирхийллийн шинж­тэй дуудлага, мэдээлэл ирж байгаа. Дуудлага, мэдээллийн  дагуу цагдаагийн байгууллага нэн даруй шийдвэрлэдэг бөгөөд зарим нь худал эсвэл өөр дуудлага байх жишээтэй. Гэр бүлийн хүчирхийлэл 11 сарын хугацаанд 8229 бүрт­гэгд­сэн гэдэг нь өндөр тоо. Үүний цаана мэдээлээгүй олон хүчирхийлэл байгаа шүү дээ.

-Гэр бүлийн хүчир­хийл­лийг мэдээлэхгүй байгаа нь эргээд  энэ төрлийн  гэмт хэрэг ихсэх шалтгаан гэж үздэг. Хэрвээ мэдээлээгүй тохиолдолд арга хэмжаа авах эрх зүйн зохицуулалт байдаг уу?
-Зөрчлийн тухай хуулинд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх үүргээ бие­лүүлээгүй бол торгох шийтгэл оног­дуулах зохицуулалт бай­даг ч төдийлөн хэрэг­жих­гүй байгаа. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд  850 гаруй мянган айл өрх бий.  Айл өрх бүрийн хаалганы цаана юу болж байгааг цагдаагийн байгууллага дангаараа мэдэх боломжгүй. Хохирогч хүчирхийллийн  мэдээллээ тэр дор нь цагдаагийн байгууллагад өгөхгүй бол энэ төрлийн  гэмт хэрэг улам даамжирдаг гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.  Нэг ёсондоо хүчирхийлэгчийн үйлдлийг  зөвшөөрдөг гэсэн үг.