Иргэний цахим үнэмлэхийг шинэчилж, регистрийн дугааргүй болгох талаар олон нийт ярьж буй. Тэгвэл энэ талаар УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга Д.Ган-Эрдэнээс тодрууллаа.
-Ирэх жил иргэний цахим үнэмлэхийг шинэчилж, регистрийн дугааргүй болгох тухай ярих боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-Улсын бүртгэлийн багц хуулийн шинэчилсэн найруулга 2018 оны арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн юм. Мөн тавдугаар сарын 23-ны өдөр Засгийн газраас “Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийг баталсан байдаг. Нийгэмд регистрийн дугаарыг хүчингүй болгоно, иргэний үнэмлэхийг шинээр олгоно гэх мэтчилэн гарч буй мэдээллийг ташаа гэдгийг УБЕГ-аас албан ёсоор мэдэгдэж байна. Иргэний үнэмлэхний зүүн доод буланд QR кодонд 12 оронтой олон улсад зөвшөөрөгдсөн давтагдахгүй дугаар бий. Энэ дугаарыг ил болгоод, регистрийн дугаар, оршин суугаа хаягийн мэдээллийг чипэнд оруулъя гэж ярьж байна. Ингэснээр цахим үнэмлэхний хэрэглээг нэмэгдүүлнэ гэсэн үг. Энэ хүрээнд Хууль зүй дотоод хэргийн сайдын 2019 оны гуравдугаар сарын 21-ны өдрийн тушаалаар Бүртгэлийн ерөнхий хуулинд байгаа иргэний үнэмлэхний загвар, тодорхойлолт болон дүрмийг Засгийн газар батална гэсний дагуу нээлттэй, хааллттай, хязгаартай мэдээллүүдийг хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Ингэхдээ санал боловсруулах учир ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Одоогоор ажлын хэсэг судалгаа хийж байгаа гэсэн үг. Тэрнээс биш цахим үнэмлэх солих, регистрийн дугаарыг хүчингүй болгох зүйл огт байхгүй.
-Ингэснээр ямар давуу тал бий болох вэ?
-Улсын бүртгэлийн байгууллагын шинэчилсэн хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн заалтад бүртгэлийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартай гэж гурав ангилдаг. Нээлттэй мэдээллийг иргэд сайн мэдэх байх. Хаалттай мэдээлэлд гурван төрлийн мэдээлэл байдаг нь хурууны хээ, тусгай зориулалттай холбоотой обьект, гэрчийг хамгаалахтай холбоотой мэдээллүүд багтдаг. Үүнээс бусад нь хязгаартай мэдээлэл байдаг. Хязгаартай мэдээлэл гэдэг нь, иргэн Доржийн мэдээллийг Дорж өөрөө л хурууны хээгээ дарж, баталгаажуулж байж түүний мэдээлэлтэй танилцах, ашиглах зөвшөөрөл олгоно. Гэхдээ регистрийн дугаар тухайн хүний хаана, хэдэн орд төрсөн ямар жилтэй, ямар ордных вэ гэдгийг мэдээлдэг. Тухайлбал, регистрийн дугаарын эхний хоёр үсэг тухайн хүний аль аймагт төрснийг илэрхийлдэг бол дараагийн зургаан орон нь төрсөн он сарыг нь илэрхийлдэг. Хамгийн сүүлийн хоёр орон нь тухайн хүний хүйсийг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл сондгой бол эрэгтэй, тэгш байвал эмэгтэй гэсэн үг. Тэгэхээр хуульд заасан зөвхөн хурууны хээгээр авах ёстой мэдээллийг ил болгоод байгаа. Мөн иргэний оршин суугаа хаягийг олон хүнд ил болгох шаардлагагүй шүү дээ. УБЕГ-аас жилд хаясан, гээсэн, шинээр авах гэх мэтчилэн 250 мянга орчим иргэний үнэмлэхийг иргэдэд олгодог. Энэ бүх тохиолдлуудаас 110-120 мянга буюу 45-50 хувь нь хаясан гээсэн тохиолдол байдаг. Гэтэл хаясан үнэмлэхэнд миний хаалттай байх ёстой бүх мэдээлэл ил байгаа биз. Энэ нь иргэний мэдээллээ хамгаалах, хязгаартай байх ёстойг зөрчиж байгаа юм. Өнөөдөр манай улсын нэг иргэн Нийгмийн даатгал болон ЭМД-ын дэвтэр, Татвар төлөгчийн дугаар, жолооны үнэмлэхний дугаар гэх мэтчилэн ойролцоогоор 17 бүртгэлийн дугаартай. Энэ бүх дугаарыг нэг зүйлээр зангидаж өгнө гэж ойлгох хэрэгтэй. Улсын байгууллагад дугаар нь өөр өөрөөр бичигдэх тохиолдол байдаг шүү дээ. Энэ нь гадны бүх оронд байдаг туршлага шүү дээ.
-Иргэний цахим үнэмлэхийг солихгүй гэхээр бичвэр өөрчлөгдөнө гэсэн үг үү?
-Иргэний цахим үнэмлэх дээрх тухайн хүний регистрийн дугаар, гэрийн хаягийг чипэнд оруулна гэсэн үг. Гэхдээ энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байгаа. Үүнийг шийдэхийн тулд улсын бүртгэлийн байгууллагаас төрийн бүх байгууллагатай уулзаж, хувийн хэвшлийнхэнтэй хамтран томоохон хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой гэж харж байгаа. Тухайлбал, үүрэн телефоны оператороос утасны дугаар авахад таны регистрийн дугаарыг үндэслэдэг. Тиймээс тэдгээр байгууллагад чиптэй болсон тохиолдолд ямар хүндрэл учирах вэ гэдгийг хэлэлцүүлэх шаардлагатай байна. Олон талаас нь харж байж шийдвэрээ гаргах бөгөөд зөвхөн судалгааны түвшинд явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?
-Энэ асуудлыг ёсчлоод, хуулийн хүрээнд эрхзүйн түвшинд хүргэх ёстой газар нь Засгийн газар учраас одоогоор мэдээлэл байхгүй. Судалгаагаа танилцуулсаны дараа ямар үр дүн гарахыг ч мэдэхгүй шүү дээ.
-Цахим үнэмлэх гэсэн атлаа заавал нотариатаар батлуул гэдэг шаардлага тавьдаг. Цахим үнэмлэхэд тодорхой өөрчлөлт орсон тохиолдолд заавал нотариатаар батлуул гэдэг асуудлыг авч хэлэлцэх боломжтой юу. Иймэрхүү өөрчлөлтийг хийх хэрэгтэй байх?
-2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгосон. Энэ хүрээнд төрийн байгууллага хурууны хээгээр уншдаг учир өөрт байгаа мэдээллийг нотариатаар батлуулах шаардлагагүй гэж заасан. Харин хувийн хэвшлийнхний журмыг бид мэдэхгүй шүү дээ. Тухайлбал, банк иргэнд зээл өгөхдөө заавал батлуулж ирэх шаардлагатай гээд дүрэм, журмандаа заачихсан бол төрийн байгууллага дотоод үйл ажиллагаанд нь оролцох эрх байхгүй. Харин төрийн байгууллага иргэнийг нотариатаар батлуул гэсэн бол тухайн иргэн гомдол гаргаж болно. Төрөөс олгосон бичиг баримтыг дахин нотлуулах шаардлагагүй.