ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагаан сараар коронавирус тархах эрсдэл үүсчээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2020-01-22

 -Уг вирус хүнээс хүнд халдварладаг нь тогтоогдлоо- 


САРС буюу “Severe acute respiratory syndrome” гэх өвчин 2002 оны арваннэгдүгээр сараас 2003 оны долдугаар сар хүртэл Хятадын өмнөд хэсэгт тархаж байв. Тухайн үед уг өвчний халдвар дэлхийн 37 оронд тархаж, 8098 хүн өвчилж, 774 хүн амиа алдаж байжээ. Тэгвэл уг вирусын төрлийн шинэ коронавирусын халдвар он гарснаас хойш Хятадын Ухань хотноо бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 200 гаруй хүн өвчилсөн байна. Вирусын халдвар тархсаны дараа мэргэжилтнүүд хүнээс хүнд халдах боломжтой эсэх, үүсгэгч нь юу болох талаар судалж байсан бөгөөд коронавирус болохыг нь тогтоох хүртэл нэлээд хугацааг зарцуулсан юм. Өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй гэх уг нууцлаг вирус нь уушгийг хүндээр гэмтээдэг бөгөөд одоогоор Хятад улсад дөрвөн хүн амиа алдаад байна.  Энэхүү өвчнөөр өвдсөн хүмүүсийн ихэнх нь Ухань хотын “Хуанань” далайн бүтээгдэхүүний захын ажилчид байгаа аж. Тиймээс тус захыг одоогоор хааж, битүүмжлэн шалгаж байгаа юм. “Хуанань” захад далайн хүнснээс гадна шувуу, туулай, могой зэрэг амьд амьтан зардаг байсан бөгөөд эрдэмтэд шинэ өвчин нь “SARS”, “MERS” зэрэг бүлэг өвчнүүдтэй ижил, амьтнаас хүнд халдсан байх боломжтой хэмээн үзэж байгаа гэнэ.

Өмнө нь уг вирус мал, амьтнаас хүн халдварлана, хүнээс хүнд халдахгүй гэж байсан ч халдвар авсан өвчтөнүүдийн эмчлүүлж байгаа эмнэлгийн эмч, ажилтнууд халдварласан болохыг БНХАУ мэдэгдлээ. Шинэ төрлийн вирус нь хүнээс хүнд халдварладаг болохыг БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо нотолсон байна. Уг вирусыг судлах Хятадын үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Жун Наншаны хэлснээр, одоогийн байдлаар дор хаяж хоёр ч тохиолдол хүнээс хүнд халдсан байж болзошгүй байгаа аж. Мөн эмнэлгийн ажилчдад халдсан нь энэ таамгийг батлах нэг нотолгоо болжээ. Жун бол 2003 онд SARS вирусийг судалж байсан эрдэмтдийн нэг юм. Жуны хэлснээр, шинэ вирус SARS шиг хүчтэй вирус биш аж. Гэхдээ уг вирус Үхань хотоос алс Бээжин, Шанхай, Шэньжэнь, тэр ч байтугай Тайланд, Япон, БНСУ, Энэтхэг, Австралид тархаж, цар хүрээгээ тэлж, дэлхий нийтээр онц байдал зарлах хэмжээнд хүрчихээд байна. Одоогоор Тайландад дээрх вирусээр хоёр хүн, Японд нэг хүн, Солонгост нэг хүн, дэлхий даяар нийт 222 хүн халдварласан гэсэн тооцоо гарчээ.

 

ДЭМБ шуурхай хуралдаж байна

ДЭМБ-ын удирдах зөвлөл Женев хотод шуурхай хуралдаж байгаа бөгөөд олон улсын хэмжээнд эрүүл мэндийн онц байдал зарлах үгүйг өнөөдөр шийдвэрлэнэ. Хубэй мужийн Үхань хотын эрүүл мэндийн хорооны албан ёсны цахим хуудаст мэдээлснээр, нас барсан дөрөв дэх өвчтөн 89 настай эрэгтэй бөгөөд түүнд нэгдүгээр сарын 13-нд шинэ вирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн байна. Уг эрэгтэй тав хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 18-нд биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хүргэгдэж, нэгдүгээр сарын 19-нд орон нутгийн цагаар 23:39 цагт нас баржээ.

Одоогийн байдлаар Үхань хотын эмнэлэгт шинэ төрлийн коронавирус илэрсэн 169 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 35-ынх нь биеийн байдал хүнд байна гэж хотын эрүүл мэндийн хорооноос мэдээлжээ. Мөн Бээжин, Шанхай зэрэг том хотод анхны тохиолдол илэрсэн байна. Хамгийн аюултай нь, Цагаан сарын үеэр хүмүүсийн хөл хөдөлгөөн коронавирусыг хурдтай тархааж болзошгүй байгаа аж.

 

Цагаан сараар гурван тэрбум хүн дотоод, гадаадад зорчино 

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотойгоор хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байгаа ажээ. Тодруулбал, Хятадад энэ сарын 25-наас 27-нд Цагаан сарын баяр тохиох бөгөөд  Энэ үед хилийн боомт амардаг боловч дотоод, гадаадын жуулчдын хөл хөдөлгөөн ихэсдэг байна. 

Зарим эх сурвалжид дурдсанаар, цагаан сарын үеэр буюу нэгдүгээр сарын 10-наас хоёрдугаар сарын 18-ны хооронд нийтдээ гурван тэрбум хүн дотоод, гадаадад зорчино гэсэн тооцоо гарчээ. Өвчний талаар Хятадын дарга Ши Жиньпин иргэдийн амь насыг хамгаалах нь нэн тэргүүний зорилго гэдгийг тодотгоод өвчний тархалтыг нэн даруй зогсоохыг үүрэгджээ. 

Хятадын эх сурвалжууд халдвар авсан хүний тоог 200 гаруй хэмээн мэдээлж байгаа ч, Их Британийн халдварт өвчний шинжилгээний төв 1700 дөхсөн байж болзошгүй гэх мэдэгдлийг мөн хийгээд байна. Одоогоор улс орнууд нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, вокзалуудад халуун хэмжигч багаж байршуулж, зорчиж буй иргэдийг үзлэгт хамруулж байна. Мөн эмнэлгийн ажилтнууд халдварт өвчтэй хүнтэй харьцахдаа тусгай өмсгөл өмсөж эхэлжээ. Америкийн Өвчнийг хянах, Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв Нью Йорк, Сан Франциско, Лос Анжелес дахь нисэх онгоцны буудлуудад Ухань хотоос ирж буй зорчигч тус бүрийг коронавирусын шинэ төрлийн халдвартай эсэхийг шалгах журам гаргажээ. Харин энэ сарын 14-нөөс эхлэн Ухань хотын нисэх онгоц, галт тэрэг, усан онгоцны буудлуудад зорчигчдын биеийн хэмийг хэмжих хэт улаан туяа бүхий халуун хэмжигчүүдийг байршуулсан байна.

ДЭМБ-аас онц байдал хараахан зарлаагүй гэдгийг дээр дурдсан билээ. Тус байгууллага эбола зэрэг тахал өвчний үед онц байдал зарладаг юм. 

Шинэ төрлийн вирусээс хэрхэн сэргийлэх вэ?

• Энэ вирус нь агаар дуслын замаар халдварлах магадлал өндөр байгаа учир олон нийтийн газар явахдаа амны маск зүүх
• Гараа тогтмол ариутгах
• “SARS”, “MERS” зэрэг ижил төстэй халдварт өвчнүүдийн туршлагаас харахад шээс, ялгадасаар халдвар маш хурдан тархдаг тус олон нийтийн бие засах газарт орохдоо ариун цэврийг дээд зэргээр сахих
• Хятадад зорчихдоо далайн гаралтай хүнсний зах, амьтны захуудаар аль болох очихгүй байх, шаардлагагүй тохиолдолд амьтад болон далайн гаралтай бүтээгдэхүүнд шууд хүрэхгүй байх