Нийгэмд тэтгэврийн зээлийг тэглэх, тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой зарим эргэлзээтэй асуудлууд гарч байна. Тэгвэл энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодрууллаа.
-Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар уг ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарч тэтгэвэр барьцаалсан тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг УИХ баталсан. Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн дагуу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшилд буй Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээ авч байна. Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг нөхөн томилж, Эрдэс баялгийн зөвлөлөөс тухайн компанийн техник, эдийн засгийн үндэслэл болон нөөцийн тайланг баталсан. Ингэснээр хоёрдугаар сарын 24 буюу цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлж дуусах юм. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гаргасан бондыг арилжаалах хугацаа хоёрдугаар сарын 24-ний өдөр хүртэл явагдана гэсэн үг.
-Тэтгэврийн зээлтэй ахмадуудын хоёрдугаар сарын тэтгэврийг бүрэн олгосон байсан?
-Бонд гаргахад цаг хугацаа, бусад хүчин зүйлс нөлөөлөх учраас хоёрдугаар сарын тэтгэврийг Засгийн газраас шинэчлэн тогтоосон хэмжээгээр нь олгож зээлийн үлдэгдэл төлбөрийг суутган тооцохгүй. Мөн нэгдүгээр сарын тэтгэврээс зээлийн үндсэн төлбөрийг суутган тооцсоноо буцааж олгох гэсэн зарчмыг манай яам арилжааны банкуудтай харилцан ойлголцсоны үндсэн дээр арилжааны банкууд Нийгмийн даатгалын сангийн тэтгэврийг олгож байна.
-Улсаас зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төлөх болсон. Нөгөө талаас зургаагаас дээш сая төгрөгийн зээл төлөх ахмадууд зөрүүгээ хэрхэн төлөх зохицуулалт гарсан уу?
-Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн дагуу 1-6 сая төгрөгийн зээл 100 хувь тэглэж байгаа. Харин тэтгэврээ барьцаалж 6.0 саяас дээш төгрөгийн зээл авсан иргэдийн зээлийн 6. 0 сая хүртэлх төгрөгийг тэглэнэ. Үлдсэн зээлийг нь тухайн арилжааны банк болон зээлдэгчтэй гэрээгээ шинэчлэн ямар хугацаанд төлж барагдуулахаа тохирно. Энэ дагуу ХААН банк хоёрдугаар сарын 1-ний оройноос эхлэн зээлтэй ахмадуудын нэгдүгээр сарын тэтгэврээс нь суутган тооцсон зээлийн үндсэн төлбөрийг буцаан олгосон. Төрийн банк дансаар тэтгэвэр авдаг иргэдийнхээ нэгдүгээр сарын зээлийн төлбөрийг өнгөрсөн бямба гарагт буцаан иргэдэд олгосон байна билээ. Харин Төрийн банк тэтгэврээ дансаар авдаг иргэдийн нэгдүгээр сарын зээлд суутган тооцсон байсан тэтгэврийг бямба гарагаас дансанд нь шилжүүлсэн байна. Тиймээс тэтгэврийн зээл тэглэх арга хэмжээ хэрэгжиж байна гэж хэлэх үндэслэлтэй.
-Тэтгэвэр барьцаалсан зээл авах хүсэлтэй олон ахмад байгаа юм билээ. Энэ асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Цаашдаа тэтгэвэр барьцаалсан зээлийг жилд нэг удаа зургаан сарын хугацаагаар олгохоор хуульчилсан. Энэ зээлийн нөхцөл, хүү зэргийг Монголбанк болон арилжааны банкуудтай яриа хэлцэл хийх замаар тохирно гэсэн чиглэлтэй ажиллаж байна.
-Тэтгэврийн нэмэгдлийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 1-нээс нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. 2020 оны улсын төсөвт тэтгэвэр нэмэхэд 150 тэрбум төгрөгийг тусгасан байдаг. Засгийн газрын шийдвэрийн хүрээнд бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр нэмж 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 30 мянгаар нэмэгдүүлж 300 мянган төгрөгт хүргэсэн. Харин бусад тэтгэвэр авагчдын тэтгэврийг 25-30 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасны дагуу иргэдийн мөнгө орсон. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарын 3-наас Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэд Засгийн газраас шинэчлэн тогтоосон хэмжээгээр тэтгэврээ авч эхэллээ.
-Тэтгэврийн нас нь болоогүй байхад тэтгэвэрт гарсан ахмадынх хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ?
-Мөн зарим иргэний тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс шинэчлэн тогтоосон. Тухайлбал, 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон буюу нас нь болоогүй байхад тэтгэвэрт гаргасан иргэдийн тэтгэврийг 50 мянган төгрөгөөр шинэчлэн тогтоох арга хэмжээг авсан. Энэ хүмүүсийн тэтгэвэр ч бусдын адил тэтгэврийн шинэчилсэн нэмэгдэлд хамрагдаад явах юм.
-Нэмэгдэлтэй холбоотойгоор хоёрдугаар сарын тэтгэвэр олгоход санхүүжилтийн асуудал үүссэн үү?
-Тэтгэврийн санхүүжилтийн асуудлыг бид нэгдүгээр сарын 31-нд шийдсэн. Тийм учраас тэтгэвэр олгох эх үүсвэр орж ирээгүй гэх асуудал байхгүй.