“Баянгол дүүргийн есдүгээр хорооны нутагт байрлах худгийн хажууд нэгэн хөгшин цахилгаангүй, лаа барин амьдарч байна” гэсэн мэдээлэл иргэдээс манай сонинд ирсэн юм. Уг мэдээллийн дагуу өдрийн сурвалжлагаа бэлтгэлээ.
Биднийг очиход утаа тортогт дарагдан өнгө нь мэдэгдэхээ больж, эсгий бүрээс нь энд тэндээ урагдаж унжсан ядруухан маягийн нэгэн гэр хогийн цэг, үерийн далан хоёртой хаяа дэрлэж харагдана. Гэрт орвол нэг наар, ширмэн тогоо, зуух, гал тогооных бололтой жижигхэн шүүгээ тавьжээ. Ингээд л боллоо. Тавилга гээд байх өөр зүйл энэ айлд харагдсангүй. Юу идэж ууж яажшуухан амь зуудаг юм бүү мэд. Гэрээ шалгүй хөлдүү газар дээр шууд барьсан аж.
Эзгүй оргиж, хүйт цоргисон энэ гэрийн эзнийг Баянчингийн Баасанжаргал гэдэг. Түүнтэй уулзахаар хүүтэй нь хамт Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд очиход турь муутай, цонхигор царай, амьдралд эдлүүлсэн гунигтай нүдтэй нас дээр гарсан жижигхэн эмээ сууж байлаа. Завхан аймагт төрсөн тэрбээр гурван настайдаа айлд өргөгдөж төрсөн ах дүү, хамаатан саднаасаа сураг тасарчээ. Хүндхэн амьдрал дунд хүүхэд насаа өнгөрөөсөн бөгөөд 16 настайдаа Төв аймгийн Баянцогт суманд Сангийн аж ахуйд илгээлтээр очиж, 20 гаруй жил ажилласан байна. Энэ л газар тэр ханьтайгаа учирч, амьдралын гараагаа эхэлж байсан гэдэг. Түүний хувьд амьдрал тийм ч дардан байсангүй.
Ид ажиллаж хөдөлмөрлөж, амьдралын амтыг мэдэрч явахдаа гэнэтийн осолд орж, хөдөлмөрийн чадвараа алджээ. Амьдралыг нь тэр чигээр нь өөрчилсөн аймшигт осол түүнд ухаан санаа нь орж гарах, ойр ойрхон унаж татдаг ужигт өвчнийг үлдээсэн байна. Б.Баасанжаргал гуай хүү, охин хоёртой. Хүүхдүүд нь хотод амьдардаг хэдий ч тэр бүр ээжийгээ асарч тойглоод, тэтгээд байх амьдралтай улс биш юм билээ. Хүү нь хөгжлийн бэрхшээлтэй, охин нь өрх толгойлсон ядарсан эх. Амьдралын төлөө тэмцэж 2004 онд Улаанбаатар хотод ирсэн тэрбээр Баянгол дүүргийн долдугаар хорооны нутагт хогийн цэг байсан газрыг өөрөө тэгшилж янзлаад хоёр жил амьдарчээ.
Хазайсан дээр нь түлхэх гэгчээр нөхрөө алдаад тэнгэр хол газар хатуу байх тэр үед зөвшөөрөлгүй газар амьдарч байна хэмээн Баянгол дүүргийн долдугаар хорооны дарга, цагдаа, онцгой байдлынхан ирж тус газраас хөөсөн байгаа юм. Харин төд удалгүй өнөөх зөвшөөрөлгүй газар өөр айл шинээр нүүж очоод, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа гэсэн.
Мөн түүнийг Хархорин захын ард түр амьдарч байх үед гэр нь юу ч үгүй шатчихаж. Халамжийн газраас гал командын тодорхойлолт байвал туслалцаа үзүүлж болно гэсэн нааштай хариу хэлсэнд түүний мөрөөр хөөцөлдөөд бас л амжилт олоогүй байна. Тухайн үед гал унтраах X анги ирж галыг унтраасан хэдий ч байцаагч нь солигдсон зэрэг янз бүрийн шалтгаанаар тодорхойлолт гаргаж өгөлгүй өнөөдрийг хүрчээ. Өөрийн гэсэн тодорхой хаяггүй учраас халамжийн болоод эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нь аз эзийн асуудал.
Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авдаг байсан тэрбээр удаан хөөцөлдсөний дүнд жилийн өмнөөс өндөр настны тэтгэмж авч эхэлсэн хэмээн бидэнд хуучлав. Хэнд хандаж, хаашаа харахаа мэдэхгүй болсон түүнд нөхрийнх нь дагавар хүү болох н.Пүрэвдорж тусалж, хуучин гэр худалдаж авч өгснөөс гадна тэтгэмж авахад шаардлагатай бүх бичиг баримтыг нь хөөцөлдөж өгсөн хэмээн нүүр дүүрэн баяртай ярьж суулаа.
Б.Баасанжаргал буурайн асуудлыг хэрхэн шийдэх талаар Баянгол дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Захиргаа хяналтын албаны даргын орлогч Б.Өлзийсайхантай очиж уулзлаа.
Тэрбээр, “Иргэн Б.Баасанжаргалын амьдрал ахуй нөхцөл байдлыг судалж үзэхэд, Нийгмийн халамжийн тухай хууль болон ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу зохих тэтгэмж хөнгөлөлтөд тухай бүр хамрагдаж байгаа. Харин гэнэтийн аюул осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон иргэнд гэр оронтой болоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг удаагийн 1.2 сая төгрөг олгодог.
Б.Баасанжаргалын гаргасан хүсэлтийн дагуу онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгоход одоогийн нөхцөл байдал нь хууль тогтоомжийн шалгуурт нийцэхгүй тул хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэх боломжгүй байгаа юм. Манай халамжийн байгууллагаас иргэнд улирлын тэтгэмж болох 60 мянган төгрөгийг арванхоёрдугаар сард олгохоор болсон” гэсэн тайлбар өгөв.
Түүний одоо амьдарч байгаа Баянгол дүүргийн есдүгээр хорооны газраас нь мөн худагт хэт ойр гэсэн шалтгаанаар хөөж байгаа аж. Энэ талаар ярихдаа, “Өчигдөр Ус сувгийн удирдах газраас н.Балжинням гэж хүн ирсэн. Энд айл амьдрахыг зөвшөөрдөггүй учраас хурдан өөр газар руу нүү. Манай худагтай хэт ойр байна гэсэн. Айж сандрахдаа нэг мэдэхэд уначихсан байсан” гэлээ. Өчигдөрхөн л тэр Баянгол дүүргийн Эрүүл мэндийн яаралтай тасагт хүргэгдэн эмчлүүлж байсан.
Хамгийн гайхмаар нь хажууд нь хүн амьдарч болохгүй гэх тэр худгаас хориодхон метрийн зайд хогийн цэг байх аж. Худгийн бөөрөнд тог ч үгүй, лаа барин өдөр хоногийг өнгөрүүлж суугаа ядарсан хөгшинд ядаж тогийг нь залгаад өгчих зөвшөөрөл олдохгүй байна. Учир нь тэр хаяггүй учраас хүлээх ёстой. Хаягтай, бүртгэлтэй болъё гэхээр газаргүй, олсон газрыг нь нийтийн хэв журамд нийцэхгүй гээд зөвшөөрөл олгодоггүй.
Тэрбээр Нийслэлийн Газрын алба болон харьяа дүүргийн Засаг дарга С.Одонтуяа зэрэг холбогдох албан тушаалтанд удаа дараа өргөдөл гаргаж газрын зөвшөөрлийн асуудлаар хөөцөлдөж байгаа ч бие бие рүүгээ шилжүүллээ гэсэн хариу өгсөөр өнөөдрийг хүргэжээ. Мөн Баянгол дүүрэгт газрын нөөц байхгүй гээд Сонгинохайрхан дүүрэгт шилжүүлдэг боловч тэндээс бас нэг шалтгаан хэлээд л өөр газар руу шилжүүлсээр 13 жилийг ардаа үджээ. Яасан ч дуусдаггүй дамнасан хясал, цөхөрсөн хүсэл вэ дээ.