-МУБИС Монголд анх удаа “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим”-ийг нээлээ-
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусдын адил сурч хөдөлмөрлөх эрхтэй ч үүнийг эдлэх боломж нь тэр бүр бүрдээд байдаггүй. Өөрийгөө үргэлж бусдаас өөр, тэднээс дутуу гэдгээр мэдэрч сэтгэлийн зовлон эдэлж яваа олон мянган хүнд хэнээс ч дутахааргүй сурч, хөдөлмөрлөж сайхан амьдрах боломжийг МУБИС олгож байна. Учир нь МУБИС “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим”-ийг санаачлан шинээр нээж байгаа юм.
Тус тэнхимийн нээлт энэ сарын 05-ны өдөр МУБИС-д болж БСШУЯ-ны сайд Ц.Цогзолмаа болон боловсролын салбарын төлөөлөгчид оролцлоо. Тус тэнхимийн анхны эрхлэгч, дэд профессор Г.Батцэнгэл “Тусгай хэрэгцээт боловсролын багш, мэргэжилтэнг бэлтгэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эзэмших эрхийг хангахаас гадна багш бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, тусгай боловсролын шинжлэх ухаан хөгжих зэрэг олон талын ач холбогдолтой” хэмээн нээлтийн ёслолын үеэр онцолж байлаа.
Энэ үеэр Ц.Цогзолмаа сайд өнөөгийн нийгэмд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болох хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох, хөгжихөд нь боломж олгох мэргэжлийн багш бэлтгэх тэнхимтэй болж байгаад сэтгэгдэл өндөр байгаагаа хэлж, цаашид хамтран ажиллаж, бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм.
Мөн тэрбээр үе үеийн эрдэмтэн, багш нарын төлөөлөлтэй уулзах үеэрээ багш нартайгай нягт холбоотой ажиллаж, цаашдаа удирдлагын нээлттэй бодлогыг барьж, багшийн ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн тогтоож, хэрэгжүүлэх, боловсролын системийн гажуудлыг засч сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэдгээ хэлсэн юм.
Анх 2013 онд Тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх хөтөлбөр боловсруулах багийг байгуулж байсан тэд өнөөдөр нэгдүгээр курсдээ 30, хоёрдугаар курсдээ 21, гуравдугаар курсдээ 10 оюутантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 93 багшийг бэлтгэсэн бөгөөд үүнээс Улаанбаатар хотын зургаан тусгай сургуульд 62 багш бэлтгэн төгсгөсөн ажээ.
Тус тэнхимийн цаашдын зорилтын талаар МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал Г.Цогзолмаа хэлэхдээ, нэг болон 3.5 жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн агуулга зохион байгуулах хэлбэрийг сайжруулах замаар мэргэжлийн чанарыг дээшлүүлж, үндсэн болон гэрээт багш нарыг чадавхижуулах, нөөцийг нэмэгдүүлэх, мэргэжлийн хичээлийн сурах бичиг болон гарын авлага, дадлага ажлын дэвтэр, үнэлгээний сан зэргийг боловсруулах тал дээр түлхүү анхаарч ажиллана гэлээ. Сурахыг хүссэн л бол та хөгжлийн бэрхшээлтэй байх нь одоо асуудал биш болжээ.
Гэгээн үйл бүхэн аливааг гэгээн зам руу л хөтөлдөг учраас сэтгэл нийлж зориг шулуудан байгуулсан энэ тэнхимээс үе үеийн чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэн гарах нь дамжиггүй биз ээ. МУБИС-ийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим нь Монголдоо анхдагч гэдгийг энд онцлон тэмдэглэх хэрэгтэй болов уу. Тэнхимийн үйл ажиллагаатай холбогдуулан МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал Г.Цогзолмаатай хэдхэн хором ярилцлаа.
Г.Цогзолмаа: Энэ чиглэлээр мэргэшсэн багш нар эрэлттэй байдаг
/МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн захирал/
-Монгол Улсад анх удаа МУБИС Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийг нээлээ. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-МУБИС маань багшлах боловсон хүчнийг бэлтгээд 60 гаруй жил түүхийг бичиж байна. Манай Боловсрол судлалын сургууль энэхүү ТХБ-ын мэргэжлийн тэнхимийг нээж байгаагаараа онцлогтой.
Энэ ажил маань туршилт болон үндсэн гэсэн хоёр хэлбэртэйгээр явагдсан. 2013-2015 онд нэг жилийн тусгай хэрэгцээт боловсролын хөрвөх ангийн сургалтыг явуулсан. Үүн дээр үндэслээд 2016 оноос эхлэн бакалаврын анийн оюутнуудыг элсүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 63 оюутан суралцаж байна.
-Тэнхимийг байгуулах болсон анхны санаа юунаас үүдэн гарсан бэ?
-Мэдээж Монгол Улсад нэн шаардлагатай байгаа Тусгай хэрэгцээт боловсролыг хөгжүүлж байгаагийн хувьд мэргэжлийн баг, хамт олныг бий болгох, мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө олгох нэгж хэрэгтэй учраас энэхүү тэнхимийг нээх болсон юм.
-Тус тэнхимд багшилж байгаа багш нар нь тусгай бэлтгэгдсэн хүмүүс байдаг уу?
-Багш нарын хувьд Тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр бакалавраас дээш төвшний боловсрол эзэмшсэн, мэргэшсэн баг хамт олон ажиллаж байгаа. Мөн тусгай сургуулиудад он удаан жил ажилласан мэргэжлийн туршлагатай багш нарыг урьж ажиллуулж байгаа.
-Тэнхимийг нээхэд санхүүжилтийн асуудлын хэрхэн шийдсэн бэ?
-Дотоодынхоо нөөц бололцоонд тулгуурлаад гурван жилийн өмнөөс бэлтгэл үйл ажиллагаа эхэлсэн. Сургалтын төлөвлөгөө, сурах бичиг гээд бүгдийг нь өөрсдөө гаргасан. Мөн хамтарч ажилладаг гадны байгууллагын тусламжтай тэнхимээ нээлээ.
-Оюутнууд төгсөөд ажлын байраар хэр хангагдаж байна вэ?
-Тусгай сургуулиудад энэ чиглэлээр мэргэшсэн багш нар эрэлттэй байдаг учраас төгсөгчид маань шууд ажлын байраар хангагддаг гэж хэлж болно. Мөн ердийн сургуулиудад ч Тусгай хэрэгцээт боловсон хүчин бэлтгэх чиглэлээр багшлах бүрэн боломжтой.
Монголын боловсролын салбарын түүхэнд анхдагч болсон тус тэнхимийн нээлтэд тусгай хэрэгцээт боловсролын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон төгсөгчид нь ирж баяр хүргэж байлаа.
Нээлтийн үеэр Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимийн анхны төгсөгч Д.Баярмаа “Би сонсголгүй ч гэсэн ярьж чадна. Намайг боловсрол эзэмшихэд сургууль маань орчуулагчаар хангаж өгсөн нь сурах боломжийг бидэнд нээж өгсөн юм.
Үүнд би маш их баярладаг. Энэ олон хүмүүсийн ач тусаар өнөөдөр би нийслэлийн 29 дүгээр тусгай сургуульд багшилж байна. Ердийн хүнээс дутахааргүй ажиллаж, амьдарч байна” хэмээн бахдалтайгаар ярьж байлаа.
Ийнхүү МУБИС-ийн эрдэмтэн, багш нарын ачаар хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод сурч, боловсрох эрхээ эдэлж чадахгүй байсан мянга мянган хүүхдүүдэд алтан боломж болж байна. Хэрвээ хүсч л байвал хэн ч байсан боловсрол эзэмших боломж ийнхүү бүрдлээ.