ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Батсуурь: Гурван сумын иргэд хэрэглээний халуун усаар хангагдсан

O.Admin
2018-06-25

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь энэ сарын 19-ний өдөр Шивээговь  сумын иргэдтэй уулзаж, 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн тайлан, 2017, 2018 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан юм. Уулзалт “Шивээ-Овоо” ХК-ийн хурлын зааланд боллоо. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа тайланг тавьж, цаашид хийх ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсан юм. Улмаар “Сайн байцгаана уу,  Шивээговь сумын иргэд ээ. Өнөөдөр бид энэ нутгийн удирдлагыг авснаас хойш хийсэн ажил, цаашид хийх ажлынхаа талаар иргэд та бүхэндээ танилцуулахаар уулзаж байна.  Бид Сүмбэр, Баянтээл сумд уулзалт хийсэн. Өнөөдөр Шивээговь сумынхаа иргэдтэй уулзалт хийж байна. Хийсэн ажлынхаа тайланг товч танилцуулахын зэрэгцээ та бүгдэд тулгамдаж буй ямар асуудал байгааг аймаг, орон нутгийн удирдлагууд сонсьё. Цаашид иргэдийнхээ аятай тухтай амьдрах орчин нөхцлийг яаж бүрдүүлэх. Аймаг, орон нутаг, иргэдийнхээ төлөө юу хийж гүйцэтгэх талаар хамтарч ажиллая гэж байгаа юм. Манай аймаг газар зүйн байршил, дэд бүтцийн хөгжилдөө тулгуурлан эдийн засгийн олон чиглэлд хөгжих боломжтой. Тиймдээ ч сүүлийн жилүүдэд манай аймагт хил залгаа сумдын иргэд шилжин ирж, ажил хөдөлмөр эрхлэх, нийгмийн үйлчилгээ авах нь нэмэгдэж байгаа. Аймгийн хүн ам 2017 оны жилийн эцсийн байдлаар 17399 хүрч, 2.7 хувийн өсөлттэй байна. Харин мал сүрэг 439 мянган толгойд хүрч, өмнөх оноос 9.2 хувиар өслөө. Бидний зүгээс эрүүл,  аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг чанартай хийж гүйцэтгэх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, төрийн албан хаагчдын ёс суртахууныг дээшлүүлэх, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсч,  шуурхай шийдвэрлэхэд голлон анхаарч ирсэн. Бид 2016-2020 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймаг, сумдын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд мөрийн хөтөлбөрийнхөө дагуу  ажлуудаа хийж байна. Бид мөрийн хөтөлбөртөө таван бодлогын 32 зүйлийн 119 арга хэмжээг багтааж,  хэрэгжүүлж байгаа. Мөн  тулгамдаж байгаа асуудал бүрт  дэд хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Есөн дэд хөтөлбөр хэрэгжүүлэхэд 2017 онд улсын төсвөөс 3.2, орон нутгийн төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг зарцуулаад байна. Аймаг орон нутгийнхаа эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөх, сумдын хөгжлийг хангахад улсын төсвийн хөрөнгө оруулалт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтыг оновчтой төлөвлөж, чанартай, үр дүнтэй ажлуудийг хийж гүйцэтгэхэд голлон анхаарч байна” хэмээн ярьсан юм.  

Шивээговь суманд хэрэглээний халуун усны шугамыг шинээр барьжээ

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь ажлынхаа тайлангийн эхэнд Шивээговь суманд хийж хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтаасаа тайлагнасан юм.  Тэрбээр “Бид Шивээговь сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2017-2018 онд цөөнгүй ажлыг хийж,  хэрэгжүүлж байна. Тухайлбал 2017 онд боловсролын байгуулагын орчин нөхцлийг сайжруулах, өсвөр үе, хүүхэд багачуудын эрүүл аюулгүй орчинд сурч хөгжих боломжийг хангахад анхаарч,  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  107 сая төгрөгөөр гуравдугаар сургуулийн дээврийг засварласан.  

Мөн  Орон нутгийн  хөгжлийн сангийн 10.5  сая төгрөгөөр сургуулийн сантехникийн засварыг хийсэн.  Цаашлаад,  гуравдугаар цэцэрлэгт хэрэгцээтэй байсан тоног төхөөрөмжийг   Орон нутгийн хөгжлийн сангийн долоон сая төгрөгөөр авч өгсөн. Харин 2018 онд 10 сая төгрөгөөр цэцэрлэгийн зөөлөн эдлэлийг  шинэчлэхээр төлөвлөн,  бэлтгэл ажлыг хангасан байна. Иргэдийн эрүүл,  аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор  Орон нутгийн хөгжлийн сангийн 15 сая төгрөгөөр Шивээговь сумын гурав, наймдугаар байрнуудад хэрэглээний халуун усны шугамыг шинээр барьсан. Ингэснээр иргэдийг  халуун усаар хангах боломжийг бүрдүүлсэн.  Уурын зуухны  хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулж    2017 онд Орон нутгийн хөгжлийн сангаас 83 сая төгрөгийн хөрөнгө зарцуулсан. Үүний үр дүнд Шивээговь сум өвлийг өнтэй өнгөрөөж,  хэрэглээний халуун усаар хангагдсан. Ерөөс Говьсүмбэр аймгийн гурван сум  гурвуулаа хэрэглээний халуун усаар хангагдаж байгаа. Ийм аймаг Монгол Улсад Дархан, Эрдэнэт, Дорнод л байна. Говь-Сүмбэр аймаг иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад нэлээд хөрөнгийг зарцуулж байгаа.  2018 онд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу хөрөнгө оруулалтын ажлуудыг  хийж байна. Орон нутгийн хөгжлийн сангаас 1.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж,  нийтийн эзэмшлийн төв талбайн тохижилтыг хийсэн.  Сумын гудамж талбайг тохижуулахад  4.8, соёлын төвийн дулаан, цэвэр усны шугамыг шинэчлэхэд таван сая зарцуулсан. 9.8 сая төгрөгөөр  ундны усны худгуудыг засварлаж, бохирын  систем суурилуулсан.   Аймаг орон нутгийн хувьд иргэдийнхээ санал,  хүсэлтэд тулгуурлан нэлээд ажлуудыг хийж,  бүтээлээ” хэмээсэн юм. Мөн аймагт ирж байгаа цөөн хэдэн төгрөгийн төсвийг сумдад хуваарилж, боломжийнхоо хэрээр бүтээн байгуулалт өрнүүлж буйг ч дуулгасан юм. 

Сүмбэр суманд 15 сая төгрөгөөр авто зогсоол хийжээ 

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь өнгөр­сөн хугацаанд бусад сум­дад ч хэдий хэмжээний хөрөн­гө оруулалт хийж, ямар бүтээн байгуулалт өрнүүл­сэн талаараа тайландаа дурд­сан. Тэрбээр “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьд­рах нөхцлийг бүрдүүлэх зорил­гоор Орон нутгийн хөгж­лийн сангийн 75.8 сая төг­рөгийн хөрөнгө оруу­лал­таар Сүмбэр сумын нэг­дүгээр багийн бичил цэцэр­лэгийг тохижуулсан. Сүмбэр сумын Найрамдал хотхоны явган болон авто зам, зогсоолыг сайжруулах ажлыг үргэлжлүүлж хийсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн 54.9 сая төгрөгөөр 1320 ам.метр явган хүний зам,  139.4 сая төгрөгөөр 2202 ам.метр авто замыг засч, ашиглалтад оруулсан. Автозамын сангийн 15 сая төгрөгөөр авто зогсоол шинээр байгуулсан. Түүнээс гадна, 20 сая төгрөгөөр 100 метр авто замын өргөтгөлийн ажлыг ч хийсэн байна. Сүмбэр сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 29.8 сая төгрөгөөр нийтийн эзэмшлийн талбайд гэрэлтүүлэг хийсэн. Мөн Хэлмэгдэгсдийн хөшөө­нөөс улсын чанартай авто­замын уулзвар хүртэлх гэрэл­түүл­гийг 11.9 сая төгрөгөөр шинэчилсэн. Гэр хорооллын иргэдийн амьдрах орчин нөхц­лийг сайжруулах үүд­нээс ОНХС-гийн 79.1 сая төгрөгөөр Баянбулгийн эг­нээг жишиг гудамж болгон тохи­жуул­сан. Түүнээс гад­на, аймгийн төвийн 24 цэгт камер суурилуулж, нэгд­сэн системд холбосон. Ингэс­нээр Говьсүмбэр аймгийн аюулгүй байдлыг хянах хяналтын системтэй болсны үр дүн гарч, гэмт хэргийн гаралт 9.5 хувиар буурсан. Хонхор хотхоны тавдугаар байрны дээвэр, нэгдүгээр байрны гадна фасадыг зассан. Одоогоор аймгийн төвд хоёр л байрны гадна засварын ажил үлдээд байна. Наймдугаар байрны гадна фасадын ажлыг одоо хийж байгаа.  2017 онд хийж хэрэгжүүлсэн гол ажлын нэг нь Говьсүмбэр аймгийн “Найрамдал” хотхоны уурын зуухыг шинэчлэх байлаа. Уурын зуухыг шинэчлэхэд улсын төсвөөс хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт орсон. Ирэх долдугаар сарын сүүлч, наймдугаар сарын эхээр бүрэн ашиглалтад хүлээж авах гэж байна. Уурын зуух шинэчлэхэд шинэ барилга барьсан, цахилгааны асуудлыг иж бүрэн шийдвэрлэсэн. Ийм том бүтээн байгуулалт болсон. “Найрамдал” хотхоны иргэд урьд жилүүдийнхийг бодвол дулаахан, сэтгэл хангалуун өвөлжсөн.  Бид байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зүй зохистой ашиглах талаас ажилладаг. Аймаг, сумдын төвийг ногоон байгууламжтай болгохоор зорьж, төлөвлөж ажиллаж байна. Хэдийгээр бид говь хээрийн бүсэд амьдарч байгаа ч гэсэн ногоон байгууламжийг бий болгож, арчилгааг нь сайн хийж, ургуулах хэрэгтэй. Тиймдээ ч бид албан байгууллагуудын дунд уралдаан зарласан. Шилдэг тохижилт, бүтээн байгуулалтын уралдаанд олон хүн маш идэвхтэй оролцож, өөрсдийнхөө амьдарч байгаа орчинг засч, сайжруулсан. Аймгийн шүүх, гуравдугаар цэцэрлэгээс авхуулаад олон байгууллага орчноо тохижуулж, сайжруулсан. Тиймээс бид 14.5 сая төгрөгийн урамшуулал олгосон. Жил болгон мод тарих өдрөөр идэвхтэй сайн оролцож, олон мод тарьсан иргэд, аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгож байгаа” хэмээсэн юм.  

Ахмадын өргөө барьж өгөхийг хүслээ

Засаг дарга Г.Батсуурь үг хэлж, тайлан тавьж дууссаны дараа Шивээговь сумын иргэд сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм. Зарим асуулт сумын удирдлагуудтай холбоотой асуудал байлаа.  Тухайлбал, ШОХК-ийн ХАБЭАХ-ийн дарга Ч.Амарсайхан “22-ийн гарамнаас нааш Шивээговь руу орж ирдэг зам гаргасан. Энэ замыг  засч,  сайжруулья гэхээр айл эзэмшсэн гээд байдаг.  Зам барих ажил яагаад  гацаад байдаг юм бол” хэмээн асуулаа.  Харин Шивээговь сумын Засаг дарга В.Бат-Эрдэнэ “Айлын өмчилсөн газрыг дайрч байгаа гэдэг үнэн.  Би уурхайн удирдлагуудтай ярилцсан. Үнэхээр ажил эхлүүлье гэх юм бол тэр хэсэг газрыг өөрчилж болно. Замыг далангийн урдуур явуулсан ч болохоор байна.  Ажил хийхээр тохиролцож болно” хэмээлээ. Түүнээс гадна иргэд шинэ сургуулийн барилгын ажлыг хэзээ эхлүүлэх талаар асуулаа. Одоогийн сургуулийн барилга муудсан учир яаж ч засаад засвар авахаа больсон гэдгийг дуулгаж, асуусан юм. Мөн Ахмадын өргөө   барих асуудал юу болсон талаар зарим өндөр настан асууж байлаа. Шивээговь суманд 230 орчим ахмад настан байгаа учир Ахмадын өргөөтэй болбол зүгээр байгааг дуулгасан юм. Түүнээс гадна, хог ачилтын асуудлыг сайтар шийдэж өгөхийг сануулж байлаа.  

Тэгвэл Засаг дарга Г.Батсуурь “Говьсүмбэр аймгийн хэмжээнд хоёр сургууль хүнд нөхцөлд байгаа. Нэг нь Шивээговийн сургууль, нөгөө нь хоёрдугаар сургууль. Бид  зураг төсөл гаргаад,  хөөцөлдөж байгаа.  Ямар ч байсан энэ жил Говь-Сүмбэр аймгийн нэг сургуулийг 2019 оны төсөвт суулгаж өгнө гэсэн.  Аль ч сургууль байж магадгүй. 2020 онд ч гэсэн аль нэгийг нь сонгох байх. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орчихсон байгаа” хэмээн ярилаа.