Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 285 дугаар галт тэргэнд зорчиж явсан жирэмсэн эмэгтэй өчигдөр 06.00 цагийн үед хүү төрүүлжээ. Улмаар 31 дүгээр цувааны үйлчлэгч н.Намжилмаа, н.Бурмаа, н.Онон нар жирэмсэн эхийг зорчигчдоос тусгаарлан, төрөхийн өмнөх бэлтгэлийг хангаж, хүүхдийг нь эх барьж авсан байна.
Монгол, Оросын хамтарсан “УБТЗ” ХНН-ийн галт тэргэнд хүүхэд төрүүлсэн тохиолдол өмнө нь ч гарч байсан юм. Тодруулбал, 2015 оны есдүгээр сард Дорноговь аймгийн иргэн мөн дээрх чиглэлийн 286 дугаар галт тэргэнд хүүхдээ төрүүлж байв. Эл үйл явдлыг тохиолдуулан “УБТЗ” шинээр мэндэлсэн хүүхдэд 18 нас хүртлээ орон нутгийн болон олон улсын чиглэлд үнэгүй зорчих эрхийн бичгийг гардуулж байлаа. Харин өчигдөр төрсөн хүүд уг эрхийн бичгийг өгөх эсэх талаар албаныхан мэдэгдэл хийгээгүй байгаа юм.