ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Еркегүл: Финалд Франц Португалтай тулж, 2016 онд хожигдсон хариугаа аваасай

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-28

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д үргэлжилж байгаа билээ. Дэлхий нийт хөлбөмбөгөөр амьсгалж байгаа энэ үед манай сонин М.Еркегүл хэмээх хөгжөөн дэмжигч бүсгүйг “Сондгой өнцөг” буландаа урьж,  ярилцлаа. Тэрбээр Францын шигшээ багийн хөгжөөн дэмжигч ажээ. 

-Хөлбөмбөг сонирхдог бүсгүйчүүд Монголд тийм ч олон биш байх. Та хэзээнээс хөлбөмбөгт дурлаж, үзэж, дэмжиж эхэлсэн бэ?

-Эмэгтэй хүн хөлбөмбөг сонирхдог гэхээр манайд бага зэрэг гайхаж хүлээж авах нь бий. Миний хувьд 1998 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг анх үзэж байлаа. Жаахан хүүхэд байсан болохоор сайн ойлгохгүй. Гэхдээ л дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ийм журмаар болдог юм байна. Хэсгээсээ ингэж гардаг, хасагдах шатанд өрсөлдөж явсаар нэг нь түрүүлдэг юм байна гэсэн ерөнхий ойлголтыг анх ач байлаа. Тухайн үедээ үнэхээр хүчтэй бүрэлдэхүүнтэй байсан Францын шигшээ багийн тоглолтыг нэлээд сонирхож үзсэн. Үнэхээр гайхалтай хөлбөмбөгчид тэр үед Францын шигшээд байлаа. Хаалгачаар Фабьен Бартез, хагас хамгаалалтад Зидан, довтлогчоор Анри тоглож байсан. Гэх мэт маш олон гайхалтай хөлбөмбөгчдийг нэрлэж болно. 1998 оны дэлхийн аваргаас хойш Францын шигшээ багийг дэмжсэн. Шигшээ багийн тоглолт гэхээсээ илүү клубын төвшинд лигийн тоглолтуудыг үзэх дуртай. Дэмждэг клуб маань Английн Лондон хотын “Челси”. 

-“Челси”-г дэмжих болсон шалтгаан юу вэ. Маш олон гайхалтай багууд байгаа. Тэр дундаас “Челси”-г сонгож дэмжиж, тоглолтыг нь үздэг гэхээр нэг шалтгаан байгаа байх?

-Сонин тохиолдлоор дэмждэг болсон юм. Нэг өдөр зурагтын суваг солиод сууж байтал хөлбөмбөг гарч байна. Тухайн үед “Боловсрол” телевизээр Английн премьер лиг гардаг байсан юм. “Челси” гэдэг клуб нэг багтай тоглож байсан. Одоо чухам аль клубтэй тоглож байсныг нь санахгүй байна. Тухайн тоглолтод “Челси” хожигдсон. Хэдийгээр хожигдсон ч гэсэн дараагийн долоо хоногт тоглолтыг нь үзмээр санагдаад, интернэтээс мэдээлэл хайж, судалж эхэлсэн. Тэгээд “Челси” гэж ямар баг байдгийг, Английн премьер лигт 20 баг нэг улирлын турш хоорондоо тоглодгийг олж мэдсэн. Улмаар дараа дараачийн тоглолтыг хүлээж үздэг болсон. Тэр үед “Челси”-гийн довтолгоонд Дидье Дрогба болон Николя  Анелька гэсэн довтолгооны хослол тоглодог байлаа. Энэ хоёр довтлогчийн тоглолт ч надад үнэхээр их таалагдсан. Ингээд нэг л мэдэхэд “Челси”-гийн хөгжөөн дэмжигч болсон доо. 2011 онд юм. Дараа жил нь “Челси” бүр ч гайхалтай амжилтыг үзүүлсэн дээ. 

-2012 онд “Челси” гайхалтай түүх бүтээж, Аваргуудын лигт түрүүлсэн?

-“Челси”-гийн ганц хүсэн хүлээж байсан цом нь Аваргуудын лигийн мөнгөн цом байсан. Роман Абромович багийг худалдаж авснаасаа Аваргуудын лигт түрүүлэхийн төлөө олон шилдэг тоглогчдыг өндөр үнээр худалдаж авч байлаа. Энэ л цомыг авахын тулд Фернандо Торресыг “Ливерпүүл”-ээс 50 саяар авсан. Тийм болоод ч тэр үү 2012 онд “Челси”-г Аваргуудын лигт түрүүлээсэй гэж хүсч, хүлээж байсан. Тэр улирал яах аргагүй маш сонирхолтой өрнөсөн. “Наполи” клубтэй хийсэн тоглолтыг маш тод санаж байна. “Наполи”-гийн талбайд зочлоод 3:1-ээр хожигдсон. Энэ тоглолтын дараа хүмүүс “Челси”-гийн Аваргуудын лигийн аялал дууссан гэж байлаа. Тэгээд ч энэ тоглолтын дараа дасгалжуулагчаа халсан. Туслах дасгалжуулагч Роберто Ди Маттеог багийг түр дасгалжуулахаар болсон. Нөхцөл байдал үнэхээр хүндэрсэн. Гэвч талбайдаа “Наполи”-г 4:1-ээр хожиж, гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Шөвгийн дөрөвт Испанийн алдарт “Барселона”-г хожиж чадсан. Хүмүүс “Челси”-г азаар түрүүлсэн л гэж ярьдаг. Хөлбөмбөгт аз гэж байдаг байх. Гэхдээ “Барселона”-г хожсон тэр тоглолтыг би аз гэж боддоггүй. Бүх тоглогчид сайн тоглосон. Рамерисын гайхалтай гоолыг мартаж үл болно. Торрес тоглолтын төгсгөлд яаж гоолдлоо.  Үгээр хэлэхийн аргагүй сайхан улирал. Финалын тоглолтод “Байерн Мюнхэн”-ийг торгуулийн цохилтоор яаж хожлоо. Дрогба цаг дуусах дөхсөн үед яаж гоолдлоо. Дрогба ерөөс хожигдох дургүй, гайхалтай тоглогч. 10 удаа финалд шалгараад есөд нь хожсон гэсэн түүх ч бий. Ийм л гайхалтай тоглогчид тэр улиралд Аваргуудын лигт түрүүлэхэд нөлөөлсөн юм шүү. 

-Хувь тоглогчдоос хэнийг илүүтэй дэмждэг вэ?

-Хувь тоглогчийг нэг айхтар дэмжээд байдаггүй. Яагаад гэвэл ганц хүн биш бүтэн баг гайхалтай тоглож байж тэмцээнд амжилт гаргадаг спорт. Тоглогчид, дасгалжуулагчид явдаг. Харин баг болон хөгжөөн дэмжигчид өөрчлөгдөхгүй хэвээрээ үлддэг, хөлбөмбөгт. Гэхдээ зарим нэг тоглогчийн тоглолтыг үзэж, бага сага дэмжинэ. Хувь тоглолтыг нь үзээд шүтэх шахсан тоглогч бол Хуан Мата. Тэр хоёр жил дараалан “Челси”-гийн шилдэг тоглогч болсныхоо дараа “Манчестер Юнайтед” руу явсан. Тэгэхэд л хувь тоглогчийг илүү дэмжих шахаж байлаа. Харин одоо бол хэн нэгэн тоглогчийг илт онцолж шүтдэггүй. Мэдээж сайн тоглогчид бий л дээ. Эдин Азараас эхлээд. 

-Хэр их сэтгэл хөдлөлтэй хөгжөөн дэмжигч вэ?

-Би өөрийгөө хэр зэрэг сэтгэл хөдлөлтэй хөгжөөн дэмжигч вэ гэдгээ мэддэггүй байсан. Харин энэ оны хоёрдугаар сард Английн Манчестер хотод очиж, “Манчестер Юнайтед”-ын талбайдаа “Челси”-тэй хийсэн тоглолтыг үзсэн. Тэр үед л өөрийнхөө сэтгэл хөдлөлийн төвшинг хэр их вэ гэдгийг мэдэж авлаа. Хөгжөөн дэмжигчдийн дунд ороод үзсэн. Зочлон тоглолт гэдэг утгаараа “Челси”-гийн дэмжигчдийн суудаг талд 3000 хөгжөөн дэмжигч л байсан. Гэтэл “Манчестер Юнайтед”-ын 60 мянган хөгжөөн дэмжигч байх жишээтэй. Хэдий тийм ч “Челси”-гийн хөгжөөн дэмжигчдийн дуулж, багаа дэмжиж байгаа нь эсрэг багийнхаас илүү байсан. Өөрийгөө сэтгэл хөөрөл өндөртэй гэдгийг би тэнд тоглолт үзэхдээ мэдсэн. Гоол орох агшинд өөрийн мэдэлгүй урд зогсч байсан залуучуудыг цохиж баяраа тэмдэглэсэн байсан. Үнэхээр сэтгэл хөдлөл өндөртэй хөгжөөн дэмжигч.  “Челси”-г дэмждэг болсон цагаасаа эхлээд л тоглолтыг нь үзэхийг хүсч байсан. Тиймдээ ч боломж гарахаар нь тоглолтынх нь билетийг худалдаж аваад үзсэн. Намайг Англид очих үед “Челси” талбайдаа тоглолт хийх хувааригүй байсан. Тэгэхээр нь Лондонд байдаг найзтайгаа хамт автобусаар Манчестер хот руу очоод, тоглолт үзчихээд л маргааш нь буцсан.  

-Хөлбөмбөгийг хамгийн алдартай цэнгэлдэхүүдийн нэгэнд нь үзнэ гэдэг гайхалтай мэдрэмж. Тэр мэдрэмжийг үгээр илэрхийлээч?

-Тэр мэдрэмжийг илэрхийлэх гээд одоо болтол бодоод бодоод тохиромжтой үг хэлж чаддаггүй юм. Лондонд очихоороо хүмүүс тэр хотын алдартай газруудаар явдаг юм гэсэн. Миний хувьд шууд л “Челси”-гийн талбай руу явсан. Үзэж, танилцсан. Хэдийгээр тоглолтгүй байсан ч гэсэн тэр талбайгаас явмааргүй санагдаж, нэлээд удсан. Ерөөс “Стэмфорд Бридж” цэнгэлдэхтэй танилцуулдаг аялалын хөтөлбөр байдаг юм. Хувцас солих өрөө, талбай руу гарах хонгилоос авахуулаад бүх зүйлийг нь танилцуулдаг. Би хувцас солих өрөөнд нь орчихоод, тоглогчдын өмсгөлийг хараад, тэндээс явмааргүй санагдаж байсан. Тоглолтыг “Манчестер Юнайтед”-ын “Олд траффорд” цэнгэлдэхэд үзсэн. Хэдийгээр зочлон тоглолт, өөр багийн талбай хэдий ч тоглолтын уур амьсгалыг үгээр хэлэхийн аргагүй. Олон мянган хөгжөөн дэмжигчдийн тоглолт үзэж байгаа соёлыг хараад биширсэн. Үнэхээр гайхалтай байдаг юм билээ.

-Цэнгэлдэхтэй танилцахад хэн нэг тоглогчтой уулзах, зураг авахуулах хөтөлбөр багтахгүй юу?

-Байхгүй. Цэвэр цэнгэлдэхийн аялал. Дэлгүүр, музей, хэвлэлийн бага хурал хийдэг танхим зэргийг үзүүлдэг юм билээ. 

-“Челси” эсвэл Францын шигшээ багийн нэг тоглогчтой зургаа авахуулах боломж олговол хэнийг сонгох вэ?

-Яг одоогийн байдлаар “Челси”-д ч, Францын шигшээд ч гэсэн миний үнэн сэтгэлээсээ дэмждэг нэг тоглогч бий. Тэр хүний нэрийг хэлэхээр хүмүүс гайхах байх. Эмэгтэй хүн гаднах байдлыг нь харж, дэмждэг гэдэг шүү дээ. Мэдээж тийм зүйл бас байлгүй л яахав.  Гэхдээ миний хувьд дэмждэг тоглогч маань Нголо Канте. Ингэж хэлэхээр хүмүүс гайхдаг. Тэр байнгын инээмсэглэл тодруулж явдаг, гайхалтай тоглогч. Багийн бүх хар ажлыг хийдэг, нугалдаг. Тийм болохоор хэн нэгэнтэй уулзах боломж гарвал Нголо Кантег сонгоно.

-Эмэгтэй хүн хөлбөмбөгт дурлаж, үздэг, дэмждэг гэхээр хүмүүс хэр гайхдаг вэ?

-Гайхдаг, гайхдаг. Зарим хүмүүс нь ойлгохгүй тохиолдол ч байна. Худлаа даа гэсэн байдлаар хандана. Эрэгтэй хүнийг дагаж л хөлбөмбөг үздэг гэсэн ойлголт манайд бий. Миний хувьд эсрэгрээрээ. Манай нөхөр намайг дагаж хөлбөмбөг үздэг болсон.  Энэ бол зөвхөн эрчүүдэд зориулагдсан спорт биш. Үнэхээр мундаг эмэгтэй хөгжөөн дэмжигчид бий. Тоглогчдын намтар номыг орчуулж байгаа мундаг орчуулагчдыг хараад байхад эмэгтэйчүүд ихэнх нь байх жишээтэй. 

-Дэлхий нийт энэ өдрүүдэд хөлбөмбөгийн ДАШТ-ийг шимтэн үзэж байна. Өөрийн тань хувьд Францын шигшээ багийг дэмждэг гэсэн. Дэмжиж байгаа багаа ямар амжилт үзүүлнэ гэж бодож байгаа вэ?

-Францын шигшээ багийн сүүлийн жилүүдийн тоглолтыг харахад их сонин тохиолдол ажиглагддаг. 1998 онд дэлхийн аварга болчихоод 2002 онд цомыг хамгаалах даалгавартай байсан ч хэсгээсээ гараагүй. Сенегалд хожигдож байсан. 2006 онд финалд очсон ч Италийн шигшээд харамсалтайгаар хожигдсон. Тэгвэл 2010 онд бас муу тоглосон. Энэ жилийн хувьд Францын шигшээг нэлээд дээгүүр тоглох болов уу гэж найдаж байгаа. Яагаад гэвэл байрлал болгондоо шилдэг тоглогчидтой. Гэхдээ нэг зүйл ажиглагддаг. Баг тэр чигтээ шилдэг хөлбөмбөгчдөөс бүрдэхээр үл ойлголцол их гардаг юм шиг санагддаг. Францын шигшээ эхний тоглолтоо Австралитай хийхэд хүмүүс 3:0-ээр хожих байх ч гэдэг юм уу, нэлээд өндөр хүлээлттэй байсан. Гэвч арай гэж 2:1-ээр хожлоо шүү дээ. Гризманн хэд хэдэн удаа хувиа хичээсэн шийдвэр гаргаж харагдсан. Мэдээж хэсгээсээ гарах нь ойлгомжтой.  Цаашлаад финалд очих болов уу.  

-Эхний  тоглолтыг нь үзсэний дараа Францын шигшээ финалд шалгарч чадахгүй юм биш байгаа даа гэж бодогдоогүй юу?

-Эхний тоглолтод бага зэрэг барьц алдсан ч хожсон. Хэсгийн тоглолтоо хийгээд, хасагдах шатанд шалгарах хүртэл тоглолтдоо бүрэн ороод, жигдэрчих байх. Тийм болохоор яах бол гэсэн бодол огт төрөөгүй. Дасгалжуулагч Дешам ч гэсэн энэ багийг маш сайн удирдаж байгаа гэж хардаг. Довтолгоо, хагас хамгаалагч, хамгаалалт маш сайн жигдэрсэн гэж бодож байгаа. Гол ажлыг хийх Нголо Канте тэргүүтэй шилдгүүд байна. Тэд өөрийнхөө ид шидийг гаргах байх. 

-Францыг финалд үлдэнэ гэж таамаглаж байгаа гэсэн. Финалд аль улсын шигшээтэй тоглох бол. Шөвгийн дөрөвт ямар багууд үлдэх гээд таамгаа дэвшүүлж байгаа байх?

-Таамгаа гаргахчихсан. 2016 оны Европын аваргыг үзэж байсан. Финалд Францын шигшээ Португалтай тулсан.  Тэр үед Португалын шигшээг түрүүлнэ гэж үнэндээ төсөөлөөгүй. Яагаад гэвэл Португалын шигшээ нэг хүнээс үнэхээр их хамааралтай болчихсон баг. Дэлхийн аваргын эхний тоглолтоос л харагдаж байгаа биз дээ. Тийм болохоор нэг хүний эсрэг 11 хүн хожигдоно гэж бодоогүй. Яахав, Португалын хамгаалалт сайн байсан. Гэхдээ л Францыг хожиж чадна гэж бодсон. Тийм болохоор би энэ дэлхийн аваргаар дахиад Португалтай Францын шигшээ баг аваргын төлөө тоглоосой гэж хүсч байна. Хариугаа аваасай. Португалын шигшээ бүрэлдэхүүн нь тийм ч сайн биш гэлээ эхний тоглолтоо сайн хийсэн болохоор нэлээд хол явах байх. Өөр нэг хувилбар байгаа нь Германы шигшээ финалд үлдэх болов уу. Энэ хоёр багийн аль нэгэнтэй нь л үлдэх байх.  

-Дэлхийн аваргын тоглолтууд гэртээ үзэж байна уу, асарт сууж байгаа юу?

-Одоогоор хэсгийн тоглолтуудыг гэртээ үзэж байгаа. Цаашдаа хасагдах шатны сонирхолтой тоглолтуудыг найзуудтайгаа асарт сууж үзнэ гэж төлөвлөж байна.  Нийлж хөлбөмбөг үздэг найзууд маань бүгд “Челси”-гийн дэмжигчид байдаг. Харин шигшээ баг тоглохоор өөр өөр улсыг дэмжчихдэг юм. Ганц хоёр нь Английг, зарим нь Германыг дэмждэг. Тийм болохоор яг нийлээд үзэх боломж гарахгүй л байна. 

-Дэлхийд алдартай хөлбөмбөгчдийн намтар номыг орчуулж гаргаж байгаа. Гэхдээ тун цөөхөн байдаг. Таны хувьд франц хэлнээс намтар ном орчуулах бодол байдаг уу. Хөлбөмбөг сонирхдог, тэгээд франц хэл мэддэг хүний хувьд шүү дээ?

-Манайд цөөнгүй хэдэн ном орчуулагдаж гарсан. Гэхдээ би орчуулгын ном бараг уншдаггүй. Ямар нэг номыг эх хувиар нь унших дуртай. Одоо  Жейми Варди, Карло Анчелотти нарын номыг англиар уншиж байна. Хараахан уншиж дуусаагүй. Зиданы номыг францаар нь уншсан. Бүр олдохгүй номыг нь орчуулгатай уншдаг. Цаашдаа цаг зав гараад, үнэхээр сонирхолтой ном байвал орчуулахад болохгүй юмгүй.