Архангай аймгийн зарим сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан хөл хорио тогтоогоод байгаа. Тэгвэл хөрш зэргэлдээ сумд болох Булган аймгийн зарим сумын баяр наадмыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Тодруулбал, Архангай аймгийн Өгийнуур, Төвшрүүлэх, Хотонт, Хашаат, Өлзийт, Цэнхэр, Батцэнгэл, Өвөрхангай аймгийн Хархорин суманд шүлхий өвчин гараад байгаа юм. Тиймээс хөрш зэргэлдээ Булган аймгийн Гурванбулаг, Баян-Агт, Сайхан, Могод, Рашаант, Дашинчилэн, Баяннуур, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Орхон сумдын баяр наадмыг ирэх наймдугаар сарын 1 хүртэл тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан аж.
Улмаар аймгийн Засаг даргын зүгээс гаргасан баяр наадам тэмдэглэх тухай зарлигт өөрчлөлт оруулах чиглэлийг Булган аймгийн Засаг дарга З.Батзориг гаргажээ.