Өнгөрөгч лхагва гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар аймгуудын баяр наадмын товд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн билээ. Тодруулбал, Архангай аймгийн зарим суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан учир баяр наадмыг энэ сарын 21-22-нд, Говийн бүсийн хурдан морины уралдаан болох учир Дорноговь аймгийн наадмыг 28-29-нд болгосон. Харин Өмнөговь аймгийн наадмыг өчигдөр, өнөөдөр гэсэн хоёр өдөрт явагдаад дуусч байгаа бол өнөөдөр Говьсүмбэр аймгий наадам эхэлж байна.
Аймгийн наадам өглөө 11.00 цагт нээлтээ хийсэн бөгөөд өглөө 08.00 цагт Азарганы уралдаан болж, Үндэсний сур харвааны “Хана харваа”-ны эхэн өрөг явжээ.
Үргэлжлүүлэн шагайн харвааны хувийн цуваа харваа, Шагайн харвааны баг харвааны хэсгийн тоглолт, Үндэсний бөхийн нэг, хоёрын даваа, Их нас, шүдлэн морьдын уралдаан, “Хана харваа”-ны дунд өрөг, адаг, “Хас харваа”-ны эхэн өрөг гэсэн хөтөлбөрөөр өнөөдрийн наадмын үйл ажиллагаа өндөрлөх аж. Харин маргааш буюу баяр наадмын хоёрдахь өдөр соёолон насны морьдын уралдаанаар баяр наадам эхлэх юм байна. Тэгвэл Дорнод, Дундговь, Төв аймгийн наадам ирэх даваа мягмар гарагт болох юм байна.