ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өндөр цолтнууд төрсөн Говьсүмбэрийн наадам

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-07-09

Дэлхийн дэлэгнэж, тэнгэр ивлэж, улсын наадам дөхсөн энэ өдрүүдэд аймгууд наадмаа хийсээр байгаа. Тэгвэл энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн баяр наадам болж, Чойрын богд хайрханаа сүсэглэсэн боржигин түмэн дэнж хотойтол сайхан наадлаа. Наадмын нээлтийг албан байгууллагууд эхлүүлэв. Говьсүмбэр аймгийн ОБГ, ШШГГ, Цагдаагийн газрынхан яралзтал алхаж, үзэгчид, говьсүмбэрчүүддээ мэндчилгээ дэвшүүллээ. Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, сумдын захиргааныхан, албан байгууллагуудын албан хаагчид парад алхаж, үзэгчдэд мэндчилсэн юм. Түүний дараа Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь наадмыг нээж үг хэллээ. Тэрбээр “Эрхэм хүндэт Говьсүмбэр нутгийн зон олон, ард иргэд, эрхэм зочид оо. Хоёр мянганы түүхийг бүтээж, төрт ёс, есөн зууны эзэнт гүрнийг төвшитгөсөн Эзэн Чингис хааныхаа алтан ургийн хаадын гал голомт, Тост Боржигины бор толгодынхоо дунд Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, аймгийн баяр наадмаа ёслон тэмдэглэж, цэнгэн наадахаар 17 дугаар жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн дунд “Өлзийт” шар морин сарын билгийн тооллын 24-ний магнай тэнийсэн өлзий билэгтэй ам цагаан хулгана өдөр элгэн түмнээрээ хуран цуглараад байна. Цаг оройтсон ч эх дэлхий өнгө зүсээ засаж, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр зөөлөн хураа хайрлаж, санаа амгалан, сэтгэл өөдрөг баясан цэнгэж, тааламжтай баярлах завшаан тохиолоо. Дэлгэр сайхан зуны налгар тэнүүн цагт хотол түмнээрээ хуран цугларч, цэнгэн нааддаг монгол наадмаараа бид олон зууны түүхтэй төрт ёсны их түүхээ бахархан дурсаж, улс, орон нутгийнхаа ололт амжилтаа онцлон тэмдэглэж, үндэсний ой санамж, оюун санааны язгуур сурвалж, эх оронч үзлийн бахархал, өв соёлын нандин уламжлал, зан заншлын үнэт дархлаагаа бататган бэхжүүлдэг билээ.

2018 онд эрдэмт хүн ам, эрдэнэт мал сүрэг минь өсөхийн хэрээр эв эе батжин, их бүтээн байгуулалт өрнөж, шаштир түүх мөнхөрч, соёлын өв зузаарч, амжилт бүтээл ундарч, ажил үйлс оргилон байна. Айсуй намар, ирэх өвлийг ажралгүй давах их ажлынхаа бэлтгэлийг цаг алдалгүй хангах, отор нүүдэл хийж мал сүргээ таргалуулах, бүтээн байгуулалтын аж­луу­дыг үр дүнтэй, чанар­тай зохион байгуулах зэрэг хариуцлагатай ажлууд та бидний өмнө хүлээгдэж бай­на. Эдүгээ болон ирэх он жи­лүү­дэд төрөлх нутгийнхаа хөг­жил цэцэглэлтийн төлөө, ард олныхоо аз жаргалтай, эл­бэг хангалуун амьдралын төлөө эвийн хүчээ зангидан, эр­мэл­зэл хүслээ нэгтгэн, хөдөл­мөр зүтгэлээ дайчлан ажил­лахыг Говьсүмбэр нут­гийн иргэд та бүхнээсээ хүсье. Эрхэм хүндэт наадамчид аа. Хүлэг морьдын төвөргөөнд сүлд хиймороо сэргээн баярлаж, хүчит бөхчүүдийн хийморь дор хараа мэлмийгээ баясгаж, хасаа, сурын оноонд сэтгэл баясан хурайлж, хамаг олон ардаа хүндэтгэн дэг журамтай, төвшин сайхан наадаарай. Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, аймгийн баяр наадмын үйл ажиллагаа нээснийг сонордуулъя” хэмээлээ. Засаг дарга үг хэлж дууссаны дараа төрийн далбаа болон Говьсүмбэр аймгийн далбааг мандуулах ёслол болж, Төрийн дуулал эгшиглэн, төрт ёсоо хүндэтгэсэн юм. Мөн Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга Г.Батзам наадамчин олонд хандаж үг хэлэв. Дараа нь “Боржигин” чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээ наадамчин олонд толилуулж, баяр наадмын нээлтийг дэвжээлээ. 

Говьсүмбэр аймгийн баяр наадамд аймгийн заан М.Бямбадорж түрүүллээ

Наадмын нээлтийн дараа дараа хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэлсэн. Өнөө жилийн Говьсүмбэр аймгийн наадамд аймаг, цэргийн цолтой хүчит 126 бөх барилдлаа. Улсын баяр наадмаас өмнө болж буй учраас цолоо ахиулах зорилготой нутаг нутгийн бөхчүүд Говьсүмбэр аймгийн наадамд ирж зодоглов. Түүнчлэн Говь­сүмбэр нутгаас төрөн гарсан Э.Мөнхбаатар, Т.Пүрэвсүрэн, Б.Гончигтавхай зэрэг аймг­ийн арслан цолтнууд зодоглосон. Гэвч шилдэг арслан Б.Гончигтавхай таавар эвдэж, дор даваанд өвдөг шороодон, шөвгөрч чадаагүй юм. Улмаар Говьсүмбэр аймгийн баяр наадамд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат аймгийн заан М.Бямбадорж түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Харин үзүүрт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат сумын заан н.Жавхлан үлдэж, аймгийн заан цолны болзол хангаж, наадамчдыг шуугиулсан юм.  Шөвгийн дөрөвт Говьсүмбэр аймгийн харьяат аймгийн арслан  Э.Мөнхбаатар, аймгийн начин Б.Содхүү нар үлдлээ. Ийнхүү Говьсүмбэр аймгийн наадмаас нэг арслан, нэг заан гэсэн өндөр цолтой бөхчүүд төрлөө. Түүнээс гадна, үзүүрт үлдсэн Б.Содхүү цолоо ахиулж, аймгийн харцага боллоо. Түүнчлэн, Өвөр­хангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат бөх М.Хүрэлбаатар, Дундговь аймгийн Цагаандэлгэр сум­ын харьяат бөх О.Эрдэнэ-Очир, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат бөх Б.Баясгалант төр нар аймгийн начин цолны болзол хангаж, аймгийн цолтнуудын эгнээнд нэгдлээ.  Харин өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат н.Ариун-Эрдэнэ түрүүлж, мөн сумын бөх н.Азжаргал үзүүрлэсэн юм. Түрүүлж, үзүүрлэж, шөвгөрсөн бөхчүүдэд аймг­ийн удирдлагууд шагнал гардуулж, баяр хүргэж, дурсгалын зураг авахуулснаар Говьсүмбэр аймгийн баяр наадам өндөрлөлөө.

Наадмын хаалтын дараа Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн М.Бямбадоржтой цөөн хором ярилцлаа. 

-Говьсүмбэр аймгийн баяр наадамд амжилттай барилдаж, түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Юуны өмнө наадамчин олон түмэн, Говьсүмбэр нутгийнхандаа баяр наадмын мэнд хүргэе. Амжилттай сайн барилдаж, аймгийн арслан цол авсандаа баяртай байна. 

-Үндэсний бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байж аймгийн арслан цолонд хүрэв?

-Би 2009 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд орж байсан. Түүнээс хойш бэлтгэл сургуулилтаа сайн базааж барилдсаар аймгийн арслан цолонд хүрлээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Энэ жилийн хувьд бэлтгэлээ маш сайн базаасан. Энэ завшааныг ашиглаад бэлтгэлд хамт гарсан залуучууддаа, их зүйлийг зааж сургасан багш нартаа, дэмжиж тусалсан бүх л хүмүүстээ баярлаж, талархсанаа илэрхийлье. 

-Улсын наадам тун удахгүй болно. Улсын наадамдаа зодоглоно биз дээ?

-Ямар ч байсан эхний зорилгоо биелүүлж, цолоо ахиулж, аймгийн арслан боллоо. Дараагийн зодоглох наадам улсын баяр. Улс­ын наадамдаа амжилттай барилдахын төлөө бүхий л хүч чадлаа дайчилна даа.