ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Говьсүмбэрийн уяачид одтой наадлаа

Ц.ЧАНДМАНЬ-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2018-07-09

Говьсүмбэр аймгийн баяр наадам энэ сарын 07-ны өдрийн  08:00 цагт азарганы уралдаанаар эхэлсэн юм.  Энэ жил хурдан морины салбар хороо хурдан морь уралдах журмыг шинээр батлуулж,  монгол морьдоос гадна эрлийз бага дунд, насны морьдыг уралдуулах журмын дагуу дэд хороо байгуулж  ажиллажээ. Баяр наадмын хурдан морьдын уралдаан будилаангүй сайхан болсон бөгөөд Говьсүмбэр аймаг болон зэргэлдээх  Дундговь,  Дорноговь, Хэнтий аймгуудаас ирсэн 500 гаруй хурдан хүлэг тоосоо өргөсөн юм.  Энэ жил аймгийн ихэнх нутгаар зуншлага тааруу гантай байгааг харгалзан нас насны морьдын уралдах зайнаас хоёроос гурван километр татсан тухай баяр наадмын хурдан морины комиссын дарга хурандаа С.Бат-Эрдэнэ хэлж байлаа.  

Говьсүмбэр аймгийн баяр наадамд аймгийн уяачид одтой сайхан наадаж, олон айраг түрүү авсан юм. Тэдний нэг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын дөрөвдүгээр багийн малчин, залуу уяач Х.Манлайбаатар “Өнөөдрийн баяр наадам сайхан боллоо. Би энэ жил гурван насны морь уясан. Соёолон морь маань аймгийн баяр наадамд түрүүлж,  торгон жолоогоо өргүүлсэнд баярлаж байна. Хязаалан маань зургааллаа. Дааган насанд сойсон хүлэг минь долоогоор орлоо, сэтгэл өндөр байна. Түрүүлсэн соёолон морь манай унаган адуу. Дундговь аймгийн Өндөршил сумын улсын аварга малчин Намсрайн Сумьяагийн гүр угшлынх. Баяр наадмын түрүү магнай болсон соёолонгийнхоо тоосыг Хүй долоон худгийн хүй мандлын энгэрт өргөж сорих мөрөөдөлтэй байна даа” хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлсэн юм.