Говьсүмбэр аймгийн баяр наадмын шагайн харвааны тэмцээн энэ сарын 7, 8-ны өдрүүдэд болж өндөрлөв. Аймгийн баяр наадмын Шагайн харвааны тэмцээнд зургаан багийн 40 харваач оролцсон оролцсон. Тэр дундаа “Үлэмж дархан мэргэн” нэг, “Улсын мэргэн” дөрөв, “Хүндэт харваач” дөрөв, Аймгийн гоц мэргэн 14, залуу харваач 17 оролцлоо. Харваачдын хамгийн ахмад нь 83, хамгийн залуу нь найман настай байсан юм. Шагайн харвааны тэмцээн ахмадын бууны, өсвөрийн харваачдын, насанд хүрэгчдийн, багийн цуваа харваа гэсэн дөрвөн төрлөөр болж, байр эзлүүлсэн юм. Ахмадын бууны цуваа харвааны нэгдүгээр байрт хүндэт харваач И.Дашдондов, хоёрдугаар байрт хүндэт харваач С.Цагаан-Өвгөн, гуравдугаар байрт хүндэт харваач И.Батпүрэв нар шалгарлаа. Харин өсвөрийн харваачдын цуваа харвааны нэгдүгээр байрт Б.Билэгт-Од, хоёрдугаар байрт У.Тайванжаргал, гуравдугаар байрт Б.Бизъяа нар шалгарсан юм. Тэгвэл насанд хүрэгчдийн цуваа харвааны нэгдүгээр байрт Сүмбэр сумын харьяат, Монгол Улсын мэргэн Ц.Энхбаатар шалгарлаа. Харин хоёрдугаар байрт Б.Давааням, гуравдугаар байрт Монгол Улсын “Үлэмж дархан мэргэн” Б.Буянтогтох нар шалгарлаа. Харин, багийн тэмцээнд нэгдүгээр байрт Ж.Түвшинзаяа ахлагчтай техник үйлчилгээний газар, хоёрдугаар байрт Б.Өлзийбат ахлагчтай Шивээговь сум, гуравдугаар байрт Н.Идэржавхлан ахлагчтай Сүмбэр сум тус тус шалгарав. Мөн энэ үеэр долоон харваач шинээр “Аймгийн гоц мэргэн цол”-ны болзол хангасан юм.
Шагайн харвааны тэмцээний шагнал гардуулах үеэр ахмадын бууны цуваа харвааны нэгдүгээр байрт орсон хүндэт харваач И.Дашдондовтой цөөн хором ярилцсан юм.
-Та сайхан наадаж байна уу. Наадам сайхан болж байна уу?
-Сайхан наадаж байна. Энэ жил Говьсүмбэр аймгийн наадам сайхан болж байна. Аймгийн наадамд анх удаа гурвын цуваанд түрүүллээ.
-Та олон жил шагай харваж байна уу?
-Би Дундговь аймагт амьдардаг. Манай хүүхдүүд энд амьдардаг. Хүүхдүүдээ дагаад Говьсүмбэр аймгийн наадам үзэхээс гадна шагайн харвааны тэмцээнд оролцсон юм. Би хоёр дахь үеийн харваач. Миний аав харваач хүн байсан. Аавын минь харваж байсан шагайн бүх хэрэглэл нь надад өвлөгдөж ирсэн. Хашлага, сум, зурхай гээд бүгд байдаг.
-Та ахмадын бууны цуваа харваанд нэгдүгээр байрт шалгарсан. Өрсөлдөгч нар хэр байсан бэ?
-Хэдхэн буурал хоорондоо шагай харвасан хэдий ч өрсөлдөгчид их мундаг байсан. Насны хувьд дээд тал нь 80, доод тал нь 60 гарсан буурлууд байлаа. Би өөрөө 75 настай. Манай хүргэн, дүү өвгөн бид гурав эхний гурван байрыг эзэлсэн.
-Хэчнээн жил шагай харваж байна вэ. Ямар ямар амжилт гаргаж байв?
-Гараар 30, буугаар 10 гаруй жил гээд нийт 50 гаруй жил шагай харваж байна. Энэ хугацаанд 100 гаруй медалтай болсон. Би Улсын харишгүй мэргэн цолтой. Улсад багаараа гурван цом авч байсан. Харин хувиараа алт, мөнгө, хүрэл медаль авч байсан.
-Та 50 гаруй жил шагай харвасан гэсэн. Шагайн харвааны онцлог юу юм бэ?
-Шагайн харваа нь хүн байгаль хоёрын шүтэлцээг өөртөө агуулсан, нэг нь нөгөөдөө хүндэтгэл үзүүлэх урам хайрлахын ур ухааныг уухайгаараа илэрхийлж байдаг. Түүнчлэн олон мянган хүнийг нэгэн зэрэг наадан цэнгүүлж болдог үндэсний соёлын үнэт өв юм. Шагай харвадаг хүн ямар нэгэн зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй байх зэрэг чадвар эзэмшдэг. Мөн хараанд их сайнаар нөлөөлдөг.