Баян-Өлгий аймагт энэ сарын 15-нд усархаг бороо орсны улмаас үерт өртөж, орон гэрээ алдсан иргэдэд туслах зорилгоор БХБ-ын сайд Х.Баделхан хувиасаа 20 сая төгрөг хандивласан байна.
Мөн тэрбээр Баян-Өлгий аймгийн иргэдэд тусламжийн гараа сунгахыг нийт монголчуудад болон олон улсын байгууллагуудад уриалсан юм. Одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын найман багийн 530 өрхийн 2512 хүн үерт өртсөн. Улсын онцгой комиссын энэ сарын 19-ны хуралдаанаар орон гэргүй болсон иргэдэд таван ханатай гэр 80 ширхэг, сэргээн босголтын ажилд зориулж бохирын болон ус зөөвөрлөх машин, эмнэлэгийн машин, ковш зэрэг нийт 620 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн юм. Мөн үерт өртсөн эмэгтэйчүүдэд зориулж НҮБ-ын Хүн амын сангаас 24 сая төгрөгийн тусламж үзүүлсэн байна.