Олон улсын шатрын Их мастер цол хүртээд буй Б.Амина болон түүний багш Ц.Энхбат нарыг Дорнод нутгийнхны төлөөлөл Төрийн ордонд хүлээн авч уулзаж, хүндэтгэл үзүүлжээ.
Энэ жил ЕБС-иа төгсөж байгаа ч дэлхийн хэмжээний тамирчин болохоо харуулсан Б.Амина охин Монголоос шатрын Их мастер цол хүртсэн ес дэх тамирчин юм.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Дорнод аймгийн Шатрын холбооны тэргүүн Х.Болорчулуун болон Л.Соронзонболд, Б.Насантогтох, Б.Булган, А.Амартүвшин, Д.Ган-Очир нарын зэрэг Дорнод нутгийн залуучуудын төлөөлөл оролцож, шатрын залуу Их мастер Б.Аминагийн цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсээд 10 САЯ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ бүхий карт, дурсгалын зүйлс гардуулсан юм.
Оюуны спортын дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгаж буй Дорнод нутгийн тамирчин Б.Аминад спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.