Улаанбаатар-Сайншанд чиглэлийн 747 дахь км (Цомог-Айраг өртөө хооронд)-т төмөр замын суурь бүтэц үерийн усанд автсан. Байгалийн давагдашгүй хүчний улмаас 286 дугаартай галт тэрэгний хоёр зүтгүүр, зорчигчийн гурав, тээшийн нэг галт тэрэг осолдсон тул тухайн чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаасан билээ.
Гамшгийн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.
Мөн Дорноговь аймгийн Онцгой байдлын газар, цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 281, 336 дугаар анги, Сайншанд сумын Төмөр замын цэрэгжүүлсэн анги, Говьсүмбэр аймгийн Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалттай гал унтраах анги, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Төмөр замын байгууллагын ажилтан зэрэг нийт 486 хүн, 106 автомашин, 2 танк техник хэрэгсэл ажиллаж байгаа юм.
ОХУ-ын сэргээн босголтын галт тэрэгний цуваа өнгөрсөн шөнийн 02:00 цагт осол болсон газарт ирсэн бөгөөд зүтгүүрийн нэг секц, дөрвөн воганыг замаас холдуулжээ. Эвдэрсэн замыг өнөөдөртөө багтаан сэргээн засаж, төмөр замын хөдөлгөөнийг нээхээр төлөвлөн ажиллаж байгаа тухай албаны эх сурвалж мэдэгдлээ.