ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Орон нутагт малын угаалгын ажил үргэлжилж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-13

Малын угаалгын ажил орон даяар амжилттай үргэлжилж байна. Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө бог малыг банндаж буюу усанд умбуулан угаадаг байсан уламжлалт арга хэмжээг сэргээж, зориулалтын зөөврийн тоног төхөөрөмжийг ХХААХҮЯ-наас орон нутгуудад хүлээлгэн өгч байна.

Малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр 225 ширхэг мал угаалгын зөөврийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгснөөр нийт бог малын 30 хүртэл хувийг угаах буюу креолинжүүлэх боломж бүрджээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж байгаатай холбогдуулан салбар яам малаа аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаагийн нэг нь энэ юм.

Ийнхүү бог малыг бүтэн биеэр умбуулан угааснаар малын амьдын жин нэмэгдэж, арьс эрүүлжинэ. Паразит, шимэгч өвчнөөс урьдчилан сэргийлснээр түүхий эдийн чанар сайжирч, үнэ ханш нь өсөх түүнийгээ дагаад малчдын орлогыг нэмэгдэх нөхцөл бүрдэнэ.

Өөрөөр хэлбэл, нэгж малаас малчинд өгөх өгөөж 30 хувиар дээшилж, цаашлаад мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилготой манай улсын эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх ач холбогдолтой юм.