ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гудамжинд бохироо хаявал торгодог больё !!!

O.Admin
2022-11-03

За ийм байна аа. Ийм байна ч гэж дээ. Бүгдээрээ жаахан соёлжиж, ариун цэвэртээ анхаармаар байна аа. Өвлийн улирал хаяанд ирж, ханиад томуу ч ихэслээ. Есдүгээр сарын 1-нд хичээл эхэлснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрхөд 30 хүүхэдтэй нэг анги 15 хүүхэдтэй болж хувирсан байна. 50 хувь нь ханиад хүрсэн учир арга буюу завсарлахад хүрчээ. Гэртээ харах хүнтэй бол цэцэрлэгийн насныхан аль болох явахгүй байхыг хичээдэг боллоо. Гэртээ ханиад “чирж” ирж байснаас тэгсэн нь ч дээр л дээ. Ийм байхад хэдүүлээ өөрсдөдөө жаахан хяналттай байя аа.

Ялангуяа томчуудаа !!!

Ингэхийн тулд яах вэ. Өглөө гэр гэрээсээ гарахаас эхлээд гудамж буюу олон нийтийн газар ам, хамарнаасаа гарч байгаа бохироо “цацаад” баймааргүй байна аа. Гадуур алхаж явахад зарим ах, эгч нар зөрж өнгөрөхдөө л аль нэг чөлөөтэй газар руу өнөө балиар үйлдлээ гаргаад байх юм. Хэн нэгэн ам хамраа даралгүйгээр найтаахад шүлс нь нэг метр хүртэл үсэрдэг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр тэгж л хаямаар байдаг юм бол алчуур эсвэл салфетика хэрэглэж хэвшье.

Хэдхэн жилийн өмнө “Ковид-19” цар тахал дэгдэж байхад арай хамжааргатай болж байсан юмсан. Маск хүртэл зүүгээд л... Тэр үед ханиад томуу багасч, эмнэлэгийн ачаалал овоо хөнгөрлөө гэж эмч нар хэлж байсан. Гэтэл тэр айхтар өвчин арилангуут эргээд л бахь байрандаа очих нь ээ.

Муу зүйлд ч сайн тал байдаг гэдэгчлэн коронавирусийн уршгаар маск зүүх нь нэн чухал юм байна гэдгийг хэн хэн нь сайн ойлгосон биз дээ. “Адаглаад л хамрын ханиад хүрэхгүй зүгээр юм” гээд ам амандаа шагшилдаад байсандаг.

Тэгэхээр утаа униар ихэсч байгаа өвөл, хаврын улиралд маскандаа эргээд орцгооё оо. Тэгвэл миний дээрийн хэлсэнчлэн зөрж өнгөрөхдөө шүлс, нусаа хаядаг хэн нэгэн эрхмийн бохироос аврагдах гээд байна. Тэр хүн ч масктай байвал хаяхгүй байх ч юм билүү. Арга ядсан л бодол юм даа, зайлуул.

Өнөө цагт гудамжинд шүлс, нусаа хаядаг иргэнтэй улс ховордсон шүү. Дээрээс нь тамхи татдаг нөхөд акуркаа машиныхаа цонхоор, алхаж байхдаа ч юу ч болоогүй юм шиг нясалдагаа (зажилсан бохио, чихрийн цаас ч ялгаагүй) больмоор байна аа.

Жишээ нь Япон, БНСУ-д ийм үйлдэл гаргавал шууд торгодог гэнэ билээ. Тэгвэл манай улсад ч гэсэн тэр арга хэрэгжсэн ч яадаг юм. Тархитай нь яриад ойлгохгүй бол халаастай нь “яриад” эхлэхээр хамжааргатай болох байлгүй. Эхний хугацаанд “Яядарсан иргэдээ торголоо бла бла ...” гэх л биз. Угаасаа өөсрдийнх нь буруу юм чинь яадаг юм. Шүлс, нусаа хаясныхаа гороор торгуулах байсан мөнгөөрөө эмийн сангаас эм авдгаас хойш.

Мөн дээрээс нь халаасандаа байгаа хогоо гудамжинд хаямааргүй байна аа. Гэртээ тийм үйлдэл хэн ч гаргадаггүй биз дээ. Улаанбаатар хот маань бидний л гэр. Халаасаа ухаж байгаад наанадаж и-баримтын цаас гараад ирвэл “Өө энийг уншуулчихсан юм байна” гээд харсан зүг рүүгээ чулууддаг. Тэр үйлдэлдээ ч огт эмзэглэдэггүй.

Дээхнэ тансаг машин унасан нэг нөхөр цонхоороо тамхины ишээ хаяхаар нь “Та хогоо хаячихлаа шүү дээ. Машиндаа хийж явж байгаад буухдаа хогны саванд хийгээч” гэсэн иргэний өөдөөс “Миний машин хогны сав биш” гээд улайх ч үгүй хариулна билээ. Тийм тэнэг баймааргүй байна аа.

За ингээд иргэн бүр хогоо хогны саванд хаядаг боллоо гэхэд манай нийслэлд хогны савны хүрэлцээ маш муу байдаг. Төв хэсэгт яах вэ, хэд алхаад олддог. Сүхбаатарын талбайгаас хааш хаашаа 3-5 км зайд очихоор хогны савны эрэлд гардаг. Үүнээс улам холдвол бүр “Ховрын бараа” гэдэг шиг юм болдог. Тэгэхээр дарга нар минь та нарт нэг ажил нэмж өгье. Хогны саваа нэмээд өгөөч !!! Тэгвэл хаа сайгүй хогоо хаядаг нөхөд маань алдаагаа засах гээд байна шүү дээ.

Энэ мэтчилэн бичих зүйл их байх юм аа. Дахиад хэлье !!! Гудамжинд ам, хамарнаасаа гарч байгаа бохироо хаяхаа больё, ядаж утаатай улиралд маскаа зүүж байя, хогоо зориулалтын хогны саванд хийдэг больё. Тэгэхгүй бол дарга нараа та бүхэн сурсан зангаараа биднийг торгоод аль, гуйж байна.