Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утсанд энэ сарын 19-ний өдөр “Манай 5 настай охин гэрийнхээ гадаа тоглож байгаад алга боллоо” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид улсын хэмжээнд 2 хоног эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, 5 настай охин “Э”-г олжээ.
Охиныг 37 настай эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан-Уул дүүрэгт оршин суух иргэн “Б” өчигдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны дэвсгэрт хулгайлан авч явж байхад нь Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн баривчилж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
Одоогоор охины биед гадна харагдах гэмтэл шарх, сорив байхгүй. Иймд эцэг, эхчүүдийг бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.