ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн талаарх ярилцлагад орж байхдаа нэгэн залуу гэр бүлийн сэтгэл эмзэглүүлэм түүхийг ярьж байсныг тодхон санаж байна. 30 гаруйхан настай бүсгүй өдөр хоногоо хүлээн эмнэлгийн орон дээр хорт хавдартай тэмцэн хэвтэж байхдаа “Би ханьдаа маш ихээр гомдож байна” гэж хэлжээ.
Яагаад гомдсон учраа тайлбарлахдаа “Хэрвээ миний хань надад анхаарал хандуулаад, нэг удаа ч болов эмнэлэг рүү хөөсөн бол би энд хэвтэхгүй байсан. Нэг удаа ч болов хамт яваад үзүүлье гэсэн бол хүүхдүүдээ орхиод ийм залуугаараа энэ хорвоогоос явахгүй байсан. Тийм учраас би чамд гомдож байна” хэмээхэд хань болох залуу нь дэмий л мэгшин уйлж суусан тухай гунигт түүх.
Яг л ийм түүхийг Монголын мянга, мянган хавдартай хүмүүс ярих байх аа. Хавдрын тухай хэлэлцүүлэг, уулзалтад сууж байхад ч ийм түүх олныг сонсдог юм. Умайн хүзүүний хавдартай гэдгээ эцсийн шатанд ороход нь мэдсэн ганц бие ээж “Төрсний дараа өвдөж, хөх өвчин орж байхад үзүүлчихсэн бол эцсийн шатанд нь оруулж, тийм олон удаа химийн тарианд орж, ингэж зүдрэхгүй байсан юм” хэмээн уйлж суусныг санаж байна.
Хорт хавдар гэх энэ өвчин өнөөдөр айл болгоны хаалгыг чимээтэй, чимээгүй тогшиж буй нь үнэн. Хүнсний аюулгүй байдал, эдэлж хэрэглэж буй зүйлсийн чанар стандарт, агаарын бохирдол, амьдрах орчны бохирдол гээд маш олон зүйлээс шалтгаалан Монгол Улс дэлхийд хорт хавдрын өвчлөлөөр тэргүүлж байгаа. Жилд 5000 гаруй хавдар оношлогдож буйгаас 75 хувь нь хожуу шатандаа оношлогдож байгаа нь хүн амын дундах эрүүл мэндийн боловсрол ямар түвшинд байгааг илтгэх тоо.
Өвдсөн ч эм уугаад яваад байдаг, хэвтэрт орохгүй л бол бага хэмжээний зовиур, шаналгааг тоодоггүй гэх мэт олон шалтгаан биднийг хавдраар хайртай хүнээ алдах эрсдэл рүү түлхсээр. Үүнээс гадна идэр сайхан залуус, үр ачаа тойруулан жаргах учиртай ахмадууд маань зүрх судасны өвчнөөр цаг бусаар энэ хорвоог орхиж буй нь дэндүү харамсмаар.
Сэтгүүлч миний бие ч идэрхэн насны аавыгаа зуурдаар алдаж, их эрт хагацал үзсэн хүн. "Нэг удаа ч болов эмнэлгийн хаалгаар өөрөө чирээд ч болов орохгүй яав даа. Нэг удаа ч болов та өвдөж байна, зовиурлаж байна гэж хэлэхгүй яав даа” гэж яваад өгсөн хойно нь мянга түмэн удаа өөрийгөө зүхэж, харамсдаг юм билээ. Яг ийм харамсал хэчнээн өрх айлд байдаг гэж бодно оо. Хэдэн өдөр тэр харамсалдаа хүлэгддэг гэж бодно оо. Тиймээс л машиндаа, гадуур найзуудтайгаа уулзахдаа цаг гаргадаг шиг эрүүл мэнддээ багахан ч гэсэн цаг гаргацгаая, монголчууд аа.
Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэнд-Үндэсний баялаг” уриан дор хэрэгжиж буй урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг Улаанбаатар хотын хэмжээнд хэрхэн хэрэгжиж байгаатай танилцжээ.
Гэтэл дэндүү чамлахаар тоон мэдээг эрүүл мэндийн салбар Ерөнхий сайдад танилцуулсан байх юм. Өнгөрөгч тавдугаар сараас эхлэн хэрэгжиж буй энэхүү аянд нийт хүн амын ердөө 26 хувь нь хамрагдсан тоон мэдээ гарсан байна. Нийтдээ 852.834 хүн хамрагдсаны 639.360 нь буюу 48.3 хувь нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлтэй гарчээ.
Өнөөх бидний дэлхийд тэргүүлж буй зүрх судас, даралт, ходоод, улаан хоолой, бөөрний өвчлөл үзүүлсэн хүмүүсийн дийлэнх олонхид байсан гэсэн үг. Харин хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл өндөр байгааг эмч нар Ерөнхий сайдад танилцууллаа. Мөн 5518 хавдрын тохиолдол илрүүлснээс 2347 нь хортой хавдар байжээ. Бурхан өршөөвөл эдгээр 2000 гаруй хүний цөөнгүй нь цаашдаа эмчилгээгээ цаг тухайд нь хийлгээд, хагалгаанд ороод амьдарч чадах байх. Үлдсэн хэсэгт нь хөнгөвчлөх, эсвэл химийн эмчилгээ зэргээр амьдрах насаа арай илүү уртасгах хувь заяа л хүлээж байна. Хавдар хэддүгээр шатандаа оношлогдсоноос шалтгаална гэсэн үг. Гуравхан сая монголчууд жилдээ ийм их хүнээ өвчнөөр алдана гэдэг дэндүү харамсмаар тоо.
Өнөөх л хэрвээ эрт үзүүлсэн бол, эрт эмнэлэгт хандсан бол гэх харуусал тэдгээр хүмүүсээс үлдэж хоцрох хайртай хүн бүхний сэтгэлд харуусал болж үлдэх нь ээ. Тиймээс энд ганц л зүйлийг хүсье. Эрт илрүүлэг, үзлэгтээ идэвхтэй хамрагдацгаая, монголчууд аа. Цаг өгөхгүй байсан, очер ихтэй байсан, хоёр сарын дараа цаг байсан гэж хойш тавьж суумааргүй байх юм.
Өнөөдрийн байдлаар эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг улсын хэмжээнд төрийн 49, хувийн 27 байгууллага хамтран ажиллаж буй. Урин дулааны улиралд явуулын автобус ч ажиллуулж шинжилгээ авсан ч 1500 орчим иргэн л хамрагдсан гэнэ билээ. Эрүүл мэндийн даатгалаа төлж буй иргэн бүхэн улс, хувийн гэхгүй харьяа дүүрэгтэй байгаа, ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлэгт хандаад цаг авч үйлчлүүлж болно. /ЭМДЕГ-тай гэрээ байгуулж үзлэг хийж буй эмнэлгүүдийн жагсаалтыг https://emd.gov.mn/news/103 линкээр нэвтэрч аваарай/
Урьдчилан сэргийлэх үзлэгийн ирц хангалтгүй, явц удаан байгаа талаар сошиал хуудсанд бичсэн постны дор олон хүн “2-3 сараар цаг байхгүй байсан. Жилийн дараа ир гэсэн. Цаг авсан ч эргэж дуудаагүй. Хариу өгөөгүй. Лавлахад мартсан байна гэсэн” гэх мэтээр шүүмжлэл, санал сэтгэгдэл үлдээжээ. Энэ мэдээж ямар ч үйлчилгээг дагаад гарч ирдэг асуудал. Тэр тусмаа Монголд эрүүл мэндийн салбар иргэн бүрт хүрч үйлчлэх хэмжээнд хөгжөөгүй байгааг нуух юун. Монголын эрүүл мэндийн салбарын хүрэлцээ хангамж ямар билээ.
Тиймээс ойрын өдрүүдэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та нөхцөл байдалтай биеэр явж танилцаж, асуудлыг нүдээр харсны хувьд хүрэлцээ хангамжийг хэрхэн нэмэгдүүлэх, иргэн бүрт чиглэсэн үйлчилгээг яаж үзүүлэх, хувийн эмнэлгүүдийг энэхүү ажилд идэвхтэй байдлаар хэрхэн татан оролцуулах вэ гэдгээ шийдэх шаардлага үүсэв. Өнөөдөр ч иргэдээ эрт илрүүлэгт идэвхтэй хамрагдахыг хүсэж буйгаа хэлж байлаа. Төрийн гаргасан том бодлого хөрсөн дээрээ очиж хэрэгжихдээ хүнд суртал, хүртээмжгүй болдог буруу жишгээр явах вий гэдэгт анхаарал хандуулаарай. Эрт илрүүлэгтээ хамрагдахын тулд иргэн та ч бас хичээл зүтгэл гаргаж, дэргэд байгаа нэгнээ чирээд ч хамаагүй эмнэлэг рүү яваарай.