ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Цүнх баригч"-аа ажилтай нь үлдээх ажиллагаа шүүрдэх сургаар эрчимжив үү

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2023-04-03

Засгийн газраас авлигагүй нийгмийг бүтээхийн тулд 5Ш ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Энэхүү хөтөлбөрийн үр дүнд Монгол Улсад нүүрлэсэн томоохон авлигын хэргүүд  буюу Нүүрс, Хөгжлийн банк, төрийн тусгай сангуудыг хоосолсон хэрэг илчлэгдэж, эхнээсээ эзэн холбогдогчид нь хариуцлагаа хүлээж байна. Цаашид олон хэрэг нийгэмд ил болох биз ээ. Харин энэхүү үйл ажиллагааг дагаад хууль хяналтын байгууллагууд идэвхтэй ажиллаж, олон нийтэд авлигыг хүлцэн тэвчиж болохгүй гэх ойлголтыг төрүүлж, итгэл өгч байгааг онцгойлж талархан сануулах нь зүйтэй.

5Ш-ийн гол цөм нь шүүр ажиллагаа. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудыг эмх цэгцтэй, дэг журамтай, хариуцлагатай, авлигагүй, хүнд сурталгүй мэргэжлийн байхад энэ ажиллагаа ихээхэн чухал юм. Монголд төрийн байгууллагуудын хүнд суртал, авлига, албан тушаалын наймаа хэрээс хэтэрсэн. Ийм тогтолцоо тогтоод удаж буй.

Төрөөс ямар нэгэн арга хэмжээ авдаг ч бодит үр дүнд хүрсэн нь үгүй. Нэг тусгай зөвшөөрлөөс эхлээд л төрийн хүнд суртал эхэлнэ. Нэг даргын гарын үсэг тамга харж, хэдэн өдрөөр ажил цалгардана. Танилын сүлжээгүй бол чөлөөт зах зээлд ажиллаж амьдрах ямар хүнд вэ гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүд алхам тутамдаа мэдэрсээр өдийг хүрсэн билээ. Мэргэжлийн бус танил талаараа ажил, албанд томилогдсон хүмүүсийн хүнд суртлын босгыг давахгүй сөхрөх туйлдах тохиолдол ч олон.

Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газраас төрийн өмчит компаниуд, яамдууд, агентлагууд, Засаг даргын тамгын газар зэрэгт хамаарах үүрэг чиглэлийг Шүүр ажиллагааны хүрээнд өгчээ. Тухайлбал, төрийн байгууллагууд танил, тал, ах дүү хамаатан саднаараа дамжуулан ажилд орсон, мэргэжлийн бус, ур чадварын шаардлага хангаагүй хүмүүсийг энэ сарын 6-ны өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлөн, албан тушаалыг нь дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг сануулав.

Төрийн албаны тухай хууль зөрчиж томилогдсон, АТГ-аас ашиг сонирхолын зөрчилтэй гэдэг нь тогтоогдсон, ХОМ-ээ өгөөгүй, авлига албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн зэргээр үндэслэлийг нь тогтоож, төрийн албанаас шүүрдэхийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан яам, агентлагийн газрын удирдлагуудад үүрэгджээ. Үүний дагуу дээрх төрийн байгууллагуудад  мэргэжлийн шалгалт оруулсан бөгөөд ойрын өдрүүдэд ёстой л хөл толгой нь олдохгүй бужигнаж буй гэх. Тэгвэл одоо энэ ажлынхаа хэрэгжилтийг хангах л үлдээд байна. Бүх төрийн өмчит компаниудад ажил байдлын тодорхойлолтод заагаагүй мэргэжлийн бус нөхдүүд, ажлаа хийдүүлж, арга саам хайгч, сул цалин зулгаадаг “шимэгчид” цөөнгүй байдаг болохыг ТӨБЗГ, салбарын яамд, ТАЗ зэрэг байгууллагуудад ирүүлсэн судалгаанаас харж болохоор байгаа.

Угтаа “Шүүр ажиллагаа” үр дүнд хүрээд, үнэхээр энэ “шимэгчид”-ээс салж чадвал төрийн алба хуулийн зөрчилгүй байх, төрийн байгууллагууд, төрийн өмчит компаниудын хүний нөөцийн бодлогыг Засгийн газар нэгдсэн байдлаар хэрэгжүүлж, төрд шаардлагатай албан хаагчдын судалгааг гарган хэрэгцээт мэргэжилтнүүдээ бэлтгэдэг байхаас ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зарчим хэрэгжиж эхлэх учиртай.

Гэтэл сураг дуулах нь ээ, зарим төрийн байгууллагууд шүүрдүүлэх дургүй байгаа аж. Өнгөрөгч баасан гарагт бүгдийг нь дуудаж уулзан үүрэг чиглэл өгсөн даруйд төрийн байгууллагууд “халаасны” хүнээ хаа нэгтэй шургуулж, авч үлдэх арга саам эрэлхийлж, иргэдэд үйлчлэх үйлчилгээ сул орхигджээ. Харин шаардлага хангаагүй, сул орон тоо эзлэгчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж эхлэх нь тэр.

Зарим төрийн байгууллагын удирдлагууд Засгийн газрын шийдвэр, авлигатай тэмцэх ажиллагааг үл тоож, судалгаа нэртэй цаасаар төрийн байгууллагад хууль бус нэвтрэгч, суудлын бөглөөс болсон хүмүүсээ хамгаалж үлдэхээр ажиллаж байгаа гэх сураг дуулдав. Иймээс "шүүр" ажиллагааг улс орон даяар бүх төрийн байгууллагууд идэвхтэй өрнүүлж, шүүрдсэн шиг шүүрдэе. Төрийн хүнд суртал, мэдлэг мэдээлэлгүй, мэргэжлийн бус хүмүүсээсээ ангижиръя, Д.Амарбаясгалан дарга аа. Эс тэгвээс хуудас цаасаар нүүр тахалж, авлигаас ангижрахгүй, авлигагүй нийгмийг бүтээхгүй зүтгэж байгаа “шимэгч”-ид хуулийг гууль болгох вий.