Дорноговь аймгийн Хатанбулаг суманд антафризын шингэнд хордож, хоёр иргэн нас баржээ. Хэргийн талаар Дорноговь аймгийн цагдаагийн газрын дэд дарга хошууч н.Ганцоожтой утсаар холбогдон тодрууллаа.
Тэрбээр “Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. 30 настай гурван эрэгтэй өнгөрсөн шөнө 20:00 цагийн үед сумын эмнэлэгт хүргэгдсэн байна. Өнгөрсөн шөнө нэг, өнөөдөр өглөө нэг иргэн нь нас барсан. Нэг иргэнд хордлого тайлах эмчилгээ хийж байна.
Тухайн иргэд антафризын шингэн ууж хордсон бөгөөд гадны нөлөөгүй байсан. Хэрэг гарах үед мансууруулах, согтууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шинжилгээгээр тогтооно” хэмээн мэдэгдэв.