ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АЯН ЗАМЫН ТЭМДЭГЛЭЛ: Дорнын сувд Шанхай дэлхийн технологийн сувд болон гялалзаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-07-06

2023 оны зургаадугаар сарын 24-ны 22.00 цаг: Цар тахлаас хойш дөрвөн жилийн дараа Шанхай хотод хөл тавихаар аян замд гарч байна. Үдшийн 22.00 цагтай уралдан “Туушин” зочид буудлын өмнөөс Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын 30 төлөөллийг суулгасан 0606 дугаартай автобус холын замд гарав. Залуу, дунд, ахмад гурван үеийн төлөөлөл болсон бидний нөхөд зам зуураа хол ойрын сониноо хуваалцаж, дуу шуу болсоор шөнийн турш говийн ээрэм тал дундуур давхисаар үүрийн гэгээтэй уралдан Замын-Үүдэд иржээ.

Дөрвөн жилийн хугацаанд эл хульхан, хаа нэгхэн ачааны том тэрэгнүүдийн хүнгэнэх чимээнээс өөр аниргүй шахам байсан эл газар эргээд түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар болжээ. Хил гарах автобусандаа амжих гэсэн, хилийн зурвас хүртэл машинд дайгдах гэсэн хөгшин, залуу, хүүхэд багачууд энд тэндгүй хөлхөж, банштай цай, цуйван, ногоотой хуургаа зарчих гэсэн эгч нарын “хоолоо аваарай” гэх чимээтэй холилдоод ерөөс л энэ чимээ дөрвөн жил тасалдаагүй мэт амьдрал тэнд тасралтгүй өрнөсөөр л...

Монголын талаас хил гаалийн хүнд суртал тийм ч их алга аа.  Эрээн хотын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт харин эрүүл мэндийн хуудас бөглүүлэх асуудлаас үүдэн хүний хөдөлгөөн, түгжрэл ихтэй байх аж. Вичатаараа бөглөж чадаагүй нь эгнүүлэн тавьсан автомат машинуудад гадаад паспортоо уншуулах гэж хэрэндээ л зүдэрнэ. Зарим нь он сараа андуурч эргэж буцах нь ч энүүхэнд. Эрүүл мэндийн хуудсаа бөглөж, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон хоёр маань ковидын шинжилгээ өгөх гэх мэтээр түрхэн саатсаар бид 11.30 цагтай уралдан хилээр гарч амжив.

Эрээн хотын Авто тээврийн төвөөс биднийг ӨМӨЗО руу авч явах автобустай аялалын компанийн төлөөлөл угтан авлаа. Дөрвөн жилийн дараах хятад хоол, хятад цай, идээ ундаа тунчиг сонихон хийгээд амттай. Дараагийн хот руугаа аялах цаг тулчихсан учраас хоорондоо ч үг солих завгүй яаруухан хооллоод Эрээн хотоос Хөх хотыг чиглэн аян замдаа гарлаа.

“Зам жаахан засвартай учраас хугацаа алдах байх” хэмээн биднийг угтсан аяллын компанийн төлөөлөл сануулсан ч тэнд хүнд төвөгтэй байдлаар зам хааж, шороон замаар дэнжигнүүлж давхих асуудал ерөөс гарсангүй ээ. Цар тахлын дөрвөн жилийн хугацаанд л бүхэл бүтэн нэг уулыг сэтлээд зам тавьчихсан, уул толгод нэг бүрээ ногооруулах асар том аян өрнүүлсэн Хөххот танигдахын аргагүй эко хот болон хөгжсөнийг нүдээр үзэж явсаар таван цагийн дараа бид зорьсон газраа хүрч очлоо.

МСНЭ, БНХАУ-ын Хэвлэл мэдээллийн хороо, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны  хамтарсан хоёр улсын 50 гаруй сэтгүүлчийн дөрвөн жилийн дараах хамгийн анхны сурвалжилгын сэдэв нь “Хятадад уулзъя-Шинэ зуунтай танилцъя”. Хөх хотын “Цагаан суварга” онгоцны буудалд биднийг албаны хүмүүс угтан авч, аялал албан ёсоор эхэлснийг мэдэгдэж, аян замын ерөөл өргөсөөр Шанхай хот руу үдэн гаргалаа. Бүтэн сарын хугацаанд бэлтгэсэн анхны аялалдаа гарахаар хоёр улсын сэтгүүлчид ч ихэд догдолж буй нь нүднээ илхэн.

Товчхондоо, дөрвөн жилийн амаргүй цаг үед хилээ хаачихаад зүгээр суув уу, эсвэл зүлгэж сууж уу гэдгийг та бүхэн чихээр сонсохоос гадна нүдээр хараарай хэмээн урьсан юм шүү хэмээн тодотгож байх аж, тэд. Мөнхийн хөрш орны хувьд хоёр улс нэгнээсээ түрүүлж бус хамтдаа хөгжих уриалгыг дэвшүүлсээр ирсэн бөгөөд энэ хүрээнд Хятад улсын хөгжлөөс Монгол Улс суралцах зүйл байна уу гэдгийг сэтгүүлчид нь нүдээр хараг хэмээн энэхүү аялалыг төлөвлөжээ.

Чингэхдээ зүгээр ч нэг хотоор дагуулан аялаж явах бус технологийн хөгжил, хүний төлөөх нийгмийг бүтээсэн, шинэ зууны хөгжил дэвшилтэй илүүтэй танилцуулахыг зорьсон учраас 2025 онд дэлхийн шилдэг технологийн хот байгуулахаар зорьж буй Шанхай хот, хөгжлийн хурдаараа бусад мужуудаа тэргүүлсээр буй Жянсү мужийг сонгосон хэрэг гэнэ билээ. Дорнын сувд Шанхай доороос түмэн өнгийн гэрлээр гялалзаж, дээрээс харин түг түмэн одод гялалзах тэнгэр газрын заагаар мөнгөн цагаан хүлэг 2.30 минут ниссээр Шанхай хотод намуухан дулаахан үдшээр 50-уулаа хөл тавилаа.

Зургаан секундэд хүний амь аврах технологийн гайхамшиг

2023 оны зургаадугаар сарын 26-ны 07.30 цаг: Шанхай хотын агаарын хэм +33 градус заах ажээ. Гадаа хэдийгээр тэнгэр бүрхэг ч чийглэг, халуун уур амьсгалтай нам гүмхэн хотоор эхний танилцах газар руугаа бид давхиж явна. 24.7 сая хүн амтай атлаа энэ хотод хүний бөөгнөрөл, замын түгжрэл ер алга шүү. Их хотын нүргэлсэн дуу чимээ ч сонсогдсонгүй. Гадаа ганц нэгхэн бороон дусал хаялж, хоёр улсын 50 сэтгүүлч 10 хоногийн урт аялалынхаа эхний газрыг үзэхээр хоёр автобусанд хуваагдаж суугаад догдлонхон давхиж гарлаа.

Зочид буудлаас маань нэлээдгүй хол байх Жанжяний бичил хагалгааны эмнэлгийн тоног төхөөрөмжийн төв /MicroPort/-д 30 минутын дотор л торох юмгүй давхиад оччихов оо. 20 гаруй жилийн түүхтэй тус төв нь Хятадын өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмж хийдэг гэдгээрээ алдартай. Тэнд 30 гаруй улсын 12 мянган хүн ажиллаж буйгаас ихэнхийг нь хятад ажилчид эзэлдэг. Эмчийн хүнд хүчир хөдөлмөрийг хөнгөвчлөх үүднээс робот тэнд хагалгаа хийж байна.

Манай сурвалжлах баг эмч өрөөндөө суугаад роботын тусламжтай улаан хоолойн мэс засал хийж байхтай таарав. Няньжин хотын эмнэлгийн цэлгэр уудам өрөөнөөс 500 км-ын алс Шэньжэнь хотод байгаа элэгний церозтой өвчтөнд эмч бичил робот ашиглан хагалгаа хийж буй нь технологийн гайхамшиг биш юм бол өөр юу юм бэ гэж дуу алдмаар.

Зүрх судас, зүрхний хэм алдалтын тоног төхөөрөмж, түрүү булчирхай, яс болон зөөлөн эдийг нөхөн сэргээх, цусны эд эсийг нөхөн сэргээх гээд хүний гараар бүтээсэн гайхамшиг бүхэн тэнд эмчийн ажлыг хөнгөвчилж, эрүүл амьдрал бэлэглэж байна билээ. Нийтдээ 500 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхий дахины 20000 гаруй эмнэлэгт мэс засал болон яаралтай тусламжид ашиглуулахаар зургаан компаниар дамжуулан зах зээлд нийлүүлж буй тус хамт олон “Зургаан секунд тутамд 1 хүний амь аварна” буюу дэлхийн хүн нэг бүрийг 115 хүртэл наслуулах зорилго тавьж, түүндээ ч хүрсээр яваагаа бидэнд итгэл дүүрэн танилцуулах нь бахархам.

Тэд дан ганц бүтээгдэхүүн үйлдвэрлэх бус сэтгэл гутрал, нойргүйдэл, нөхөн сэргээлт, хар тамхины донтолтын эсрэг эмчилгээг хийдэг 12 бизнесийн кластертай. Нэг үгээр хэлбэл, амьдралыг сайн сайхан болгох, гоо үзэсгэлэнг бүтээх чин зорилгоо биелүүлж яваа хамт олны нөр их ажлын нэгээхэн хэсгийг уншигч тантай танилцууллаа.

Шанхайг бүтээсэн хөгжлийн ноу хау

Шанхай хотын хамгийн өндөр барилгаар зочлохгүй өнгөрвөл энэ хотод очсоны хэрэг гарахгүй байх шүү. Тэр ч уламжлал ёсоор Пүдүн дүүргийн Лүжязүй санхүү худалдааны төвд байрлах Шанхай цамхаг бол бидний дараагийн зогсоол байв. Барилгын өндөр 632 метр. Хятад улсдаа хамгийн өндөр, дэлхийд харин гуравдугаарт эрэмбэлэгддэг гайхамшигт “гоо үзэсгэлэн”. Тус цамхагийн 118 давхарт гарч Шанхайн гэрлийн гялбаа, өндөр барилга, өргөн мөрнийг олон хүн тольдож байсан учраас илүү ихийг нуршаад яахав.

Энэ удаа харин бидэнд илүү боломж олдсон нь 118 давхраас дээш байрлах зочид буудал, зоогийн газрын өрөөнүүдээр зочлох боломж байв. Галын аюулаас сэргийлж битүү болроор ширээ, хана, таазаа чимсэн өрөөнүүд нь нэг хоногийн 1.5-6 сая төгрөгийн үнэтэй. Дэлхийн алдартай брэндийн төлөөлөгч нар ирж амардаг, хуралддаг, Хятадын алдартай инфлүүсэрүүдийнх нь нэврүүлгээ бичдэг, амардаг, галзуу баян азиудын хуримын шөнөө өнгөрүүлдэг чамин тансаг өрөө гээд нүд баясгах, чих сэртхийлгэх бүхнийг нүдээр үзэв, бид. Итали хоолны нууцлаг атлаа чамин тансаг хийцтэй зоогийн газрын үүдээр ороход л уулга алдмаар уран хийц, загварууд урдаас угтана.

Хятадын уламжлалт хэв маягийг дэлхийн сонгодог уран барилгачдын ур ухаан, барилгын шийдэлтэй хослуулж өгснөөрөө тэр бүхэн дахин давтагдашгүй, өвөрмөц орон зайг бий болгожээ. Ерөөс энэ цамхагийн өрөө, давхар бүхэн Хятад үндэсний бахархлаа орчин үетэй нийцүүлэн урлаж чадсан гэдгээрээ онцлог гэдгийг тус цамхагийн менежер бидэнд танилцууллаа.

Дэлхий дахины хөгжилтэй хөл нийлүүлэн гэрлийн хурдаар өрсөлдөх ч гэлээ бүтээж босгосон бүхэндээ үндэсний үзэл, хэв маяг, бахархлаа орхихгүй шингээж явах учиртайг харуулсан эл үзэсгэлэнт цамхаг хийгээд хүний бөөгнөрөл замын түгжрэлгүй технологийн хөгжлөөр гайхуулсан Шанхай хотыг бий болгосон нууцыг хадгалсан дараагийн зогсоол руу хамтдаа хөдөлцгөөе.

Тэрхүү зогсоол бол Шанхай хотын хот тохижилтын үзэсгэлэнгийн төв байв. Товчхондоо, Шанхайн дүр төрхийг тэндээс нэг цонхноос харж болно. Англичуудын эзэмшилд байсан “Загасчдын тосгон”-оос өдгөө дэлхийд технологийн хөгжлөөр гайхуулсан хот болон хөгжсөн ноу хауг Оршил, Хүмүүнлэг, Инноваци, Эко хот хэмээн дөрвөн хэсэг хуваажээ. 1921 онд Коммунист намын анхны Их хурал хуралдаж, Шанхайг хот болгон хөгжүүлэх эхлэл тавигдсанаас хойш 1986 онд Пүдүн дүүргийг барих санхүүжилт шийдэгдэж, 1993 онд анхны метро явж эхэлсэн түүхэн цаг хугацааг үзэсгэлэнгийн танхимын голд видео хэлбэрээр байршуулжээ.

17 газар доогуурх метроны зам, хоёр том онгоцны буудал, 6340.5 хавтгай дөрвөлжин километр талбайтай 16 тойрогт хуваагддаг Шанхай хот төв хэсгээрээ хүний нягтрал ихтэй. Өөрөөр хэлбэл, Пүдүн дүүрэг бол хотын амин зүрх, хөгжил дэвшлийн гайхамшгийг харуулж буй. Тэнд нэг мкв талбайд 200 мянган хүн амьдарч байгаа учраас Шанхайг илүү тэлж, таван дагуул шинэ хот байгуулж эхэлжээ.

Нийт газар нутгийн 5/1-тэй тэнцэх зайд л энэхүү таван хотыг байгуулахаар зураг төслөө гаргасан бөгөөд хотыг тойрон амьдарч буй иргэдэд соёлын ижил тэгш үйлчилгээ хүргэх нь туйлын зорилго юм.

Шанхай хот хөгжлийнхөө аль ч шатанд эко байх туйлын зорилгоо умартаагүй. Тиймдээ ч дэлхийн экологийн чухал бүс гэж үзсэн газрыг тойруулан хот төлөвлөлтөө хийсээр иржээ. Хүний гар хүрээгүй, онгон дагшин байгаль руу шуналын нүдээр харж, түүнийг эвдэж сүйтгэх бус эсрэгээрээ эко хэмээн хадгалснаараа тэд зөв хөгжиж чаджээ.

Хүний гараар бүтээгдсэн гайхамшиг бүр хэдий гайхалтай ч оршин буй бүхэндээ үүх түүхээ хадгалах учиртайг тэд хүмүүнлэг хотоороо харуулахыг хичээсэн байх юм. Шанхайн улаан соёлоос эхлээд Жяннаны соёлыг хүүрнэн өгүүлэх хот тосгодыг барилга бүхэн тэдэнд үнэт өв соёл болон хадгалагдсаар, бас хамгаалж, хайрласаар. Энэ бүхний төгсгөлд 2025 он гэхэд дэлхийн шилдэг хот болох амбийцаа хэдийнэ тогтоосон буюу инновацлаг Шанхай, тэнгэр баганадсан шилэн барилга, түүнийг бүтээсэн аугаа түүх, хүний нийгмийн гайхамшигт соёлоороо бахархалтайяа гялалзаж, гялтганасаар буйг харуулах танхим нь нүд баясгам харагдана.

Тэд 2035 он гэхэд 180 метрээс дээш өндөртэй 18 барилга барьж дуусгахаар ханцуй шамлан ажилдаа оржээ. Өмнө хэлсэнчлэн, 24.7 сая хүн оршин суудаг хот түгжрэл, стрессээ таягдан хаяж, хүний бөөгнөрөлгүйгээр тэлж чадсан нь өөрөө энэ хотын хөгжлийн нууц юмсанж. Хүн амьдарч буй газар бүхэнд хамгийн ойрхон байхаар хүний авч болох бүх хэрэгцээг төвлөрүүлж, хүнээ сонсдог, тэднийг анзаарч чаддаг хот байснаараа Шанхай Дорнын сувдаас хальж, дэлхийн сувд болон гялтганаж байх юм.  Үүнийг бидний дараагийн очсон Үличяо гудамжны Гүнфан хороолол нотлох ажээ.

Хогийг мөнгө болгох туршлагатай Гүнфан хорооллынхон

Харахад Монголын хуучны угсармалууд шиг хуучны гудамж, барилга. Их хотын хаа сайгүй л тааралддаг хөдөлмөрч хятадуудын эгэл даруухан төрх. Гэлээ ч тэнд нөгөөх л хүнээ сонсдог, хүндээ үйлчилдэг хотын хөгжлийн нууц хадгалагдана. 67 гаруй мянган хүн амьдардаг, Хаунпү дүүргийн өмнөд хэсэгт байрлах энэ гудамжийг БНХАУ-ын Засгийн газраас машид анхаарч иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх ажлыг эхлүүлсэн юм билээ.

Хуучны, цахилгаан шатгүй баригдсан дээрх барилгад амьдардаг иргэдийн хүсэлтээр гадна талд нь давхар бүр рүү нэвтрэх шийдэлтэй цахилгаан шат суурилуулж, үүнийгээ гарын авлага болгон эмхэтгэн гаргажээ, тэд. Өөрөөр хэлбэл, лифт суурилуулахад сэргийлэх арга хэмжээ, ажлын явц, лифт сонгох явц зэргийг багтаасан “Үличяо загвар”-ыг бий болгосноор Хятадын олон муж тосгодод буй хуучны барилгууд лифт суурилуулах ажлыг нэгдэн хийж эхэлсэн аж. Гүнфан хорооллынхны шинэ туршлага үүгээр дуусахгүй ээ. Тэд хог ангилах, ялгах шинэ соёлыг мөн гудамжиндаа нэвтрүүлчихэж.

Үличяо гудамждаа иргэн, аж ахуйн нэгжийн хамтарсан “Дөрвөн навчит хошоонгор” хог ангилан ялгах сайн дурын үйлчилгээний баг байгуулагдаж, хог хаягдлыг ангилан ялгах аргыг олон нийтэд сурталчлан таниулж эхэлжээ. Хог хаягдлыг таван төрлөөр ангилж, худалдаалж, дахин боловсруулахаас гадна гал түймрээс сэргийлэх тоног төхөөрөмжөөр тоноглосон 24 цагийн харуул хамгаалалттай газарт ангилан боловсруулдаг туршлагаа бидэнтэй хуваалцав. Шилийг нь худалдан борлуулж, цаасыг нь дахин боловсруулах гэх мэтээр хогийг ч мөнгө болгож болох энэхүү сайн туршлага нь мөн л муж, хотуудад шинэ туршлага болон түгсээр байгаа ажээ. Хүнд ээлтэй нийгмийг бүтээхийн төлөөх метрополис хотын нэгээхэн хэсэгтэй танилцсан бидний нэг өдрийн аялал энд хүрээд өндөрлөсөн юм. Маргааш өглөө тэд ямар бүтээлээ, ямар шинэ туршлагаа, ямар нийгмийг бүтээж буйгаа харуулах бол...

Түмэн гэрлээр гялалзах Шанхай хотын тэг дундуур, дээр, дооргүй сүлжих автозамын нүсэр урсгал дундуур өдрийн явдалдаа ядарсан сэтгүүлчдийн багийнхан чимээ аниргүйхэн буудлынхаа зүг хөдөлцгөөв. Магад тэдний ухаан бодолд Улаанбаатар хотоо ийм болгох юмсан, улсын нийслэлдээ энэ туршлагыг нь нэвтрүүлчих юмсан гэсэн алс хэтийн хийгээд ойрын мөрөөдөл зурагдаж, түүнийгээ ч хэрхэн бичиж, буулгахаа тунгааж яваа нь дамжиггүй биз ээ.

Үргэлжлэл бий...