2023 оны зургаадугаар сарын 30-ны 14:30 цаг:
Тан улсаас хойш 1000 гаруй жилийн турш түүх хүүрнэн оршиж буй, наранд ойрхон хотод биднийг их үд өнгөрөөд очиход бүүдгэр манантай, бороотой өдөр угтав. Жижигхэн атлаа эртний Ром, өнөө цагийн буурал Европын хотуудыг санагдуулам загвар хийц бүхий хөшөө дурсгалаар арвин хот биднийг угтан авлаа.
Далай ер бусын амгалан, уйтгар төрүүлэм атлаа сүрдэм төрхөө харуулсаар угтав. Энэ өдөр бид Далайн эргийн амралтын бүс, аялал жуулчлалын үзэсгэлэнт жуулчны бааз зэрэг газруудаар орж танилцахаар товлоод байсан ч бороотой өдөр очоод дэмий гэсэн зөвлөгөөг дагаж, маршрутаа өөрчлөн Хятадын эртний хээтэй даавуу, модон бар зургийн музейгаар зочлоод гарлаа. 200 гаруй уран зурагт дуртай залуус нэгдэж анх модон бар зургийг урлаж эхэлсэн бөгөөд өөр, өөрсдийн урлагийн бүтээлүүдээ нэг өрөөнд авчран ярилцаж, зөвлөлдөж, мөн ном болгон хэвлэдэг байжээ.
Ийн явсаар модон бар зургийн сэтгүүл гаргадаг болж, тэр нь уран бүтээлчдийн анхааралд хүрснээр улсдаа ч түгэн дэлгэрч эхэлжээ. 1980 оны долдугаар сард эдгээр уран бүтээлчид нэгдэж, хуралдан энэхүү музейг байгуулахаар санал нэгджээ. Өдгөө тус музейг зорин очсон хүн бүхэн өөрийн хүссэн сэдвээр модон, чулуун бар зураг тэрлэж, өөрсдийн бүтээлээс хадгалуулах, бусдад ашиглуулах боломж нь нээлттэй хэвээр хадгалагджээ.
Тэгвэл, хорьдугаар зууны дунд үеэс хойш Чидүн хот нь хөвөн тариалалтаар улсдаа тэргүүлэгч байсаар иржээ. Тиймдээ ч даавууны соёл энэ хотод эртнээс дэлгэрч, уран зураг, хээ хуар бүхий цэнхэр даавуугаараа алдартай байсан түүхэн жимээр аялав. Бөс, даавууг нь Япон, Солонгос зэрэг дэлхийн бусад улс орнууд ч худалдан авдаг байсан учраас Чидүн хотын амжиргааны гол эх үүсвэр байсан гэхэд хэтийдэхгүй. 6-12 метрийн өндөр модон хэц дээр хээнд оруулсан бөсөө хатааж, түүнийгээ худалдаалан амьдарч байсан тэдний эртний түүхээр хэсэгхэн хугацаанд аялаад дараагийн маршрутдаа оров, бид.
Хэдийгээр далай эрэг дагуу бороо ихтэй байсан ч бидний зорьж очих ёстой дараагийн газар бол Тунжөү булангийн шинэ далайн гарцын Люйсы 2+2 боомт. Хөхмөрөний далайд цутгах хэсэгт орших уг боомт нь гүн усны эргийн шугамтай, газрын нөөц баялаг бүхий голын эргийн боомтуудын нэг.
Өөрөөр хэлбэл, ус нь гүн байдаг учраас 100 мянган тонны хүнд усан онгоц чөлөөтэй зорчих боломжтой гэнэ лээ. Мөн Шанхайд ойрхон учраас далайн тээвэр энд тултал хөгжихөөс гадна БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба зам стратеги” болон Хөхмөрөний гурвалжин хойгийн бүс нутгийн хөгжилд нэн чухал стратегийн боомт хэмээн төр засаг нь онцолжээ. Тиймээс тус боомтыг Дэлхийн жишигт нийцсэн боомт болгох зорилгоор 100 тэрбумын хөрөнгө оруулалтаар дэмжиж, гол бүтээн байгуулалтыг 2008 оноос эхэлжээ.
Бидний зогсож байсан газар гэхэд л чулуу, шороо нэмж чигжиж, далай дунд байгуулсан зогсоол байсан бөгөөд далавч хэлбэртэй байрласан 6 км салаа сувагт 50.000-100.000 мянган тонны хүчин чадал бүхий 60 гаруй усан онгоц хүлээн авах боломжтой зогсоол барьж байгааг албаны хүн нь дуулгалаа. 2020 оноос эхлэн Наньтун болон Чидүн хотын Намын хороо, Засгийн газраас дөрвөн том усан онгоцны зогсоол барих төсөл эхлүүлж, 18-хан сарын хугацаанд бүрэн ашиглалтад оруулснаар Хятадын түүхэнд хамгийн богино хугацаанд ашиглалтад оруулсан том төсөл болжээ.
Нөгөөтээгүүр, Люйсы боомт дан ганц усан замаар хөгжихгүй. Тиймээс дэлхийн жишигт нийцсэн гэх тодорхойлолтоо хадгалж үлдэхийн тулд усан замаа хуурай зам, авто болон төмөр замтай холбох төслийг хэрэгжүүлж, боомт руу шууд холбогдох авто болон төмөр замуудыг шинээр барьж байгуулж эхэлжээ. Өдгөө тус боомтод Шанхай, Жянсү, Наньтун гармын группуудын хамтран эзэмшдэг 100 мянган тонны багтаамжтай хоёр чингэлэг терминал, мөн тооны багтаамжтай хоёр зогсоол нь 2021 онд бүрэн ашиглалтад орж ажиллаж эхэлснээс хойш олон улсын 110 хөлөг, 18 дотоодын хөлөг онгоцыг зогсоолдоо оруулж, 400 мянган тонн ачаа тээвэрлэсэн амжилт үзүүлжээ. Өмнө хэлсэнчлэн, Шанхайд хамгийн ойр усан замын гарц учраас хуурай газраас усан зам бизнесийг “Хүтун экспресс” сувгаар бий болгож, долоо хоногт таван усан онгоц Люйсыгаас Шанхай руу нэвтэрч, бараа хүргэдэг болсон зэрэг бахархам амжилтаа бидэнтэй хуваалцав.
Өнө эртний түүхийн жимээр аялж, өв соёлтой нь танилцав
2023 оны долдугаар сарын 01-ны 13.30 цаг: Өглөө эртлэн Чидүн хотыг орхин гарсан бид гурван цаг гаруй замыг автобустай туулсаар Наньжин хотод ирлээ. Хятадын эртний түүх соёлын өлгий нутаг, тэр ч байтугай дэлхийн анхны хот тосгон ч энд байгуулагдсан гэх түүх бий. Наньжин бол монголчуудын өнө эртний танил хот. Монгол жинчид торгоны замаар жин тээж очин торго даавуу, нанжин чавга, нанж вандан хадаг тэргүүтнийг тээвэрлэж ирдэг байсан учраас Наньжин хоттой бид нэн эртнээс холбоотой байсаар иржээ. Хайртай залуугаа алсын жинд үдэж, хүлээн гансарсан бүсгүйн тухай ”Наньхүү хот” дууг ч мэдэхгүй монгол хүмүүн үгүй биз.
Балар эртний түүх хүүрнэх атлаа, найман сая хүмүүний аж амьдралыг залгуулж буй орчин цагийн сүрлэг том хот өнө эртний түүхээ, өнөө цагтай сүлэлдүүлэн ер бусын амгаланаар дүнсийн орших аж. Их үдэд найман сая хүн нь хаашаа орчихов гэмээр нам гүм, хөл хөдөлгөөн ч тун бага. Хоёр улсын сэтгүүлчдийн багийн эхний очсон газар нь “Бага Шихү нуурын түүхэн үзэмжит бүс”.
Мин гүрний үед энэ газарт цөөрөм байгуулсан бөгөөд үзэмж, орчин нь гайхалтай гоё байсан учраас Шихү нууртайгаа адилтган зүйрлэж, Бага Шихү хэмээн нэрийдэх болжээ. Манайхаар бол Гандантай тун төстэй гудамж. Наньжины хуучин хотын өмнөд хэсэгт орших уламжлалт орон сууцны түүхэн чухал бүсүүдийн нэг учраас яг тэр хуучнаар нь хадгалж, хамгаалахыг орон нутгийн Намын хороо чухалчилж үзжээ. Мин, Чин гүрний үед байгуулагдсан, 600 жилийн түүхтэй энэ бүс нутаг 46.900 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарна. Хотын түүхийг хадгалсан 28 түүхэн бүсийн нэг юм билээ.
Товчхондоо, Наньжин хотын ой санамж гэж нэрлэж болно. Сүүлийн жилүүдэд хот танигдахын аргагүй орчин үежиж, шилэн барилга байшин өдөр өдрөөс нэмэгдэхийн хэрээр хуучны хотын дүр төрхийг олж харах гэсэн жуулчдын цуваа ч тасрахаа больжээ. Биднийг очиход ч гудамжны урд хэсэгт жуулчдад зориулсан урлагийн тоглолт болж байв. Гудамжаар явахад хүмүүс дурсгалын зүйлс зарж зогсох нь олонтай таарав. Учрыг дуулах нь ээ, тэнд амьдардаг иргэд нь Засгийн газартаа өргөдөл бичсэнээр хуучны энэхүү гэр хорооллыг засаж сайжруулж, илүү цэвэрхэн тохилог, газар доогуур цэвэр бохирын шугам татах замаар орчин үеийн болгосон бөгөөд өөрсдөө гудамжиндаа дурсгалын зүйлс зарах, газраа түрээслэх замаар мөнгө олдог ажээ. Манайх ч Гандан орчмоо ийм байдлаар тохижуулчихаад жуулчид хуучны хүрээ хийд, хуучин Улаанбаатар хотын дүр төрхийг олж харахыг хүсвэл очдог газар болгож гэмээнэ дэд бүтэц татна, татахгүй хэмээн маргаж суухаас илүү ашиг олох боломжтой мэт санагдсаныг нуух юун.
Дэлхийн хамгийн урт, том атлаа эвдрээгүй эртний хэрэм
Бидний дараагийн очих газар ч энэ хотын ой санамжийн нэгээхэн хэсэг байв. Тодруулбал, 1366 онд баригдсан Наньжин-Мин гүрний хотын хана нь дэлхийн хамгийн урт, том, жинхэнэ эртний хэрэм ажээ. 25.1 км урттай хадгалагдаж үлдсэн хэрмийн Жүнхуа хаалга нь Мин гүрний 13 нийслэл хаалганы нэг аж. Барилгын нийт талбай нь 12.000 тэгш дөрвөлжин.
Наньжин хотын ханын музей нь Хятадын хамгийн том орон нутгийн хотын ханын сэдэвт музей юм билээ. Жүнхуа хаалганы цайзын ширхэг тоосго ч эмтэрч хэлтрээгүй, цэвэрхэн тохилог хэвээр хадгалагджээ. Дэлхийд хамгийн сайн хадгалагдаж үлдсэн хэрэм хэмээн онцолж бас болно. Хятадууд түүхэн эд өлгийн зүйлсээ сэргээн засварлахдаа ч хуучны хэв маягийг нь алдагдуулахгүйгээр завсарладаг юм билээ.
Ерөөс бидний очсон газар, үзсэн музей болгонд түүхэн эд өлгийн зүйлс, өв соёлын томоохон дурсгалаа яг стандартын дагуу хадгалж, хамгаалсан байсныг энд зориуд онцлох нь зүйтэй. Ингэж байж л өнө эртний түүхээ өнөө цагийн хүүхэд, залуустаа үнэн зөвөөр харуулж, үзүүлэх боломж бүрддэг биз. Музейн мэргэжилтнүүд маань ч зориод нэг очиход гэмгүй санагдсан шүү. Хотын музейд нь мөнөөх л эртний Хятадын өв соёл, эд өлгий, дурсгалын зүйлс байхаас гадна хотын хэрмийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн тоосгоо ч нандигнан хадгалсан байхтай тааралдав. Мөн Наньжин хотын түүхийг өгүүлэх богино хэмжээний хүүхэлдэйн киног таван минут тутам музейн нэг буланд байрлах дэлгэцээр хүүхэд багачуудад үзүүлэхээс гадна хэрмийг барьж буй ажилчдын түүхийг мини хэлбэрээр дүрслэн байршуулжээ.
Өнөөдрийн очих газрууд энд хүрээд өндөрлөж байна. Өнө эртний түүхийн жимээр аялж, өв соёлтой нь танилцаад гарч ирсэн биднийг оройхон харин хөл хөдөлгөөн дүүрэн орчин цагийн хот угтан авах нь тэр. Ерөөс хот гэдэг, орчин цагийн шинэ хотууд ч түүхээ тодоор бичиж үлдээхийн сацуу түүнийгээ зүлгэж өнгөлж, тэр зууртаа харин завсраар нь шинэчлэл хийдэг юмсанж. Бидэн шиг нэгийг босгох гэж нөгөөг нурааж, түүх өгүүлэх барилга байшингаа устгаж, түүнийхээ оронд шил шавар босгодоггүй юм байна шүү. Хотыг зөв төлөвлөж, тэлж байж хөгждөг болохоос өмнөхийг нь нураасан буурин дээр өөр нэгийг барьж, цементен ширэнгэ бий болгодоггүйг эндээс харж болох нь ээ. Чилийсэн долоо хоног нэг л мэдэхэд өнгөрч, Монгол, Хятад, Өвөрмонгол сэтгүүлчид маань ч хоорондоо ижил дасал болжээ. Нэгнээсээ ярилцлага авч, нөгөө хэдийнхээ зургийг аль гоёор дарж өгөх гэж уралдацгааж, хэн хөөрхөн, гоё гарснаа ярилцсаар маргаашийн аялалдаа бэлдэхээр өрөө, өрөө рүүгээ орцгоолоо.
2023 оны долдугаар сарын 02-ны 09.30 цаг: БНХАУ-д олон ч удаа томилолтоор очиход яг таг сурдаг ганцхан зүйл байдаг нь цаг баримталж сурах. Хятад сэтгүүлчид энэ талдаа тунчиг сүрхий. Бид ч мөн тэднээс дутахгүй цагаа баримталж, өглөө бүхэн товлосон газраа тогтсон цагтаа цуглах үед биднийг ахалж явсан н.Гэрэл даргын царайнд тунчиг бахархал дүүрэн инээд тодорно.
"Монголчууд цаг барьдаггүй, хоцордог" гэх мэт буруу ойлголттой ч байсан биз гэж дотроо сэтгэв. Шинэ цагийн залуусын харилцаа хандлага шал өөр болсныг алхам тутамдаа мэдрэх тусам биднээр бахархаж буйгаа байсхийгээд л ярих нь “хөөрхөн”. Наньжин хотод өнөөдөр сүүлийн газраар ороод найм хоногийн турш 5000 км аялсан бидний томилолт өндөрлөх учиртай. Олон хоногийн агаар, газрын аялалдаа ядарсан сэтгүүлчид маань өнөөдөр тунчиг цовоо сэргэлэн босоцгоожээ.
Гэртээ харих хонох хугацаа дөхсөн болоод ч тэрүү дуу шуутайхан автобусандаа сууцгааж өнөөдөр орох сүүлийн газар руугаа хөдөлцгөөв.
Биднийг “Янзы мөрний экологийн соёл иргэншлийн шинэчлэлийн төв”-ийн мэргэжилтэн угтаж авав. Хотын Засгийн газар, Наньжин Их сургуулийн хамтран байгуулсан тус төв нь экологийн нөхөн сэргээлт, ногоон технологийн инноваци, нүүрстөрөгчийн хэрэглээг багасгах зорилготой судалгааны газар юм билээ. 2021 онд тус төвийг Жянсү мужийн усны экологийн аюулгүй байдал, эрүүл мэнд, шинэ технологи, инновацийн төв хэмээн баталжээ.
Тус төв нь өдгөө Хөхмөрөний экологийн нөхөн сэргээлт чиглэлээр тун амжилттай шинэ туршлага, ололт амжилтуудыг гаргаснаар Хятад улсын хэмжээнд “Жянсү загвар”-ыг бий болгож чаджээ. Нуур, цөөрөм, голын усанд хэчнээн төрлийн амьтан байгааг өмнө нь тухайн амьтныг олж илрүүлж, судлах замаар тогтоодог байсан бол өнөөдөр харин уснаас дээж аваад л генийг нь судлан тогтоох замаар тоог гаргадаг болсон амжилттай ажиллаж байна, тэд.
Усны, ургамлын чиглэлийн маш олон эрдэмтэд энэ төвд ажиллаж, судалгаа шинжилгээний ажил хийхээс гадна олон улсын хурал, уулзалтуудад оролцож, өөрсдийн судалгааны бүтээл, шинэ туршилт, ололтоо хуваалцдаг хэмээлээ. Мөн цэвэрлэх байгууламжаас гарч буй саарал усыг эргээд хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах ажлыг ч тэд өдөр шөнөгүй хийж, ногоон хотыг бий болгох ажлаа нэр төртэй хийж буйтай танилцсанаар Наньжин хотын аялалаа бид өндөрлөв.
5000 км хамт байсан та бүхэндээ баярлалаа
Мөнгөн цагаан хөлөг биднийг эхэлсэн газар руу маань 2.30 минутын хугацаанд хүргэлээ. Агаарын даралт амаргүй, байсхийгээд л сэгсчүүлж, босох ч завдал өгөхгүй айлгаж, сандаргаж байсан ч зорьсон газраа саадгүй хүрч очсон биднийг өвөрмонгол ахан дүүс маань алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, уран тансаг бүжиг, уянгат дуутайгаа угтан авлаа. Найм хоногийн урт аялалд чилээрхсэн сэтгүүлчид маань шар тос нь хөвсөн сүүтэй цайгаа оочилж, хуушуур, буузаа идэн бие, сэтгэлийн чилээгээ нэгэн үдэш хамтдаа гаргалаа.
Олон өдрийн томилолтын үр дүнгээ ярилцаж, ололт амжилтаа хуваалцаж, “Улаанбаатарын үдэш”, “Алсад суугаа ижий” гээд нутаг орны сайхан дуу хуураар цалгисан нэгэн үдшийг Хятад, Монгол, Өвөрмонгол найзуудтайгаа хамт өнгөрүүлэв, бид. Тэр үдэш юу, юунаас илүү баярлаж, хөөрч байсан хүн бол биднийг ахалж явсан ӨМӨЗО-ны Ардын Засгийн хорооны Гадаад сурталчилгааны, албаны дэд дарга н.Гэрэл.
Арга ч үгүй биз. Арав хоногийн турш хүний, өөрийн нутгийн 50 хүнийг ахалж, удирдаж явна гэдэг хэцүү. Хэн нь өвдөх бол, хоол нь зохих болов уу, энэ халуунд дасах болов уу, нарших вий, хордох вий гэх мэтээр цаг ямагт санаа зовох хэрэг гарна. Тэгвэл аялалын туршид тийм зүйл гараагүй учраас ахалж, удирдаж явсан хүмүүсийн маань санаа сэтгэл ч амарч, тайвширсан нь илт. Монголын талаас ахалж явсан МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр найздаа бид мөнчиг олон өдөр эрхэлсэн дээ. Хэдэн сэтгүүлчээ ядраахгүй, уйдаахгүй, үзэх зүйл ихтэй авч явахын тулд “онигор нүд нь улам л онийтлоо ядарлаа даа” хэмээн бид цаашлуулна. Ахмад сэтгүүлчдийн маань ажилдаа чамбай, зарчимтай ханддаг тэр зан, залуу үеийхний харилцаа хандлага гээд хамт яваа нөхдөөсөө олон зүйлийг сурч, судалж, суралцсан 10 хоногийн аялал маань долдугаар сарын 03-ны өдөр Замын-Үүдэд ирснээр өндөрлөсөн юм.
Хүний нутгийн хөгжил дэвшилтэй танилцаж, шинэ зууны дэлхийн чиг хандлагын зах зухаас судалж, суралцсан 10 хоногийн үр дүнтэй томилолтын багт багтах боломж олгосон МСНЭ-ийн удирдлага, багт хамт олонд талархсан сэтгэлээ илэрхийлье. Өвөрмонголын Ардын засгийн Хэвлэл мэдээллийн албаныхандаа мөн талархал дүүрэн сэтгэлээ илгээе. Сэтгүүлчийнхээ нүд чихийг онгойлгож, цаашдаа олон ч удаагийн гадаад томилолтыг зохион байгуулахаар улс орнуудтай яриа хэлцэл хийж буй сайхан мэдээг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар томилолтын төгсгөлд дуулгалаа.
Сэтгүүлчид маань ч идэвхтэй хамрагдаасай. Буйдхан Монгол дотроо талцаж хэрэлдэж суух бус дэлхийн хөгжил дэвшилтэй танилцаж, нүд чихээ онгойлгоно гэдэг сэтгүүлч хүний хувьд том боломж. Үеийн үед тийм байсан, тийм байсаар ч дуусна. Монголчуудыг улс дотор нь зодолдуулах, хэдэн сэтгүүлчдийг нь нүдэн балай, чихэн дүлий байлгах ашиг сонирхол гэж байдаггүй л юм бол сэтгүүлч хүн нүдээр харж, чихээр сонсож, хөлөөр явж байж л хөгждөг гэдгийг зориуд онцолж хэлье.
Аялалын турш бидний мэдлэг мэдээллийг тэлэх гэж цуцалтгүй ярьж, орчуулж байсан Анхилам, Уул хоёртоо тусгайлан баярласнаа илэрхийлье. Хүний нутагт яваа биднийг өдөр бүхэн тав тухтай байлгахын төлөө хичээж байсан н.Гэрэл дарга, н.Цогт, н.Буянт нарт, аялалын компанийн баг хамт олон, бидэнтэй баг болон явсан Хятад, Өвөрмонгол сэтгүүлч зураглаач найз нартаа мөн талархлаа. 5000 км замыг хамтдаа туулсан та бүхэндээ бүгдэд нь баярлалаа. Аяны дөрөө нийлсэн 10 хоногийн турш бүтээсэн дурсамжаа цаг ямагт дурсацгааж, дараа дахин баяртай уулзахын ерөөл өргөе.
Төгсөв.
Эхний хэсгийг: https://dardas.mn/news/view/29123
Хоёрдугаар хэсгийг: https://dardas.mn/news/view/29138
Гуравдугаар хэсгийг: https://dardas.mn/news/view/29165 линкээр дарж уншаарай.