ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Энх-Амгалан: Багш нар 2.6 сая хүртэл цалин авах боломжтой гэснийг мушгин гуйвууллаа

O.Admin
2023-09-05

Өнгөрсөн Засгийн газын ээлжит бус хуралдаанаар багш нарын гүйцэтгэлийн 1-4 шатны үнэлгээгээр хамгийн сайн үнэлэгдсэн багшийн урамшууллыг 50 хүртэл хувь нэмэхээр тогтоол гарсан. Уг шинэ үнэлгээгээр сайн гүйцэтгэлтэй багшийн цалин, урамшуулал нийлээд 2, 673. 000 болох бүрэн боломж нээгдлээ хэмээн Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн билээ. Тэгвэл энэ мэдээллийг нь мушгин гуйвуулж, багш нар 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа мэтээр нийгэмд ойлгуулсанд Л.Энх-Амгалан сайд бухимдлаа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Миний хувьд багш нарын цалин 1000 доллар байх ёстой гэж анх удаа хэлсэн хүний хувьд ч тэр, өнөөдрийн байдлаар ийм цалин авч байгаа багш нараасаа үр дүн нэхэж чадахгүй байна гэж хэлдэг хүний хувьд ч тэр багш нарынхаа, эсрэг, тэр тусмаа өндөр цалин өгдөг гэж хэзээ ч ярихгүй.

Би баруун гурван аймагт ажиллаж байна. Өчигдөр БШУЯ-нд холбогдох статистик, цалингийн баталгаажсан мэдээлэлтэй дарга нар мэдээлэл хийсэн. Харин 29 жил ажиллаад найман сард 270.000 төгрөгийн цалин авсан гэж сошиалд намайг загнаад байгаа багш 3-4 өдрийн орсон цалингаа бичсэн байна лээ. Бас ч гэж багш хүн байж ингэж муйхарлаж, харлуулж болохгүй шүү.

Гүйцэтгэлийн үнэлгээ бол ямар ч багш өөрийгөө хөгжүүлж заах арга, ур чадвараа дээшлүүлж, шавь нарынхаа сурлагад ахиц дэвшил гаргасныхаа төлөө өндөр цалин авах боломж. Хуучин социалист үед байсан хэн сайн, хэн муу нь хамаагүй жигд цалин авдаг байсан хуучин тогтолцоо бол шударга бус, хэн нэгний үзэмжээр шийддэг тогтолцоо байсан.

Чөлөөт эдийн засгийн энэ үед хэн сайн өөрийгөө хөгжүүлж, чармайж, хэн нь хүүхдийн төлөө зүтгэсэн нь сайн цалин авна. Гүйцэтгэлийн үнэлгээ 1-4 гэсэн ангилалтай. Энэ ангилалд дээшээ доошоо хэлбэлзэх нь зөвхөн багшаас хамаарна. 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа багш нар байгаа. Бид зөвхөн. тогтолцоогоо, хандлагаа өөрчилцгөөе гэсэн том зорилтын өмнө хамт тулж ирээд байгаа юм шүү дээ" хэмээжээ. Өчигдөр БШУЯ-наас багш нарын цалингийн статистик мэдээллийг мөн мэдээлэв.

Тодруулбал, Засгийн газрын 2023 оны 241-р тогтоолоор Ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн цалин хамгийн бага нь 1 сая 273 мянган төгрөг, сургуулийн өмнөх боловсролын багшийн цалин 1 сая 337 мянган төгрөг болсон.

Үүн дээр нэмээд, дараах нэмэгдлүүдийг авдаг.

Мэргэжлийн зэрэг:

Зөвлөх - 20 хувь,

Тэргүүлэх - 15 хувь,

Заах аргач - 10 хувь

(Нийт багш нарын 58 - 62 хувь нь авч байна)

Докторын зэрэг: 20 хувь

(Нийт багш нарын 0,8 хувь нь авч байна)

Орон нутгийн: Аймгийн төв - 8 хувь,

Сумын төв - 10 хувь

(Нийт багш нарын 58 хувь нь авч байна)

Ур чадварын: 5-25 хувь

(Нийт багш нарын 21 хувь нь авч байна)

Төрийн алба хаасан:

Ажилласан жил тутамд - 1 хувь

(Нийт багш нарын 88 хувь нь авч байна)

Үүн дээр нэмээд

Анги даасан: 10 хувь,

ЗАН удирдсан: 5 хувь

Кабинет лаборатори хариуцсан: 5 хувь

Илүү цаг: үндсэн цалин, нэмэгдэл 1,5

Бусад нэмэлт чиг үүргийн нэмэгдэл авч байгаа.

Харин 2022 оноос хойш нэмэлтээр орж ирсэн гүйцэтгэл, үр дүнгийн урамшууллыг дараах аргаар бодож, олгодог. Тухайлбал,

I индекс /25 хувь/ – 947 багш

II индекс /20 хувь/ – 2982 багш

III индекс /15 хувь/ – 3351 багш

IV индекс /10 хувь/ – 5016 багш авсан.

V.VI индекс – 17028 багш шалгагдсан.

Дээрх нэмэгдлийг 2023-2024 оны хичээлийн жилээс дээд тал нь 50 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан.

Мөн нэг багш нэг жилд,

Хичээл практикийн зардал:

300,000 – 400,000

Мэдээлэл технологийн зардал:

150,000 – 250,000

Багшийн хөгжлийн дэмжих зардал:

185,000 – 280,000

Эрүүл мэндийг дэмжих зардал:

100,000 төгрөг авдаг" хэмээн мэдээлэл өгсөн юм.