Мал, тэжээвэр амьтдын тооллого улсын хэмжээнд эхэллээ. 2023 оны мал, тэжээвэр амьтдын тооллогыг арванхоёрдугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.
Түүхэн мэдээллээс дурдвал, Мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд зохион байгуулдаг байсан бол 1961 оноос эхлэн жилийн эцэст буюу арванхоёрдугаар сард тоолдог болсон. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан, малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага байдаг зэрэг давуу талтай юм.
Малын тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах мэдээллийн гол эх үүсвэр болгон ашигладаг бөгөөд салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой.
Мал тооллогын 2022 оны жилийн эцсийн дүнгээр малын тоо толгой 71.1 саяд хүрч, адуу 4.8 сая, үхэр 5.5 сая, тэмээ 470.5 мянга, хонь 32.7 сая, ямаа 27.6 сая толгой мал тоологдсон билээ.Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг уриалж байна.