ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Томуугийн тархалт дөрвөн аймагт УЛБАР ШАР түвшинд шилжжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-12-12

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-ийн төлөөлөл оролцож томуу, томуу төст өвчний нөхцөл байдлаас гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээ, зөвлөгөө мэдээллийг өглөө.

Энэ жилийн томуугийн улирлын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын хэлтсийн дарга н.Оюунчимэг мэдээлэл өгөв. Тэрбээр "Томуугийн өвчлөлийн тархалтын түвшинд тохирсон хариу арга хэмжээний хүрээнд эрүүл мэндийн байгууллага болон орон нутгийн засаг захиргааны байгууллагаас шаардлагатай хэвтэн эмчлүүлэх орны нөөц, мөн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн тодорхойлж, төлөвлөлтийг гаргаж ажилладаг. Эрүүл мэндийн яамнаас энэ жилийн томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг үндэслэн арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шуурхай багуудыг байгуулж, ажиллаж байгаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний газраас орны зохицуулалт хийхээс гадна эмнэлзүйн шуурхай багийг ахалж ажиллаж байна. Энэ хүрээнд өдөр бүр эрүүл мэндийн байгууллагуудын орны ачаалал, хэвтэн эмчлүүлэгсэд, тэр дундаа эрчимт эмчилгээнд эмчлэгдэж буй хүүхдүүдийн тоон мэдээлэлд үндэслэн хамтран ажилладаг тогтолцоотой.

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 15 ЭМБ 2126 хүүхдийг хэвтэн эмчлүүлэх орыг дэлгэн ажиллаж байна. ЭМЯ-ны харьяа байгууллагуудаас 751 ор, ХЗДХЯ болон БХЯ-тай зөвшилцөн 120 гаруй орыг харьяа эмнэлгүүдээс нь татан нийслэлийн хэмжээнд 1255 ор дэлгэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт 2345 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байна. Яаралтай тусламжийн эрчимт эмчилгээний тасагт 70 хүүхэд тусламж авч байна. Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлж буй хүүхдүүдийн 20-40 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн хувь нь зөвлөгөө мэдээлэл авч, анхан шатны эрүүл мэндийн төвийн хяналтад шилжин эмчлүүлж байна. Нийслэлийн түргэн тусламжийн дуудлага мэдээллийн тухайд арванхоёрдугаар сарын 11-ний байдлаар 1413 яаралтай дуудлагаас 483 нь хүүхдийн өвчлөлтэй холбоотой байна. Үүний 238 нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байсан бол үүний 4.6 хувийг эмнэлэгт шилжүүлэн хэвтүүлжээ” хэмээн мэдээллээ.

Ж.Байгалмаа: Дөрвөн аймагт томуугийн тархалт УЛБАР ШАР түвшинд очсон

/ХӨСҮТ-ийн захирлын үүргийг хавсран гүйцэтгэгч/

-Томуугийн тархалт улсын хэмжээнд идэвхжлийн буюу шар түвшинд байна. Нийт таван түвшнээс хоёрдугаарт байна гэсэн үг. 8610 хэвтэн эмчлүүлэгсдийн 22 хувь нь томуугийн гаралтай өвчнөөр эмчлүүлж байна. Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгууд улбар шар түвшинд буюу гуравдугаар түвшинд очжээ. Ковидын вирус эргэлтэд хэвээр байна. Томуугийн А хүрээний H3 вирус арваннэгдүгээр сарын дундуур ажиглагдаж эхэлсэн. Дэлхийн бөмбөрцөгийн хойд хагаст байрлах орнуудад энэ вирус ажиглагдсан. БНХАУ, Япон улсуудад өргөн тархалттай байна. Нийт арга иргэддээ хандаж хэлэхэд томуугийн улирал арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын дунд хүртэл идэвхжих тул амны хаалтаа сайн зүүж, урьдчилан сэргийлэх ахуйн энгийн аргуудаа хэрэглэхийг зөвлөж байна. 

П.Эрхэмбулган: ӨЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллана

/НЭМГ-ын дарга/

-Нийслэлийн хэмжээнд томуугийн өвчлөл нэмэгдэж буйтай холбогдуулан өрхийн ЭМТ болон дүүргийн амбулаторийг уртасгасан цагаар ажиллуулж байна. 12 дугаар сарын долооны өдрөөс эхлэн дүүргүүдийн ЭМТ-ийн Хүүхдийн кабинетийг томуугийн өвчлөл бууртал амбулаториуд ажлын өдрүүдэд 17-21 цаг хүртэл, бямба гарагт 12-18 цаг хүртэл ажиллуулах шийдвэр гарсан. НЭМГ-ын даргын тушаалаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 08-20 цаг хүртэл, бямба гарагт 15:00 цаг хүртэл ажиллана. Иргэд өвчлөл нэмэгдэж буйтай холбоотой хүүхдээ дагуулж шууд хүлээн авах дээр очихгүй ойр байгаа ӨМТ, дүүргийн ЭМТ-д хандахыг уриалж байна. Шардлагатай бол дараагийн шатлалын эмнэлэгт хандах нь шинэ вирус авахаас урьчилан сэргийлнэ. 

Т.Болормаа: Томуу, томуу төст өвчин нярай хүүхдэд хатгалгаагаар хүндэрч байна

/ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал/

-Хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч нарыг баг дүүргийн эмнэлэгт ажиллаж, эмнэлзүйн тандалт хийж байна. Хоёр долоо хоногийн өмнөөс А томуугийн вирусийн идэвхжлийн үе ажиглагдсан. Энэ удаагийн томуугийн эхэлж байгаа байдлыг харвал нярай хүүхдүүд хатгалгаагаар хүндрэх нөхцөл байдал ажиглагдаж байгаа тул анхны эмчийн үзлэгийн дараа заавал давтан үзлэгийг хоёр хоногийн дараа үзүүлэхийг зөвлөж байна. Өндөр халуурах, бөөлжих, хөхөндөө дургүй болох, унтаарах шинжүүд илэрвэл "аюултай" гэж үзэх тул яаралтай эмнэлгийн байгууллагад хандаарай.

Олон нийтийн газар бага насны хүүхдээ дагуулж явахгүй байхыг сануулж байна. Хүүхдийн дархлаа өөрөө онцлогтой. Иймд сайн унтуулах, хооллох, хэт дааруулж, халууцуулахгүй байх хэрэгтэй. Ханиадны шинж тэмдэг илэрвэл цэцэрлэг сургуульд явуулахгүй байхыг сануулж байна.