БСШУСЯ-ны харьяа, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн захирал Ц.Манахүү, тус сургуулийн сургалтын менежер О.Цэцэгмаа, С.Жаргалмаа нар нийлж багш нарыг ажлын байрны дарамтад оруулж байна, сурагчдаас хууль бусаар мөнгө хурааж авсаар байгаа, тус сургуульд багшаар ажил орохын тулд дор хаяж 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн авлигыг сургалтын менежерээр дамжуулан өгч байж ажилд ордог баримт, гэрч бидэнд байна. Энэ бүх булхай луйвартай үйлдлийг сурвалжилж өгнө үү гэх хүсэлтийг тус сургуулийн нэр бүхий таван багш манай сонинд ирүүлсэн юм.
Энэ дагуу Зургадугаар бичил хороололд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуульд очлоо. Тус сургуулийн багш нар ажил хаялтад нэгдсэн учраас сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа явуулаагүй байв. Сургуулийн төв байрны үүдэнд хоёр жижүүр сууж байсан бөгөөд багш нар өөр өөрсдийнхөө ангидаа ажлын цагт бүрэн байрлаж, нийслэлийн боловсролын газраас ирсэн шалгалтын хэсэгт цаг тутам бүртгүүлэн сууцгааж байна гэцгээв.
“23 багш түр тушаалтай ажиллаж байна”
Манай сонинд гомдол гаргасан багш Ч /нэрийг өөрчлөв/-тэй сургуулийн ойролцоох газарт уулзаж, нөхцөл байдлыг тодруулахад, тэрбээр “Манай сургууль 54 жилийн түүхтэй. Монгол Улсын түүхэнд алдар нэрээ дуурсгасан олон эрдэмтэн мэргэд, төрийн түшээд, урлаг, спорт, шинжлэх ухааны гавьяатыг төрүүлж, хүмүүжүүлсэн баялаг түүхтэй сургууль. Харамсалтай нь гурван жилийн өмнө Ц.Манахүү гэх хүүхэн захирлаар томилогдон ирснээр сургуулийн боловсон хүчний бодлого алдагдаж, хамт олны бүтээлч идэвх, урам зориг өдрөөс өдөрт хугарч, унтарч байна. Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа доголдсоныг сүүлийн хоёр жилд үзүүлсэн амжилт, ЭЕШ-аас авсан онооноос харж болно. Тус бүр 3-10 байраар ухарсан байгаа. Ц.Манахүү захирал зөвхөн 2018 онд л гэхэд шинээр 10 гаруй багш, ажилтныг ажилд авсан. Түүний өнгөрсөн хугацаанд ажилд авсан хүмүүсийнх нь 70 орчим хувь нь Увс аймгийнх байдаг. Шинээр ажилд орсон найман багшийн дөрөв нь л гэхэд Увсын хүн байна. Нутаг усаар ялгаварлах хандлага энэ сургуульд өмнө нь байгаагүй. Шинээр ажилд авсан багш нар нь багшлах эрхгүй ч тохиолдол ч цөөнгүй байгаа. Түүнчлэн багш, ажилтнуудын хурал дээр багш нартайгаа ёс бус харьцдаг. Элдэв муухайгаар доромжилж, нүүр рүү нь дэвтэр шидэж байсан удаа цөөнгүй бий. Багш ажилтнуудын гаргасан амжилтыг өөрийнх нь хөлс хүчээр бий болсон мэтээр өөрийгөө дөвийлгөж, өөрийгөө 2017 оны “Сургуулийн шилдэг ажилтан” хэмээн өргөмжилж, хүндэт самбарын хамгийн дээд талд зургаа байрлуулсан хүн. Би энэ сургуульд ажиллах хугацаандаа дөрвөн захирлын нүүр үзсэн. Гэхдээ түүн шиг бүдүүлэг, ёс суртахуунгүй хүнийг өмнө хаана ч харж байгаагүй гэсэн юм.
Тэрбээр энэ талаар ярьж байхдаа дуугаа султгаж, үе үе ойр орчноо харж байсан юм. Хэн нэгэн намайг энд байгааг харчихаад захиралд очоод матчих вий гэсэн сэтгэлийн айдас, дарамттай байгаа нь анзаарагдаж байлаа. Тэрбээр үргэлжлүүлэн “Манай сургуулийн захирал, эрхлэгч нар тавдугаар анги төгсөж буй сурагч нэг бүрээс “ҮЛДЭЭМЖ” 3000, есдүгээр анги төгсөгчдөөс 5000, 12 дугаар анги төгсөгчдөөс 10000 төгрөг хураан авахыг төгсөх ангитай багш нарт үүрэгддэг. Сургуулийн захиргаа сурагчдаас ямар нэгэн хандив татаас авахыг БСШУС-ын сайд энэ оны гуравдугаар сард гаргасан тушаалаараа хориглосон байхад л энэ ажлыг хийж байгаа. Хэрвээ тэр “ҮЛДЭЭМЖ” гэх мөнгийг нь бүрдүүлж өгөхгүй бол бидний тойрох хуудаст гарын үсгээ зурж амраадаггүй. Түүнчлэн хамран сургах тойргийн бус хүүхэд манай сургуульд бүртгүүлсэн тохиолдолд эцэг эхээс нь 150-200 мянган төгрөгийг хандив нэрээр хураадаг. Ажилд шинээр орж буй багш нараас 500 мянгаас нэг сая хүртэлх төгрөгийн авлига авч тушаалыг нь гаргадаг. Нэхээд байсан нэг сая төгрөгийн авлигыг нь өгч ажилд орсон миний мэдэх гурван багш байгаа. Чамайг тэдгээр хүмүүстэй би уулзуулна. Өнгөрсөн онд УИХ-аас Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтөөр ажлын байран дахь туршилтын хугацаа гэдэг зүйл байхгүй болсон. Гэтэл энэ хүн тус хуулийг зөрчиж 6-23 жил багшаар ажиллаж байгаа хүнийг туршиж байна гэдэг нэрийн дор түр тушаалтай ажиллуулж байгаа.
Та нар түр тушаалтай шүү. Би та нарыг хүссэн үедээ халж, зайлуулж чадна хэмээн дарамталж, эрхшээлдээ байлгадаг. “Одоо гар, зайл” хэмээн хөөгдөж туугддаг 23 багш байна. Нийслэл дүүрэгт амжилт гаргасан багш нарыг элдвээр шахан дарамталж, уралдаан тэмцээнээс авсан шагналын мөнгөө сургуулийн дансанд хураалга гэж шаарддаг. Тухайлбал, манай сургуулийн багш нар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны тэмцээнд хүүхдүүдээ сайтар бэлдэн оролцож, хоёр жил дараалан тэргүүн байр эзэлсэн. Тус амжилтыг нь үнэлж Нийслэлийн Засаг дарга эхний жил гурван сая, өнгөрсөн жил дөрвөн сая төгрөгийн шагнал өгснийг нь сургуулийн дансанд тушаа хэмээн удаа дараа дарамталсаар байгаад авч байсан. Багш нарынхаа хичээл зүтгэл, хүүхдүүдийнхээ гаргасан амжилтыг ингэж муухайгаар гутааж байгаа хүн. Мөн өнгөрсөн жилийн намраас эхлэн төгсөх ангитай бүх багш нарыг “Хурд” фото студиэр л хүүхдүүдийнхээ монтажийг хийлгэнэ шүү гэж шахаад байсан учраас арга буюу тэр байгууллагаар нь 18 бүлгийн 600 гаруй сурагч монтажаа хийлгэсэн. Нэг бүр нь 25 мянган төгрөгийн үнэтэй монтажийг тэр байгууллага хийсэн. Энэ хүний хийж буй хууль бус үйлдлүүдийг шалгуулахаар холбогдох дээд байгууллагуудад гомдол гаргахаар шалгаж арга хэмжээ авахгүй байгаа. Бид байнгын айдас дарамтан дор ажиллаж байна” гэсэн юм.
Тус сургуульд долоон жил багшилж байгаа хэрнээ түр тушаалтайгаар ажиллаж буй багш Ф /нэрийг өөрчлөв/-тэй уулзаж санал хүсэлтийг нь сонсоход “Намайг сонинд ярилцлага өглөө гээд л дарамталж эхлэх байхдаа. Өмнө нь хурал уулзалт дээр элдвээр хэлүүлж, дарамтлуулах үе зөндөө байсан. Би энэ сургуульд багшаар долоон жил тасралтгүй ажиллаж байгаа мөртлөө одоог хүртэл жинхэлж чадаагүй л байна. Уг нь Хөдөлмөрийн тухай хуульд хүнийг зургаан сараас дээш хугацаагаар туршин ажиллуулж болохгүй гэдэг заалт байдаг юм билээ. Харамсалтай нь манай захирал хуулийг өөрийнхөөрөө, дур зоргоороо тайлбарлаж жинхэлсэн тушаалыг маань гаргаж өгөхгүй байгаа. Хуулийн хүн авчирч ойлгож ухаартал нь сургалт явуулмаар санагддаг гэсэн юм.
“Нэг сая төгрөгийн авлига өгч ажилд орсон”
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуульд 2017 онд 20 орчим, энэ онд 10 гаруй багш шинээр ажилд оржээ. Өнгөрсөн жил тус сургуульд шинээр ажилд орсон багш Ц /нэрийг өөрчлөв/ “Ц.Манахүү захирал намайг утсаар дуудаад таныг ажилд авах боломж бүрдчихлээ. Таны тушаалыг ... өдрөөр гаргана. Та харин намайг тусалж дэмжээрэй гэж хэлсэн. Тусалж дэмжээрэй гэдэг нь гар цайлгах мөнгө өгөөрэй гэсэн утгатай болохыг тэр хүний царайнаас шууд ойлгосон. Тэгээд ах дүү нартайгаа ярилцсан чинь нийтлэг жишиг нь нэг сая болсон юм гэсэн. Тэр мөнгийг нь өгөөд ажилтай бол гэж зөвлөсний дагуу нэг сая төгрөгийг Ц.Манахүүд бэлнээр өгсөн. Би уг нь та дансаа өгчих шилжүүлчихье гэж хэлсэн чинь данс манс гээд яах вэ. Бэлнээр өгчих гэж шуудхан хэлсэн. Тэгээд нэг сая төгрөгөө өрөөнд нь орж өгсөн. Сүүлд ажлынхантайгаа нэлээн ойр дотно болоод нэг сая төгрөг өгч ажилд орсноо хэлсэн чинь “Та ханш өсгөчихсөн байна шүү дээ. Бид нар 500 мянган төгрөг өгч ажилд орж байсан гэдгээ хэлсэн” гэв.
Ц.Манахүү захирал БСШУ-ны сайд Л.Гантөмөрийн 2016 оны тавдугаар сарын 17-ны өдрийн тушаалаар Нийслэлийн лаборатори 28 дугаар сургуулийн захирлаар томилогдож байжээ. Тэрбээр өмнө нь 2000-2016 оныг хүртэл Нийслэлийн тэргүүний 48 дугаар дунд сургуульд бага ангийн багшаас сургалтын менежер болтлоо дэвшин ажилласан боловсролын салбарт 23 дахь жилдээ ажиллаж буй 45 орчим насны эмэгтэй аж.
Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс би тус сургуулийн захирал Ц.Манахүү, сургалтын менежер Б.Оюунбилэг, Ц.Мягмаржав, О.Цэцэгмаа, С.Жаргалмаа болон тус сургуулийн нягтлан бодогч н.Баярцэцэг нартай уулзаж багш нарын гомдолд дурдагдсан бүх мэдээлэлд хариу тайлбар авсан юм.
Ц.Манахүү: Ёс зүйн зөрчилтэй багшийг жинхлээгүй нь үнэн
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургууль захирал Ц.Манахүү “Олон эмэгтэй хүн ажилладаг байгууллагыг удирдана гэдэг хэцүү. Байнга л хов жив, дэл сул яриа гарч байдаг. Би боловсролын салбарт нийтдээ 23 жил ажилласан хүн. Багшаас эхлээд захирал болтлоо дэвшиж ажиллалаа. Намайг энэ сургуулийн захирал болсноос хойш Увсын хүмүүсээр энэ сургуулийг дүүргэлээ гэдэг яриа гарч л байсан. Би зөвхөн Увсын хүнийг ажилд аваад байсан зүйл байхгүй. Манай багш нар ажилдаа хэтэрхий хайнга, хэнэггүй ханддаг. Жишээлбэл, зуны амралтаа авсан багш намар наймдугаар сарын 31-нд би жирэмсний амралтаа авна гээд ороод ирж байсан удаа цөөнгүй бий. Нэгэнт хуульд заасан эрхээ эдэлж буй хүнд үгүй гэж хэлэх эрх надад байхгүй.
Гэхдээ хичээлийн тасралтгүй ажиллагааг хангахын тулд багшлах эрхгүй хүнийг түр гэрээгээр авч ажиллуулсан тохиолдол хэд хэд бий. Манай сургууль 2017-2018 оны хичээлийн жилд 2394 сурагч, 150 багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулсан. Үүний 115-117 нь багш байгаа. Түр тушаалтайгаар багшилж буй 20 гаруй хүн байгаа нь үнэн. Намайг захирлаар томилогдож ирэхэд түр тушаалтай байсан багш нарыг би жинхлээгүй. Яагаад гэхээр тэр багш нарын нэр дээр ёс зүйн гомдол ирсэн, мэргэшил ур чадварын хувьд хангалтгүй гэдэг үзүүлэлт гарсан байхад би жинхлэх ёсгүй. Жирэмсний амралтаа авсан, өвчтэй, чөлөөтэй, мөн багшийн сонгон шалгаруулалтад ороогүй хүмүүсийг би зургаан сарын хугацаанд туршин ажиллуулахаар түр тушаалаар ажилд авдаг. Гурван жил түр тушаалтай ажиллаж байгаа багш байгаа нь үнэн. Ёс зүйн зөрчилтэй, мэргэжил арга зүйн хувьд дутагдалтай хүнийг хүчээр жинхэлж болохгүй биз дээ” гэх тайлбарыг өгсөн юм.
Өнгөрсөн онд Хөдөлмөрийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр хүнийг туршилтын хугацаагаар ажилд авах, зургаан сараас дээш хугацаагаар туршин ажиллуулахыг хориглосон шүү дээ. Та яагаад энэ хуулийг биелүүлэхгүй байгаа юм бэ хэмээн түүнээс асуухад “Тэр хуулийн хэрэгжих хугацаа болоогүй байгаа. Энэ талаар би мэдэхгүй байна” гэсэн юм.
“Улсын ажлыг хийж авсан шагналаа хувьдаа авах ёсгүй”
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын нэрэмжит найрал дууны тэмцээнд манай сургуулийн багш н.Урантуяагийн бэлдсэн хүүхдүүд хоёр жилийн дараалан тэргүүн байр эзэлсэн нь үнэн. Би н.Урантуяа багш болон дуулаач хүүхдүүдийг нь дэмжиж бүх сургалтын менежерүүддээ эдгээр хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгах, дүнг нь муу гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллах үүрэг даалгавар өгч байсан.
Н.Урантуяа багш хувийн сургуульд ажиллаагүй. Тэр хүн улсын цалинг авч, улсын байранд ажиллаж, багш хүний гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснийхээ төлөө авсан шагналын мөнгөө сургуульдаа хураалгах ёстой гэж би үздэг. Бусад сургуулиудын багш, сурагчид тэмцээн уралдаанд оролцож авсан шагналын мөнгөөрөө хувцас хэрэглэл, узель аппаратур авдаг л юм билээ. Тэр дагуу нь би н.Урантуяа багшийн шагналын мөнгө болох 3.6 сая төгрөгийг сургуулийн дансанд хураан авч байсан. Тэгсэн чинь би төслийн шугамаар гэхдээ хувийнхаа зардлаар Япон улсад хоёр сар мэргэжил дээшлүүлэх болчихлоо миний тэмцээнд оролцож авсан шагналыг надад зээлээч гэхээр нь би зээлүүлсэн. Өнгөрсөн жил авсан шагналын мөнгөнөөсөө хүүхдүүддээ хувь хүртээсэн, бялуу амттан зэрэг зүйл авч өгсөн гэж байсан. Би тэмцээнд амжилт гаргасан багш нарт хэлдэг. Сургуулийн нэрийн өмнөөс оролцож авсан шагналынхаа тодорхой хувийг өөрсдөө ав. Харин үлдсэн хэсгийг нь заавал сургуульдаа тушаахыг л шаардаж байгаа. Энэ бол хууль ёсны шаардлага мөн хэмээн Ц.Манахүү захирал тайлбарлалаа.
Ц.Мягмаржав: Бид айргийн тавд багтдаг
Нийслэлийн лаборатори 28 дугаар сургуулийн сурагчдын ЭЕШ-ын үзүүлэлт сүүлийн хоёр жил дараалан доошилсон гэх асуудлыг тус сургуулийн сургалтын менежер Ц.Мягмаржаваас тодруулахад “Манай сургуулийн 2015 оны төгсөгчдийн ЭЕШ-ын ерөнхий дундаж 537 оноо хүрч байсан. Харин 2016 онд 521.1, 2017 онд 516.2, 2018 онд 517.6 гэсэн ерөнхий дундаж үзүүлэлттэй гарсан. Зарим нэг үзүүлэлтээрээ доошилсон, зарим нь дээшилсэн зүйл байгаа. Гэхдээ бид дүүргийнхээ айргийн тавд ямагт багтсаар ирсэн. Харин манай дүүргийн сургуулиуд ЭЕШ-ийн оноогоороо улсад хоёрдугаарт жагсдаг” гэв.
С.Жаргалмаа: Бид эцэг, эхчүүдээс бэлэн мөнгө авдаггүй
Сургалтын менежер С.Жаргалмаа “Манай сургуулийн нэгдүгээр ангид жил бүр 300 орчим сурагч элсдэг. БСШУСЯ-ны лаборатори сургууль болсноос хойш эцэг, эхчүүд манай сургуульд хүүхдээ сургая гэх болсон. Шинээр элсэж буй хүүхдүүдийн 10 гаруй хувь нь хамран сургах тойргийн бус байдаг. Тэдгээр хүүхдүүдийн эцэг эхчүүдээс 150-200 мянган төгрөг авч байсан удаа байхгүй. Харин ч эцэг, эхчүүд өөрсдийн санаачилгаараа бид та бүхэнд материал техникийн туслалцаа үзүүлье гэдэг хүсэлт гаргасных нь дагуу будаг, гэрэл гэх мэт бараа авхуулж байсан удаа бий. Өнгөрсөн жил бага ангид хүүхдээ элсүүлсэн нэг аав “Би буйдангийн компанитай хүн байгаа юм аа. Бага ангийн хүүхдүүд хувцсаа солихдоо сууж ашиглах буйдан өгмөөр байна” гэдэг хүсэлт гаргаад 11 жижигхэн цуваа буйдан авч өгч байсан. Сургуулийн захиргаанаас нэхэж шаардаад авхуулсан удаа байхгүй” гэх тайлбарыг өглөө.
Энд онд сурагчдаас 3.4 сая төгрөгийн “ҮЛДЭЭМЖ” авчээ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд дунд сурагчдаас “ҮЛДЭЭМЖ” гэх нэртэй татаас авдаг жишиг тогтжээ. Өмнө нь энэ мөнгийг Сонгинохайрхан дүүргийн IX сургуулийн захирал сурагчдаасаа авч байсан асуудлыг манай сонин хөндөн бичиж байсныг уншигчид санаж буй байх.
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн хувьд энэ жил V ангийн сурагчдаас 3000, IX ангийн сурагчдаас 5000, XII ангийн сурагчдаас 10000 төгрөгийн “үлдээмж” авчээ. Энэ жил тус сургуулийн 18 бүлгийн 600 гаруй сурагч “үлдээмж” өгсөн бөгөөд нийт дүн нь 3.452.000 төгрөг болсон байна. Харин өнгөрсөн жил 2.952.000 төгрөгийн “үлдээмж” хуримтлуулжээ. Тус сургуулийн нягтлан бодогч н.Баярцэцэгээс тэрхүү “үлдээмж” гэх мөнгийг хэрхэн хуримтлуулж юунд зарцуулсныг асууж, санхүүгийн анхан шатны баримтуудтай нь танилцлаа. “Үлдээмж” гэх мөнгийг А4 хэмжээтэй хатуу бор хавтастай баримт болгон жил жилээр бэлтгэсэн байв. Үлдээмжийг бүрдүүлэхдээ, төгсөх ангитай багш нар сурагч нэг бүрийн ард мөнгөн дүнг бичиж, гарын үсгийг нь зуруулан аваад бэлнээр сургуулийнхаа няравт тушаадаг аж. 28 дугаар сургуулийнхан өнгөрсөн хоёр жилийнхээ үлдээмжээр сургуулийн биеийн тамирын гадна талбайг бетоноор хучиж, сандал тоглоом суурилуулах ажлыг “Мөнгөлөг гацуур” ХХК-иар гүйцэтгүүлж, мөнгөний анхан шатны баримтыг ард нь хавсарган үдсэн байв.
Ц.Манахүү: Надад тус студийг багш нар санал болгосон
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагчдын гэрэл зургийн цомгийг зөвхөн “Хурд” фото студиэр хийлгэх үүргийг Ц.Манахүү захирал өгсөн хэмээн тус сургуулийн багш мэдээлж байсан билээ. Энэ талаар түүнээс тодруулахад “Би сурагчид зургийн цомог хийлгэж байгааг сайшаадаггүй. Намайг ажлаа авсны дараахан “Өнгөрсөн хавар сурагчдын цомгийг хийж өгнө гэсэн газар нь мөнгө аваад алга болчихлоо” гэдэг гомдлыг эцэг эхээс гаргаж байсан. Тиймээс найдвартай газрыг сонгох ёстой юм байна гэж би бодсон. “Хурд” фото студийг би танихгүй, мэдэхгүй. Яах вэ нэлээн олон сургууль тус студийг сонгож зургийн цомгоо хийлгэдэг юм байна. Энэ студиэр нэгдсэн журмаар төгсөх сурагчдынхаа цомгийг хийлгэе гэдэг саналыг зарим багш нар гаргасан учраас би багш нартаа санал болгосон төдий. Түүнээс биш албадаагүй. Нэгэнт олон хүүхэд цомгоо хийлгэсний хариуд нь тус студиэр бид хүндэт самбарынхаа зургийг л үнэ төлбөргүй солиулсан” гэв.
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 28 дугаар сургуулийн багш нарын өгсөн гомдлын дагуу сурвалжилахад ийм дүр зураг гарч байна. Намайг тус сургуулийн багш ажилтнуудтай уулзаад гарах гэж байхад Ц.Манахүү захирал “Би багш ажилтнуудаа дэмжиж тусалж ирсэн. Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөх гэж л ажилласаар ирлээ. Би багш ажилтнууддаа хатуу шаардлага тавьдаг нь үнэн. Нийгмийн ухамсар, ёс зүйг бүх шатанд дээшлүүлмээр, төлөвшүүлэх цаг болжээ” гэсэн юм.
Сургуулиас гарахын өмнө нь “Хүндэт самбар”-ынх нь дэргэд түр саатаж харахад, хүндэт самбарын хамгийн дээд эгнээний нэгдүгээрт “2017 оны сургуулийн шилдэг ажилтан Ц.Манахүү” гэсэн жаазтай зураг өлгөөтэй байлаа.